Гурван том арга хэмжээг нэгтгэх нь хэд хэдэн ач холбогдолтой

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 10

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” жил бүр, металл, эрдэс түүхий эдийн олборлолт болон металлургийн салбарыг хөгжүүлэх зорилготой “Metals Mongolia” хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн “Mine тech” үзэсгэлэн зохион байгуулагддаг. Тэгвэл олон улсын шинж чанартай уг гурван том арга хэмжээг нэгтгэн “Coal & Metals Mongolia” нэртэйгээр энэ жилээс эхлэн тавдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах болсон байна. Ийнхүү дээрх арга хэмжээнүүдийг нэгтгэж байгаа нь зах зээлийн хямралтай үед нэг тасалбараар гурван том арга хэмжээнд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн гаргаж буй компаниудад бизнесийн харилцаа холбоо өргөжүүлэх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй боломжийг бий болгоно гэж зохион байгуулагчид үзжээ. Харин энэ жилийн чуулга уулзалтаар гадаад зах зээлийн таагүй, хүндрэлтэй үеийг хэрхэн хохирол багатай давах, уул уурхайн түүхий эдээ хэрхэн нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болгох, уул уурхайн салбараа яаж хямралаас гаргах вэ  гэх зэрэг асуудлуудыг хөндөн ярилцах юм байна. Түүнчлэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрчим хүч, төмөр зам гээд дэд бүтцийн талаар ч хэлэлцэхээр болжээ.  

А.Чимгээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top