Шүтэн бишрэх нь хүмүүсийн эрх чөлөөний илэрхийлэл. Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд болсон болоогүй бөө мөргөл, шашны янз бүрийн зан зүйлийг сохроор даган дуурайх нь юунд ч хүргэж болдгийг сүүлийн үеийн эмгэнэлт явдлууд харуулж байна. 2011 оны босгон дээр Солонгост ажиллаж байсан нэгэн эмэгтэй байрныхаа гурван давхраас унаж нас барсан гэнэ. Үхлийн шалтгаан нь хуурамч бөөтэй холбоотой ажээ. Талийгаач Монголоосоо очсон нэгэн бөөгөөр засал хийлгэж бөөлүүлсэн юм байх. Тэр бөө нь түүнд юу гэж зөвлөсөн нь тодорхойгүй ч талийгаач тийнхүү амиа хорлохоос аргагүйд хүрсэн бололтой. Энэ явдлаас хэдэн сарын өмнө өөрийгөө бөө гэж өргөмжилсөн эр хүмүүст чадал чансаагаа үзүүлэн дөвчигнөхдөө түүдэг гал асааж дээгүүр нь хөл нүцгэн алхаж түлэгдсэнээс болж өвчин нь хүндэрч нас баржээ. Тэгвэл мөн нийслэлд Ф.Баянжаргал гэгч бөө 21 настай бүсгүйг “Удган болох тавилантай” хэмээн мунхруулж, ар гэрийнхэнийг нь “Мөнх тэнгэрийн хүч”-ээр далайлган баахан дарамталсан хэрэг илэрсэн юм. Тэрээр дөнгөж 31 настай. Боловсрол гээд байх гавьтай юмгүй. Дэнжийн мянгад амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байв. Жил гаруйн өмнөөс ойр хавийнхаа бөө нэр зүүсэн хэдэн хүнийг даган дуурайж яваад гэнэт “Бөө” болчихжээ. Намтар түүх нь гэвэл товчдоо иймэрхүү. Харин гэрийнхэн нь түүнийг бөө болж сүржигнээд явахад анхнаасаа дургүй байсан юм билээ. Нэг удаа ойрын хамаатан ах нь түүнд “Чи бол бөөгийн уншлага, дуудлага байтугай олигтойхон шүлэг ч уншиж чадахгүй хүн шүү дээ” гэж зэмлэж байв. Гэвч мөнгө олох үүнээс өөр амар хялбар арга зам түүнд олдсонгүй. Өөрийгөө бөө хэмээн элдэв юм ярихад хүмүүс итгэж, бишрээд байх шиг санагдаад байжээ. Тэгээд нэг өдөр найз залуугаа дагуулан явж байгаад Н.Гэрэлмаа гэдэг эмэгтэйтэй танилцсан байна. Гэрэлмаа тэднийг машиндаа суугаад засварын газар руу явах хооронд Ф.Баянжаргал “Чиний машинд албин чөтгөр байна” гэх зэргээр сүрдүүлж эхэлсэн гэдэг. Н.Гэрэлмаа угаасаа бөө, лам нарыг тоодоггүй тул ярьж хэлснийг нь ойшоосонгүй. Харин машин тэрэг янзалдаг гэхээр нь хэд хоногийн дараа машинаа засуулахаар болсон байлаа. Ингэж явахдаа Ф.Баянжаргал түүний дүү эмэгтэйгийн утсыг авч, цаашлаад тэдний ар гэрийнхэнтэй танилцаж амжжээ. Н.Гэрэлмаагийн нэг эмэгтэй дүү нь Солонгост ажиллаж байгаад ирсэн байв. Тэд сүүлдээ цөмөөрөө Баянжаргалд итгэж, бөөгийн сахиусаа авахад нь баахан мөнгө төгрөг, эд агуурсаар тусалжээ. Гэвч тусыг усаар, ачийг бачаар гэгч болсон байна. Мань эр Н.