“Анод” банкны хэрэг шийдэгдэх дөхөж байгаа гэнэ. Гэвч саяхан тус банкны ТУЗ-ын гурван нөхрийг шүүхийн шийдвэрээр гэнэтхэн бариад хорьчихсон нь олны анхаарлыг татаж байна. Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нар Сүхбаатарын талбайд гэр барин Засгийн газартай зарга хийж байгаа. “Гал үндэстэн” холбооныхонд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлсэн нь голлон нөлөөлсөн гээд байгаа. Өөрөөр хэлбэл тэдний санхүүгийн луйврын хэрэг дээр улс төрийн “хэрэг” ийнхүү нэмэгдэх төлөвтэй болж байх шиг байна. 2003-2007 онд “Анод”банк тайлан балансаа хуурамчаар гаргаж, 3,7 тэрбум төгрөг зувчуулсан нь тогтоогдсон юм. Энэ мэт тэдний хууль бус үйлдлүүдэд тус банкны гүйцэтгэх захирал Л.Уламбаяр хамгийн идэвхтэй оролцсон. Мөн түүнээс дутахааргүй луйварчин бас одоо УИХ-д сууж байгаа тухай мэдээлэл бий. Тэр эрхэм нь Дамба-Очир гишүүн юм байна. Мань хүн анх “Анод”-д хувиасаа нэг тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж, дараа нь 2008 оны сонгуулиар 4,2 тэрбумыг зээлдэж аваад гол гаргасан нь нэгэнт тодорхой болоод байгаа ажээ. Гэхдээ тэр өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй эрх болон МАН-ынхаа далавчин дор туулай шиг хяраад хэвтэж байна. Харин саяхан цагдаа нар дээрх гурван эрхмийг Ганц худагт хорьж саатуулахдаа Л.Уламбаярыг хорилгүй наранд үлдээснийг хүмүүс ихэд гайхаж байгаа юм. Шүүгч, цагдаа нарын тайлбарлаад байгаагаар тэд үнэхээр хэргийг шалгахад хүндрэл учруулж болзошгүй бол одоо Л.Уламбаяр нь жинхэнэ ёсоор түүнийгээ хийж өгч байна бус уу. Иймд тэдний тайлбар үндэслэлгүй болох нь энэ мэтээс тодорхой харагдах боллоо. Гэхдээ Л.Уламбаяр нь УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцангийн дүү учраас Ганц худагт хоригдолгүй үлдсэн гэвэл бодит үнэнд илүү ойрхон буух байж дээ. Ер нь Д.Лүндээжанцан ах Л.Уламбаяр дүүгээ өнгөрсөн онд Ганц худагт хоригдох үеэс одоо хүртэл улаан цээжээрээ хамгаалж хаацайлсаар яваа нь энэ ажээ. Д.Лүндээжанцан ахын хамгаалалт тун хүчтэй байгаа юм байна даа.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )