Дотоодын зах зээлд цементийн үнэ 37 хувиар буурах боломжтой гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 18

Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр харилцагч байгууллагуудынхаа дунд “Хэрэглэгч, Үйлдвэрлэгч-2016” уулзалт-өдөрлөг зохион байгуулах гэж байна. 100 орчим төлөөлөгчид оролцох уулзалтаар бүтээгдэхүүний чанар, цементийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлыг хөндөн хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Мөн харилцагч байгууллагуудын саналыг үйл ажиллагаандаа тусгана гэж тус компаниас мэдээллээ. Хоёр жил орчмын өмнө Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны хуурай технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан юм. Ингэснээр дотоодын зах зээлд цементийн үнэ 37 хувиар буурах бодит боломжтой болсон гэж Хөтөлийн Цемент үйлдвэрээс мэдээллээ. Тус компанийн хувьд үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглах зорилт дэвшүүлээд байна. Өнгөрсөн онд төлөвлөгөөнийхөө 60 орчим хувьтай тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд сая гаруй тонн цемент үйлдвэрлэж нийлүүлжээ. Ингэснээр улсын хэмжээнд цементийн импорт 46 хувиар буурахад бодитой нөлөөлсөн байна. Мөн өнгөрсөн онд Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр түүхэндээ анх удаа хамгийн их чулуунцар үйлдвэрлэсэн нь 450 мянган тонноор хэмжигдэж байна. Хуурай аргын технологиор үйлдвэрлэсэн цементийг Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, "Шангри-Ла" зочид буудал, "ASEM Вилла" хотхонд ашиглаж байгаа аж. Учир нь Монголд үйлдвэрлэсэн цемент илүү хурдан хугацаанд бэхждэг болохыг салбарынхан онцолж байгаа юм.

Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш буюу сүүлийн 32 жилийн хугацаанд нийт 4.9 сая тонн цемент, 1.3 сая тонн шохой, 2.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top