Шүлэг: Энэтхэг бүсгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

Шаравын Сүрэнжав

Ардын уранзохиолч, төрийн шагналт Ш.Сүрэнжав 1938 онд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. МУИС-ийг 1963 онд, Горькийн нэрэмжит дээд сургуулийг 1981 онд төгсчээ. 1963 онд “Шөнө ургасан сарнай” ууган номоо хэвлүүлснээс хойш шүлэг, тууж, роман, дурсамж, кино, найраглалын гуч гаруй ном зохиол туурвисан манай үеийн шилдэг зохиолч билээ. МУЗД 74-р боть нь Сүрэнжавынх юм. “Цэц магнай”, “Тод магнай”, “Гарьд магнай” хэмээх кино зохиол нь олны үзэх дуртай кино болжээ. Нэрт найрагчийн олон бүтээл гадаадын хэлнүүдэд орчуулагдаад байна. 

 

Энэтхэг бүсгүй

Цохон дээрх мэнгэ нь Бодисадваагийн мэлмий

Цоргих алаг нүд нь Лавайд шигтгэсэн лүнтэн

Цовоо хөнгөн алхаа нь бүжгийн уран товшоо

Цолгио шингэн дуу нь бяларын яруу эгшиг

Сарсвади тэнгэрийн газарт буусан дүр

Сайхан Энэтхэг бүсгүй

Гарт өртөхгүй солонго

Саари дотроос ургасан дорнын уран сарнай

Саатан саатан хармаар дотны нэгэн царай

Буман хандын орны жавхаа болон тодорчээ

Буурал эртний дорнын зул болон туяарчээ

Бууж сууж хармаар

Адистадын гэгээнд нь

Бурхан багшийн орны

Ариун нутаг оршжээ                                                                                                

Гургалдайн жиргэсэн цэцэрлэгт нь                                                                            

Зугаалж нэг үзмээр                                                                                                

Гунхсан залуу охидтой нь бүжиг нэг наадмаар                                                                 

Гуч хүрээгүй насандаа бол гэрт нь нэг саатмаар                                                            

Гуунд хийж нандигнаад                                                                                                

Хоймроо тахиж тавимаар аа...

 

Залуу нас зүүдний үзэгдэл мэт

Залуу нас зүүдний үзэгдэл мэт

Сэтгэлийн дотор үе үе зуралзана

Заримдаа тийм сэн билүү гэж эргэлзмээр агаад

Сэрүүн өглөөний одон мичид мэт гялалзана

Хэн хэнтэй ярилцаж явсан

Хэн хэнтэй янаглаж явсан

Хэнийг хайрлаж, хэнийг үзэн ядаж явсан

Хэлүүлэлтгүй цөм сэтгэлийн дотор тодорхой

Үзсэн бүхэн зүүд гэлтэй

Нүдний өмнүүр ээлжлэн өнгөрнө

Үнэн атлаа худлаа, худлаа атлаа үнэн гэлтэй

Үүлэн чөлөөний нар залуу нас хоёр цуг дурсагдана

Уулзаж явсан бүсгүйчүүл хэн хэнсэн билээ

Учирч явсан нөхдүүд хэдийд хаана сан билээ

Номой дорой ч явсангүй дээ аагтай иртэйхэн л явлаа

Намуун даруу ч явсангүй дээ дуутай цуутайхан л явлаа

Нүнжигтэй шүншигтэй энэ хорвоод

Нөхөдтэй, дайсантай ч явлаа

Нүгэлтэй буянтай энэ орчлонд

Баяртай ч гунигтай ч явлаа

Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top