Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран 2006 оноос хойш "Малын индексжүүлсэн даатгал" төслийг хэрэгжүүлээд байна. Энэ хугацаанд дээрх төслийг 17.3 сая ам.долларын зээл болон 4.45 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлжээ. Үүнд Японы Засгийн газрын 1.3 сая ам.доллар, “First Initiative” санхүүгийн байгууллагын 0.35 сая ам.доллар, БНСУ-ын Засгийн газрын 0.7 сая ам.доллар, Швейцарийн хөгжлийн агентлагийн 2.1 сая ам.долларын буцалтгүй тусламж багтсан байна. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд давхардсан тоогоор 94 мянган малчин өрх даатгалд хамрагдаж, 8.1 тэрбум төгрөгийн хураамж төлсөн байна. Үүнээс 16.5 мянган малчин өрх 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авчээ. Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлсэн нь Засгийн газар, малчин өрх болон даатгалын компаниудад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Даатгалын компаниудын хувьд төсөл хэрэгжих хугацаанд хоёр тэрбум орчим төгрөгийн өгөөж авсан байна. Мөн нөөцийн сангаа бүрдүүлэхэд гол дэмжлэг болжээ. Малчдын хувьд ган, зуд зэрэг байгалийн хүчин зүйлээс учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн байна. Тухайлбал 2009 онд зуд болох үед нийт 4706 малчин өрх нөхөн төлбөр авсан нь 2014 оныхоос ойролцоогоор 3.5 дахин их үзүүлэлт юм. Харин Засгийн газрын хувьд даатгалаар дамжуулж малчдын талаар судалгааны сантай болсон байна. Малчдын амьжиргааны түвшин, малын тоо толгойг бодитойгоор тогтоож чадсан гэж Малын индексжүүлсэн даатгал төслийн газраас мэдээллээ
Сэтгэгдэл ( 0 )