Сангийн сайд Б.Болор АНУ-ын Сангийн дэд сайдтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 18

Сангийн сайд Б.Болор АНУ-д хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Сангийн дэд сайд Рамин Толоуи, дэд сайдын орлогч бөгөөд Сангийн яамны Техник туслалцааны газрын дарга Ларри МакДоналд нартай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон хоёр улсын Засгийн газар,  Сангийн яамд хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор Монгол Улсын Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг үргэжлүүлэх, эхлүүлэх тал дээр бүрэн итгэлтэй, тууштай, хариуцлагатай ажиллаж байгаа бөгөөд уг асуудалд улс төрийн хүчнүүд, олон нийт санал нэгдэж буйг онцолж, улмаар хоёр улсын Сангийн яамны хооронд хэрэгжүүлж буй техник туслалцааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн өргөжүүлэх, тэр дотроо төсвийн төлөвлөлт, баялгийн сангийн удирдлагын чиглэлээр туршлага судалж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, татвар, гаалийн байгууллагын бүртгэл, хяналтын системийг сайжруулах техник туслалцааг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсанд Америкийн тал үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Сангийн дэд сайд Рамин Толоуи Монгол Улс Мянганы сорилтын сантай хоёр дахь шатны компакт гэрээг байгуулсан явдалд баяр хүргээд Монгол Улсын хувьд үндэсний орлогын үзүүлэлтээрээ ангилал ахиж, тусламжийг үргэжлүүлэн авах болзол хангахад хүндрэлтэй болсон хэдий ч дараагийн шатны гэрээ байгуулсан нь одоогийн Засгийн газрын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, ардчилсан засаглалын зарчмуудыг бэхжүүлэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг АНУ-ын Засгийн газрын зүгээс үнэлж буй нэг тод илрэл мөн болохыг онцолж, АНУ-ын Сангийн яам болон өөрийн зүгээс Мянганы сорилтын сангийн шинэ гэрээг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top