Ерөнхийлөгч Медведевт утсаар мэндчилгээ дэвшүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар өнгөрсөн бямба гарагт утсаар ярьж, Монгол Улс, ОХУ-ын харилцааны зарим асуудлаар санал солилцжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчид Аугаа эх орны дайны ялалтын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Ерөнхийлөгчийн тангараг өргөж ажилдаа орсны гурван жилийн ой энэ өдөр тохиож буйтай нь холбогдуулан Д.А.Медведевт баяр хүргэсэн байна. Аугаа эх орны дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, үзүүлсэн тусламжийг Оросын ард түмэн үргэлж дурсаж байдгийг Ерөнхийлөгч Д.А.Медведев тэмдэглэж, энэ онд Монгол Улс, ОХУын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн түүхэн ой тохиож буйг онцолжээ. Ерөнхийлөгч нар Монгол, Оросын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэх арга замын талаар санал солилцсон байна. Одоогоос 20 жилийн өмнө Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь Оросын зах зээлд гарч байсан бол өнгөрсөн жилийн статистикийн дүнгээр манай экспортын дөнгөж гурван хувь ОХУ-д ногдож буй ажээ. Эдийн засаг, худалдааны харилцаа ийнхүү зогсонги байдалд орсныг өорчилж, Монголын талын худалдааны алдагдлыг бууруулах чиглэлээр хоёр талаас дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар Ерөнхийлөгч нар санал нэгдэж, энэ чиглэлээр Засгийн газрууддаа чиглэл өгөхөөр тохирчээ. Мөн Улаанбаатар төмөр замын хамтарсан нийгэмлэг байгуулах тухай 1949 оны гэрээг өнөөгийн нөхцөл, шаардлагад зохицуулан өөрчлөх, ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн тарифийн хэлэлцээрийг байгуулах асуудлаар ярилцаж, энэ асуудлаарх яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын үед тохиролцох үуднээс Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга нарын уулзалтыг даруй зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top