Мөнх тэнгэрийн гүн ухаан, ёс заншил, шүтлэг судлаач Д.Энхтөртэй үхэл, түүний нууцын талаар ярилцлаа.
-Та залуу хүн байж яагаад үхэл, сүнс, далд ертөннийг судлах болсон юм бэ?
-Энэ чинь амьдралтай нягт холбоотой шүү дээ. Үхэх, төрөх хоёр чинь сүнсний дэвшил юмуу, бууралтыг авчирдаг. Дэвшихийн тулд хүн шашны номыг судалдаг. Амьдрал гэдэг чинь тайлагдахын аргагүй асар том шинжлэх ухаан. Түүний нэгээхэн хэсэг нь төрөх, үхэх хоёр юм. Үхэл гэгч хоромхон зуурт явагддаг. Энэ нууцыг мэдсэн жирийн хүн төрөл арилжихдаа бүх насаараа номын мөр хөөсөн нэгнээс хэдэн ахин өндөр түвшинд очиж чаддаг.
-Үхлийн нууцыг судлах болсон шалтгаан чинь төрөл арилжихтай холбоотой байх нь?
- Хүний үхэл, биеэс салж байгаа сүнс нь асар нарийн шинжлэх ухаан. Дотроо 5-6 төрөл байдаг. Үүнийг өнөөгийн хүмүүс өнгөцхөн хүлээн авч байна. Нарийн судалбал асар том шинжлэх ухаан шүү дээ. Төрөл арилжих, бурхан болох нь маш нарийн явц. Эртний монголчууд тэнгэр, газрын хуулийг төгс мэддэг байсан. Зан заншил, амьдрал ахуйдаа энэхүү мэдлэгээ ашиглаж байлаа. Тиймээс ямар нэгэн үхэлд зөв зүйтэй хандаж байсан.
-Төгс ашиглаж байсан гэлээ. Тухайлбал, яаж ашигладаг байсан юм бэ?
-Их хүндтэй хүний нурууг нь хугалж хороодог байсан. Хаад ноёд ямар нэгэн буруу зүйл хийлээ гэхэд ийм аргаар егүүтгэдэг байв. Тангаргаа зөрчсөн увайгүй нэгнийг бүтээж үгүй болгодог байжээ. Хороох төрөл нь жирийн юм шиг боловч цаанаа үхлийн зааг нь асар нарийн явагддаг. Одоо цагт амьдралын нөхцөл байдлаас болж боомилж үхдэг хүмүүс байна. Энэ нь тэнгэртээ ч, газартаа ч хүлээж авдаггүй, хамгийн адгийн үхэл. Тиймээс монголчууд үүнийг хамгийн муу үхэл хэмээн сэжиглэдэг. Үүнтэй адил нуруу хугалж хороохын цаана асар нарийн шинжлэх ухааны ойлголт явдаг.
-Хаад ноёд, ихэс дээдсийн нурууг хугалж хороодог байсан нууц нь юу юм бол?
-Үхэл бол чөлөөлөлт. Сүнсийг чөлөөлөгч нь хүний бие болж өгдөг. Түүнийг монголчууд зүлд гэж ярьдаг байсан. Үүнийг эртний ухаанаар тэнгэрийн буу гэдэг. Биеэс сүнсийг чөлөөлөх тэрхүү явцад хүний дотоод дахь цэнэгтэй буу буюу бялт тэсэрч хүч ялгарснаар бие махбод, сүнс хоёр нь тасарч байдаг. Нурууг хугалж хороож байгаа нь нэг ёсондоо хүний ухамсрыг чөлөөлөхдөө бууг нь бааруулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ухамсрыг хааш нь ч явуулахгүйгээр тухайн газарт л оршоож байгаа юм. Буу тэсэрсэн тохиолдолд хүний сүнс сансар луу ч юмуу, тэр хүний хүслийг дагаж тухайн хэмжээст очно. Хаад ноёд, ихэс дээдсийн сүнс нь чөлөөлөгдөхгүй, газарт үлдсэнээр тэнд болж байгаа бүх зүйлийг харж, ухаарч байдаг. Тиимээс бурууг үйлдсэн ихэс дээдсийн сүнс хаашаа ч явахгүй, алдаагаа ухаарч, дараагийн зөв, ёст хүн болж төрөл авдаг. Өөрөөр хэлбэл, та ч, би ч энэ ертөнцөд заавал цаг хугацаатай ирдэг. Хороогдсон хүн үлдсэн хугацаандаа сүнс хэлбэрээр оршиж байдаг юм.
