Лу.Болд, С.Болдхэт, Г.Батхүү нар оддын эрэлд мордов

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

“SBN”, ”NTV”, “Боловсрол суваг” гэсэн гурван телевиз нэгдэж "UBS" телевизийн захирал ноён Л.Балхжавын санаачилсан “Univers best songs” нэвтрүүлгийг давж гарах нүсэр шоу хийхээр урьд хожид дуулдаагүй их зардал гарган том хөдөлж байгаа гэнэ шүү. Дээрх гурван телевизийн санаачилсан “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг өнгөрсөн Даваа гарагт шалгаруулалтаа эхлэлээ. Монголд төдийгүй Азид анх удаа телевизүүд хамтран шоу хийж байгаа нь уг төслийн онцлог гэж зохион байгуулагчид ярьж байна. Гучин сая төгрөгийн шагналын сантай энэ шоунд дуулж бүжиглэхээс гадна тэр болгон бусдад үзүүлэх боломжгүй хэрнээ авьяас тэсвэр, нарийн мэдрэмж шаарддаг урлагийн бүх төрлүүдээр оролцох боломжтой гэсэн. Бүр мартагдах шахсан үндэсний язгуур урлагийн төрлүүд болох нуман хуур, цоор зэргээр ч тоглох хүмүүс байгаа гэнэ. Одоогоор 500 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд иймэрхүү төрлийн “амьд” шоунд шүүгчийн оролцоо, нарийн мэдрэмжийг илүү чухалд тооцон  шоу амжилттай болоход шүүгчээс 50 хувь нь хамаарна гэж үзэж байгаа аж. Ямартай ч дуучин Д.Болд, найруулагч Б.Баатар, загвар өмсөгч Э.Одгэрэл нарын торгон мэдрэмжээр уг шоуны оролцогчид дараа дараагийн шатанд тэнцэх эсэхээ шалгуулах юм байна.  Бидэнд  цэнхэр дэлгэцээрээ “Авъяаслаг Монголчууд”-аас хэн үндэсний хэмжээний од болохыг харахаас гадна “Univers best songs” болон "Авъяаслаг Монголчууд" хоёрын аль нь чансаатай, урт наслахыг  харах л  үлдлээ. Дээрх гурван телевизийн эздийг сонирхуулбал, "Боловсрол суваг" телевиз Лу.Болд сайдынх, SBN Наран трейдийн С.Болдхэтийнх, NTV телевиз УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийнх билээ. Тэгэхээр Монголын тэргүүн баячууд нийлж хөгжмийн зохиолч Л.Балхжавыг нам дарах зорилго тавьжээ гэсэн дүгнэлт хийсэн ч болохоор байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top