Ерөнхий сайд ”Монголын эдийн засгийн чуулган”-нд оролцож үг хэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 30

Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд үргэлжилж байна. “Сургамж, сорилт, шийдэл” уриан дор явагдаж буй форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ. Түүний үгнээс онцолж байна. 

Ерөнхий сайд үгээ Сорилт, Сургамж, Шийдэл гэсэн гурван багцад багтаасан юм.

 Нэг. Сорилт

 

  • Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо.

 

  • Анхны том сорилго “Азийн хямрал” нэртэйгээр 1998 онд ирсэн. Аз болоход тэр үед монголын эдийн засаг дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жаахан бүтэцтэй байсны хүчинд ард нь бид амархан гарсан.

 

  • Удаах хямрал 2008 онд ирсэн.

 

  • Дэлхийн эдийн засгийн бүтцэд багтаагүй байсны буянаар 1998 оны хямралыг гайгүй давсан. Харин  дэлхийн эдийн засгийн бүтцийн хэсэг болж орсны буянаар 2008 оны хямралаас гэнэтхэн гарсан юм.

 

  • Алс холын Австралид тохиолдсон байгалийн гамшиг Азийн Монголд завшаан болж хувирсан юм. Зэрэгцээд Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлж, 9,1 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ.

 

  • Эдийн засаг ч хямрахаа больсон, бид ч хүнээ байсан. Өмнөх хямралаасаа суралцахын оронд  хэрэглээгээ тэлэн тансаглах замд шилжсэн.

 

  • Монгол хүн болсны шагнал, гэрлэсний шагнал, хүүхэд гаргасны шагнал гээд юм бүхэн шагналтай, урамшуулалтай болж 4 тэрбум  монгол төгрөг биш, ам долларыг хувааж авлаа.

 

  • Харамсалтай нь хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан.

 

  • Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа.

 

  • Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан.

 

 

Хоёр. Сургамж

 

  • Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2011 онд Таван толгойгоо хөдөлгөсөн бол тэр үед Төмөр Замаа  бариад эхэлчихсэн бол 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр  нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа.

 

  • Намаараа, улсаараа,  нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна.

 

  • Хөрөнгө босгохоор өрөнд орууллаа гэхээр хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.

 

  • Үндэсний үйлдвэрлэгчээ мөлжигч гэхээр хэн үйлдвэрлэх болж байна аа.

 

  • Баялаг бүтээгч, татвар төлөгчдөө олигархаар нь дуудахаар баялаг яаж бүтээх вэ. 

 

  • Нэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хугацаанд өндийлгөж бардаггүй болохыг бид харлаа.

 

  • Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск - халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.  

 

Гурав. Шийдэл

 

  • Монголчууд бид 1921-2012 оны хооронд 2 зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа.

 

  •  Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Нэг хэсэг нь Мянганы зам гэж зөндөө ярьсныг, нөгөөдөх нь Мянганы замыг жинхэнээсээ байгуулсныг зөвхөн эндээс харж болно.  

 

  • Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна.

 

  • Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн рекламыг өнөөдөр олон сонсч байгаа байхаа.

 

  • МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ.

 

  • Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах 4.9 тэрбум долларын зээл  байна.

 

  • Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай.

 

  • “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. 

 

  • Өрийн тухай яриагаар  өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө.

 

  • Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.

 

  • Бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна.

 

  • Өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох 3 дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө.

 

  • Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ.

 

  • Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана.

 

  •  Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.

 

  • Сорилтоо мэдэрсэн, сургамжаасаа суралцсан, шийдлээ олсон олон ажил, асуудлын ард хамтдаа гарцгаана гэдэгт эргэлзэхгүй байна.

 Монгол эх орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээх болтугай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LUIVARCHIDAD(213.162.68.40) 2016 оны 03 сарын 30

IIMERHUU ULIN HUZALTIIG SONSOHOOROO NEG BOLSON ZAILJ UZ SAIHANBALAI LUIBARCHIN

0  |  0
ИРГЭН(59.153.115.197) 2016 оны 03 сарын 30

зар:баянгол дүүрэг 02-р хороо ханбүрэгдэй дэлгүүрийн хашаан дотор баригдсан байр яарлтай зарна.Харилцах утас:99016091,88088474-руу залгаж асууж болно =D>

0  |  0
ИРГЭН(59.153.115.197) 2016 оны 03 сарын 30

зөв шүү =D>

0  |  0
оюун(112.72.15.61) 2016 оны 03 сарын 30

үнэхээр онож хэлжээ. ингэж хэлээд байхад ойлгохгүй байвал өөрийгөө тэнэгийн дээд тэнэг нэж бодоод дуугай байсан дээргүй юу????????

0  |  0
Top