Дорнодынхон лоозон барьж Ерөнхий сайдыг угтлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08

 Засгийн газрын тэргүүн С.Батболд зүүн аймгуудад томилолтоор ажиллаж байгаа. Ерөнхий сайд болон дагалдах албан тушаалтнуудыг хур бороо дагаж явааг иргэд бэлгэшээж байлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Сүхбаатар Дорнод, Хэнтий аймгуудад дэд бүтцийн асуудлыг нааштайгаар шийдэж байгаа нь харагдсан юм.

Зүүн бүсийн гурван аймагт усны асуудал хамгийн хүнд байдаг. Засгийн газар энэ асуудалд анхаарч, хөрөнгийг нь шийдэж өгчээ  Тодруулбал, Баруун-Урт суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө буюу 286 сая төгрөгөөр ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсонтой Ерөнхий сайд танилцлаа.

Ерөнхий сайдтай уулзалт хийхэд иргэдийн хамгийн их сонирхож байсан асуудал нь Таван толгойн хувьцаа байлаа. Тухайлбал, Таван толгойн хувьцааг хэрхэн эзэмших, ногдол ашгийг ямар хэлбэрээр авах талаар иргэд лавлаж байсан юм. Мөн зарим настнууд хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авах санал ч гаргаж байлаа. Үүнээс гадна иргэд эрүүл мэнд, боловсролын салбарт илүүтэй анхаарахыг Ерөнхий сайдаас хүслээ. Эрүүл мэндийн салбарт шинэ хууль үйлчлэх цаг ирснийг ч сануулах хүн цөөнгүй байв.Ерөнхий сайд иргэдтэй хийх уулзалтаар зарим асуудлыг газар дээр нь щийдэж байгаа нь харагдсан.

Дорнодынхон өчигдөр Ерөнхий сайдыг уриа, лоозон барьж угтлаа. Иргэд "Орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлье", "Ард түмэн баялагтаа хяналт тогтооё",”Нефть боловсруулах үйлдвэрийг Дорнод аймагт байгуулъя" гэх мэт лоозон барьжээ. Орон нутгийн иргэдийн хувьд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих нь ч байв, эсэргүүцэж шүүмжлэх нь ч байлаа. Үүнээс гадна нийслэлд болсон Их хуралдайг эсэргүүцэж байгаагаа олон хүн илэрхййллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top