Засгийн газрын бондын төлбөрийг дахин санхүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 25

“Credit Suisse” банкнаас олгосон 250 сая ам.долларын эх үүсвэрээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй гэж Сангийн яамнаас мэдээллээ. Харин дотоодод гаргасан Засгийн газрын бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх юм байна. Тиймээс өндөр хүүтэй дотоодын бондыг хямд өртгөөр татан төвлөрүүлсэн зээлийн санхүүжилтээр төлөх нь Засгийн газрын хувьд ашигтай хувилбар гэдгийг Сангийн сайд онцолж байна. Монгол Улсын Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг 5 жилийн хугацаатай авсан бөгөөд зээлийн хүү libor+6.25 хувь байна. Хүүгийн хувьд харьцангуй таатай нөхцөл болсон, харин дотоодод гаргасан Засгийн газрын үнэт цаасны хүү харьцангуй өндөр байгаа гэж Сангийн сайд үзэж байна. Монголын Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдаж байгаа нэг жилийн хугацаатай Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүү жилийн 14.941 хувьтай тэнцэж байгаа юм. Харин хоёр жилийн хугацаатай бондын хүү 15.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын үнэт цаасны 12 долоо хоногийн хугацаатай буюу богино хугацаат үнэт цаас эрэлт өндөр байгаа аж. Хамгийн сүүлд Монголбанкаар дамжин 4.5 тэрбум төгрөгийн 12 долоо хоногтой Засгийн газрын үнэт цаасыг 14.5 хувийн хүүгийн түвшинд арилжаалжээ. Харин лхагва гарагт 25 тэрбум төгрөгийн 52 долоо хоногтой Засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлснээс арилжаа хийх санал ирээгүй байгаа нь нэг жилийн хугацаатай бондын эрэлт бага байгааг харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top