Тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр даатгана

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 01

"Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК нь Монгол Улсын газар тариалангийн нийт бүтээгдэхүүний 94 хувийг дангаар эзэлж буй улаан буудайг туршилтын журмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Хүдэр сум болон Төв аймгийн Цээл сумдад даатгах нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгалыг хийх гэж байна. Улаан буудайн даатгал нь тариаланчдыг ургац алдах, улмаар  эдийн засгийн хохирол хүлээх эрсдэлээс хамгаалах зорилготой юм. Үүнд цаг уурын урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэлээс гадна их хэмжээний газар нутаг, талбай эзэлсэн ургамлын дам өвчний эрсдэл багтаж байна. Даатгалын үнийн хувьд харилцан тохирох ч ойролцоогоор нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр даатгах талаар мэдээллээ. Даатгалын хураамж нь аймаг, сумдад эрсдэлийн түвшнээс хамаарч 4-11 хувь байхаар тогтоожээ. Мөн даатгуулагч нь 40 болон 50 хувийн өөрийн хүлээх хариуцлагын түвшнээс сонголт хийж, үлдсэн хувь хэмжээг нөхөн төлбөрөөр хүлээн авах боломжтой болж байна.

Ийнхүү Монгол Улсад анх удаа улаан буудайн ургацыг даатгаж эхлээд байгаа бол "Хөдөө аж ахуйн давхар даатгал" ХК-д 2015 оны турш нийт 2 сая 663.4 толгой малыг малын индексжүүлсэн даатгалд хамруулсан байна. Өөрөөр хэлбэл улсын нийт малын 5.1 хувь даатгагджээ. Даатгалд хамрагдсан малын 42.77 хувийг хонин сүрэг, 47.6 хувийг ямаан сүрэг, 6.7 хувийг үхэр сүрэг, 2.7 хувийг адуун сүрэг, үлдсэн хувийг тэмээн сүрэг эзэлжээ. 2014 онд нэг малчин өрхийн төлсөн дундаж хураамжийн дүн 95 мянга 879 төгрөг байсан бол 2015 онд 126 мянга 153 төгрөг болж өссөн үзүүлэлттэй байгааг онцолж болохоор байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top