Дулааны IV цахилгаан станц ашигтай ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 28

Дулааны IV цахилгаан станц ашигтай ажиллаж эхэллээ. Өнгөрсөн оны III улиралд тус станц 1.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол IV улиралд 3.8 тэрбум төгрөгийн борлуулалтын ашиг олсон байна. Мөн IV улирлын байдлаар 4.6 сая төгрөгийн орлогын татвар төлжээ. Дулааны IV цахилгаан станцын цэвэр ашгийн хэмжээ 120.3 сая төгрөг болсон байна. Өмнөх улирал буюу III улиралд татварын дараах алдагдлын хэмжээ нь 4.6 орчим тэрбум төгрөг байсантай харьцуулахад ийнхүү үзүүлэлт нь эрс сайжирчээ. Харин валютын ханшийн зөрүүнээс 20 сая төгрөгийн алдагдал хүлээсэн талаар Дулааны IV цахилгаан станцын тайланд дурджээ. Монгол Улсын хувьд эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, ашигтай ажиллах, улмаар бүтээгдэхүүнээ экспортлох бодлого баримталж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын эрчим хүчний системийн 70 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцыг үр ашгийг нэмэгдүүлэхээр Японы талтай хамтрахаар болоод байна. Япон улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-ийн хөрөнгө оруулалтаар 4.2 тэрбум иенийн төслийг 2018 он хүртэл хэрэгжүүлэх юм. Үүний үр дүнд 2019 он гэхэд Дулааны IV цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл 18 хувиар өснө гэж тооцоолжээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарын үр өгөөж нэмэгдсэн байна. Тухайлбал салбарын үйл ажиллагааны нийт зардал 27.3 тэрбум төгрөгөөр, хуримтлагдсан өр төлбөр 24.8 тэрбум төгрөгөөр буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top