Гэрэлмаагийн бага дүү бүсгүйд дурласан хэмээн өдөр шөнөгүй утасддаг болж, хожим нь нэг өдөр “дурлалт” бүсгүйгээ нөгөө солонгосоос ирсэн дунд эгчийнх нь хамт гэртээ дагуулж аваачаад бэлгийн гаж үйлдэлд уруу татахыг оролджээ. Хоёрын хоёр, тэгэхдээ бүр төрсөн эгч дүү хоёртой нэгэн зэрэг бэлгийн харилцаанд орох гэж тэнэгтжээ. Ингээд адгийн луйварчин, бэлгийн гаж донтон гэдгээ илчилж орхив. Гэхдээ муу хүнд ч бас өөрийн гэсэн арга байдаг хойно доо. Үхэн хатан дурласан царай гаргасаар, дүү бүсгүйтэй нь суухгүй бол боож үхнэ гэж сүрдүүлсээр өнгөрсөн оны 11 сарын сүүлчээр Дарханд “хайртыгаа” дагуулан очоод гэмт хэрэг үйлджээ. Тэнд зочид буудалд байрлаж, бүсгүйд “Танай гэрийнхэн бид хоёрыг ойлгохгүй байна. Чи миний хатан болохгүй бол амиа хорлоно. Хоёулаа хамт үхнэ” гэж ятгаж архидан согтуурахдаа судсыг нь ханасан байв. Цус их алдсан бүсгүй үхсэн амьд нь мэдэгдэхгүй шахам эмнэлэгт хүргэгджээ. Харин ийм хэрцгийгээр гэмт хэрэг хийсэн Ф.Баянжаргалыг саяхан Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийнхэн мөрдөн шалгаад прокурорт шилжүүлсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Баянжаргал өөрийнх нь гарт амиа алдах шахсан бүсгүйгээр “Гомдолгүй” гэсэн бичиг хийлгээд прокурорт өгсөн тул ийнхүү шийдсэн юм байх аа. Ингээд бүх юм юу ч болоогүй мэт дуусаа гэж байна. Юу гэсэн үг вэ. Энэ бол хохирогчийн гомдлоор үүсдэг хэрэг огт биш баймаар юм. Яаж ч бодоод үзсэн санаатайгаар, урьдаас бэлтгэж хийсэн эрүүгийн ноцтой хэрэг байх учиртайсан.
Түүний адил саяхан Хурцжавхлан, Баяржавхлан гэгч ах дүү хоёр бөө бас л хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдоод ямар ч шийтгэл хүлээлгүй өнгөрлөө. Тэд цагаан сарын үеэр хотоос хойш ууланд хүмүүсийг аваачиж онгодоо дуудаж бөөлөх юм болцгоожээ. Орой болж хамт очсон гуч гаруй хүн тус бүрийн машинд чихэлдэн унтаж, хоёр нь тэр шөнө угаартан нас барсан байна. Ах дүү хоёр бөө тэднийг тийш дагуулаагүй бол ийм эмгэнэлт явдал болохгүй байсан гэж ар гэрийнхэн нь гомдоллож байгаа. Шүүхэд өргөдөл өгч шийдүүлэх гэсэн боловч бөө нарын хэргийг шийдэх боломжгүй гэжээ. Зарим хуульчид бөө нарын залилан, хүн амины хэргийг шүүн таслах хуулийн зүйл анги, заалт эрүүгийн хууль болон бусад хуульд байдаггүй гэсэн тайлбар тавьдаг гэнэ. Арай ч дэндэж байна аа. Хууль л бол хууль. Тэнд бөө, улс төрч, дарга гэж онцгойлон заасан зүйл анги гэж үгүй. Зөвхөн төрийн албан хаагчидтай хамааралтай заалтуудаас бусад нь шүү дээ.
Гэтэл ийм хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон нь өнөөх мөнх тэнгэрийн ивээл гэгч нь үү, эсвэл авлигын ид шид үү.
Б.Отгонбаяр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
baij bolohl ym
togolsii shuu
za za za buh yum oilgomjtoi tehleer zugeerel boo nariig ustgah huuli batalchih