Эрдэнэт хотын Дулааны Цахилгаан Станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхэллээ. Өргөтгөлд нийт 53.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд 45 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэн хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банк гаргахаар болжээ. Төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт хотын хэрэгцээг ирэх 15-20 жилд хангах боломжтой болно гэж салбарын яам мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар тус цахилгаан станцын хүчин чадал 36 МВт байгаа бол өргөтгөл хийгдсэнээр хүчин чадал нь 38-50 МВт-аар нэмэгдэх ажээ. Энэ нь тус станцыг 1987 онд ашиглалтад өгснөөс хойш хийж байгаа анхны шинэчлэлийн ажил юм. Төслийн гүйцэтгэгчээр Дулааны III Цахилгаан Станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Hunan Group” ажиллахаар шалгарчээ. Эрдэнэт хотод сүүлийн гурван жилийн хугацаанд 60 орчим жижиг, дунд үйлдвэр нээгдсэн төдийгүй орон сууцны хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа аж. Мөн Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил зэрэг томоохон ажлууд хийгджээ. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт, Дархан зэрэг хотын хэрэглээ жилд дунджаар 10 орчим хувиар өсч байгааг Эрчим Хүчний яам мэдээллээ. Үүнээс гадна Дархан хотын Дулааны Цахилгаан станцын өргөтгөлийн ажил мөн энэ оноос эхлэх хүлээлттэй байна. Төслийг Германы Засгийн газрын дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор төсөлд 20 орчим сая еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )