Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүү 2 хувиар буурлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 01

2014 оны 11 дүгээр сараас Монголын Хөрөнгийн Биржээр дамжин арилжих болсон Засгийн газрын жижиглэнгийн Үнэт цаасны хүү анх арилжиж эхэлсэн цагаас хойш хоёр нэгж орчим хувиар буураад байна. Тухайлбал 12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ-ны хүү 2014 онд 15.795 хувийн хүүтэй зарлагдаж байсан бол хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт ижил хугацаатай Засгийн газрын үнэт цаас 13.635 хувийн хүүгийн түвшинд арилжаалагдсан байна. Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр 2014 оны 11 дүгээр сараас хойш 570.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг дотоодын хөрөнгийн биржээр дамжин арилжаалсан байна. Хамгийн эрэлт өндөртэй нь 12 долоо хоногийн хугацаатай буюу хамгийн богино хугацаатай үнэт цаас байна. Нэг удаагийн арилжаагаар хамгийн өндөр дүнтэй ЗГҮЦ-ны хэлцэл 2015 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 32.6 тэрбум төгрөг давсан нь 15.185 хувийн хүүгийн түвшинд арилжсан 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаас байжээ. Хамгийн эрэлт муу байгаа нь урт хугацаат буюу 3 жилийн хугацаатай ЗГҮЦ болж байна. Сүүлийн байдлаар 3 жилийн хугацаат ЗГҮЦ-ны хүү 15.75 хувьтай байхад богино хугацаат буюу 12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ-ны хүү 13.635 хувийн хүүтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top