Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 26

Нэгдүгээр сарын байдлаар хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 13.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгж хувиар өссөн байна. Энэ нь нэг талаас хадгаламжийн эх үүсвэр татах зардал өсч байгааг харуулж байна. Зарим банкуудаар жишээ болгон харвал активын хэмжээ хамгийн ихэд тооцогдох “Хаан” банкны нэг жилийн хугацаатай, энгийн хугацаат хадгаламжийн хүү 15.1 хувьтай байгаа бол “Хас” банкны энэ төрлийн хадгаламжийн хүү төрөл, хэмжээнээс хамаараад 14.1-15 хувийн хооронд тогтоод байна. Харин "Ариг" банкны энгийн хугацаатай хадгаламжийн жилийн хүү 15.4 хувьтай байна. Нийт хадгаламжийн хэмжээ нэгдүгээр сард өмнөх сараасаа буюу 12 дугаар сараас 1.2 хувиар буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч, 7.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Төгрөгийн хадгаламж нэгдүгээр сард өмнөх сараас буурсан бол гадаад валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор гадаад валютын хадгаламж энэ оны нэгдүгээр сард өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ гадаад валютын хадгаламжийн хэмжээ 2015 оны нэгдүгээр сартай харьцуулахад 9.6 хувиар буурчээ. Нийт хадгаламжийн 72.8 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байгаа бол 27.2 хувь нь валютын хадгаламж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top