-Хүмүүс гүйдэлтэй газар гэж ярьдаг. Ийм зүйлээс болж тийм газар үүсдэг гэсэн үг үү?
-Яг үнэн. Гүйдэлтэй газар гэж явах замгүй болчихсон, зөвхөн тэр газартаа оршоогдсон сүнснүүдийг хэлдэг юм. Амьдралдаа муу үйл хийсэн хүний сүнс ч үүнд хамаатай. Хүн их муу үйл хийхээр сүнс нь биеэсээ гардаггүй. Өөрөөр хэлбэл, хаашаа ч явах замгүй болчихсон, завсрын ертөнцөд хавчигдсан гэсэн үг. Хүний төрөлд орж болохгүй, дээшээ ч, доошоо ч явж болохгүй ухамсрууд юм л даа. Дээр үед ил тавьж оршуулдаг байхад зарим талийгаачийн мах нь ялзарч дуустал сүнс нь тэнд байдаг. Бид мэдэхгүй ч үүнийг амьтад мэддэг. Шувуу, нохой хүний оршоосон зүйлийг иддэг шүү дээ. Гэтэл тухайн хүний биед сүнс байгааг мэдэж байгаа учраас зэрлэг амьтан идэхээр ойртдоггүй. Тэр бол муу бие. Үүнийг зод лам нар ном уншиж байж арилгадаг. Монголчууд сайн хүнийг ил тавихад нэг л хоноод алга болчихдог гэж ярьдаг шүү дээ. Яагаад гэвэл, сүнс нь тэртэй, тэргүй чөлөөлөгдчихсөн, түүнийг авч явж байсан бие махбод л үлдсэн учраас тэнд ямар ч хор хөнөөл байхгүй. Тиймээс маш хурдан алга болж байгаа юм.
-Тэгвэл Итгэлт хамбын энэ байгаа нь үхэл мөн үү, биш үү?
-Үхэл ч биш, амьдрал ч биш. Энэ хоёрын завсарт оршиж байгаа. Итгэлт хамбыг хэт туйлшруулаад үзмэр болгочихож байна л даа. Итгэлт хамба тухайн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөхгүй, асар их хавчигдаж байсан. Тухайн үеийн эрдэм номын чадалтай хүмүүс хоорондоо ямар нэгэн эрх мэдэл, суудал булаацалдаж байжээ. Иймээс Итгэлт хамбын авьяас чадварыг хүлээн зөвшөөрдөггүй хэсэг байсан. Харин Итгэлт хамба өөрийгөө хойч үедээ "Би ийм чадалтай шүү" гэдгээ нотлохын тулд амьдаараа үхлийн нэг төрөлд шилжсэн байна. Тэрээр "Намайг 70 жилийн дараа гаргаарай" гэдэг гэрээс үлдээсэн. Ийнхүү өөрийнхөө чадлыг хойч үеийнхэндээ одоо нэгэнт харуулсан. Гэтэл одоо үзмэр болгож байгаа нь буруу. Тэ-рээр дэлхий дахинд хүн эрдэнийн оюуны бясалгал гэдэг нь ийм гайхамшигтай зүйл гэдгийг харуулчихлаа шүү дээ. Тиимээс одоо Итгэлт хамбын ухамсрыг чөлөөлөх ёстой.
-Итгэлт хамбын ухамсар буюу сүнсийг нь яаж чөлөөлвөл зохих вэ?
-Буддын шашинд нууцууд бий л дээ. Тухайлбал, зомби босгох байна. Энэ нь үхсэн биеийг эргүүлж амилуулдаг юм. Үнэхээр чадалтай лам нар байвал Итгэлт хамбыг зомби босгох аргаар амилуулж хамгийн сүүлчийн гэрээслэлийг нь сонсох хэрэгтэй. Эсвэл Итгэлт хамбыг шууд чандарлах учиртай. Үнэхээр багш гэж хүндэлж байвал ийм аргаар тэр хүний сүнсийг биеэс нь чөлөөлнө. Одоогоор Итгэлт хамба тамд байгаа гэсэн үг. Хэрэв ярьж чаддагсан бол хүн болгоноос сүнсээ чөлөөлж өгөхийг гуйж байгаа. Миний бодлоор хамгийн зөв арга нь Итгэлт хамбыг дээд ёслолоор чандарлаж, сүнсийг чөлөөлөх хэрэгтэй. - "
-Дээд ёслолоор чандарлана гэдэг нь юу гэсэн үг вэ. Чандарлах зан үйлийг дотор нь ангилдаг юмуу?
-Нийгэмд гурван төрлийн хүмүүс бий. Эхний бүлэгт нийгмийн хөгжлийг хурдасгаж, дээд шатанд аваачиж байдаг эрдэмтэн, мэргэд гэгээрсэн хүмүүс. Энэ хүмүүсийг маш хүндэтгэлтэйгээр өндөр ёс заншлаар чандарладаг. Үүний нэг хэлбэр нь зулын гол болгох юм. Тиймээс Итгэлт хамбын биеийг зулын гол болгож, сүнсийг чөлөөлөх хэрэгтэйг буддын шавь нарт нь дамжуулмаар байна.
-Яагаад Итгэлт хамбыг ингээд байлгаад байна вэ?
-Буддизм дотор хүмүүсийг төөрөгдүүлж, буруу мэдээлэл, мөнгөнд уруу татах урсгал хэсэг байна.Үүнийг л зогсоох хэрэгтэй. Далд ертөнцийн мэдээллийг жирийн хүмүүс мэддэггүй. Лам нар уг нь бодит болон далд ертөнцийг холбогч гүүр нь байх ёстой. Гэтэл одоо цагт лам нар жинхэнэ мэдлэгээ гээчихээд, жирийн хүмүүст хаа сайгүй худал, мунхаг мэдээлэл түгээж байгаа юм. Үүний нэг жишээ нь, Итгэлт хамбыг байлгаад, үзвэр болгож буй явдал мөн. ”
-Монголд иймэрхүү тохиолдол бий юу?
-Бий шүү дээ. Тарвагатайн нурууны оргилд Гэсэр ламын суугаагаараа мөнхөрсөн дүр одоо хүртэл байна. Энэ хүний түүх ч гэсэн маш гайхамшигтай шүү дээ. Хүмүүс энэ талаар юу ч дуугарахгүй байгаа. Харин үүнийг даян аварга Т.Өсөхбаяр тордож, бунхалсан гэж дуулсан.
-Ингэхэд сүнс биеэс яаж гардаг юм бэ?
-Хүний биед оршдог 10 хий байдаг. Түүнийг сүн гэдэг. Хүнийг амьдруулж, хөдөлгөж байдаг 10 суваг гэсэн үг л дээ. Тэдгээр нь нэг нэгээрээ хүний биеэс мултарч гарснаар үхэл гэгч зүйл бий болдог. Нэг ёсондоо чөлөөлөлт, дэвшил явагддаг. Дотоод, гадаад хөдөлгөөнийг сүн хариуцдаг. Итгэлт хамба эдгээр сүнгээ биеэсээ гаргасан учир одоо дотор нь зөвхөн сүнс л оршиж байгаа. Энэ бол маш том чадвар юм. Амьд байхдаа өөрийн хүчээр дотоод хүчээ гаргасан гэсэн үг.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 3 )
Худлаа ярьж байна.
amid bgaa hvniig alah geed baidag hutsdag haltar we