Ази-Европын Дээд түвшний уулзалт буюу АSЕМ-ийн хуралд зориулсан бүтээн байгуулалтын ажлууд энэ сарын 15-наас эхлэхээр байгааг Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Хуралд зориулж "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хөөрч, буух зурвасыг өргөтгөх, нийслэл хотод 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж, зураг төслийг гаргасан байна. АSЕМ-ийн хуралд оролцохоор ирсэн 50 гаруй улсын Төрийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч, байрлуулах "АSЕМ Вилла" цогцолбор хотхоныг энэ оны тавдугаар сарын 10-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Одоогоор тус хотхоны барилгын ажил дуусаж, дотор тохижилт, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа юм байна. Хотхоны барилгын ажлыг хувийн хэвшлийн таван компани хамтарч, өөрийн хөрөнгөөр барьж байгуулж байгаа талаар Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Мөн зочид буудлуудаас "Чингис" зочид буудал өөрсдийн хөрөнгөөр Ерөнхийлөгчийн өрөөгөө тохижуулахаар төлөвлөж байгаа ажээ. Харин "Чингис хаан" нисэх онгоцны буудал нийт бэлтгэл ажлынхаа 90 гаруй хувийг хангасан бөгөөд онгоц байрлуулах талбайгаа өмнө нь 20 байсныг 34 болгож нэмэгдүүлсэн байна. Мөн транзит заалаа өргөтгөж, хүндэт зочдын танхим, хянан шалгах танхим, авто замын гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийжээ
Сэтгэгдэл ( 0 )