Урсгал тэнцэл жилийн 60 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 04

Монголбанкнаас 2015 оны жилийн дүнгээр төлбөрийн тэнцлийн эцсийн гүйцэтгэлийг танилцууллаа. Урсгал дансны алдагдал урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулахад 19.3 сая ам.доллараар өссөн бол хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 64.9 сая ам.доллараар буурсан байна. Мөн эцсийн гүйцэтгэлээр алдаа орхигдуулгын дүн 84.2 сая ам.доллараар буурсан өөрчлөлтүүд гарчээ. Аж ахуй нэгж байгууллагуудын IV улирлын санхүүгийн тайланг сүүлийн байдлаар урьдчилсан гүйцэтгэлийн дүнд нэмж тусгаснаар эцсийн гүйцэтгэл гарчээ. Урьдчилсан гүйцэтгэлд тусгагдсан уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тайлант улирлын үндсэн үйл ажиллагааны ашгийн таамаг тооцоо нь бодит гүйцэтгэлээс өндрөөр үнэлэгдсэнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүд урьдчилсан гүйцэтгэлээс ялгаатай гарсан байна. Мөн аж ахуйн нэгжүүд гадаадын банк дахь харилцах данснаасаа зээлийн эргэн төлөлт хийсэнтэй холбоотой гэж Монголбанкнаас тайлагналаа.

Урсгал дансны алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр -4.7 хувьтай тэнцсэн байна. Эцсийн гүйцэтгэлээр урсгал тэнцэл 567.1 сая ам.долларын алдагдалтай гарч жилийн 60 хувиар буурчээ. Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарсан нь жилийн 61 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Дэлхийн банкны үзэж байгаагаар Азийн Хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээл болон арилжааны банкуудын 257 сая ам.долларын гадаад зээллэг нь төлбөрийн тэнцлийн алдагдал буурахад голлох нөлөөг үзүүлсэн гэж дүгнэж байна. Төлбөрийн тэнцлийн дарамт 10-12 дугаар сард бага байсан учраас Төв банк 12 дугаар сард своп шугамын эргэн төлөлт болгон 234 сая ам.долларыг БНХАУ-ын Ардын банкинд төлсөн байна. ГВАН-ийн хэмжээ 2015 оны эцсээр өмнөх оноос 19.8 хувиар буурч, 1.32 тэрбум төгрөгт хүрээд байсан бол энэ хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6 хувиар суларсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top