Туул гол хавраас хаварт нарийсан тасалдах боллоо. Энэ нь байгалийн жам гэхээс илүүтэйгээр хүний үйл ажиллагаанаас шууд шалтгаалж байгаа юм. Учир нь жил бүр барилгын улирал эхлэхээр Туулынхаа усыг тогтоогч хайргыг олборлохоор аж ахуйн нэгжүүд улайрах болж. Зөвхөн энэ жилийн эхээр тус дүүрэгт хайрга олборлох тусгай зөвшөөрөл хүсч 30 гаруй аж ахуйн нэгж хандсан гэнэ. Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэгээс энэ талаар тодрууллаа.
-Танай дүүрэг Туулын эргээс хайрга олборлож байсан компаниудын замбараагүй ажиллагааг хоёр жилийн өмнө нэлээн сайн цэгцэлсэн. Гэвч өнөөдөр ахиад л шинээр зөвшөөрөл хүсэх аж ахуйн нэгжүүд олширсныг хэрхэн тайлбарлах вэ?
-2014 онд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцээд олон карьерын ажлыг зогсоосон. Учир нь зам байхгүй газраар явж, эмх замбараагүй байдлаар Туул голынхоо эргээс маш олон компани хайрга олборлож байсан юм.
12,13,14 дүгээр хорооны Засаг дарга нар Иргэдийн төлөөлөгчийн хуралд санал тавиад 2014 оны гуравдугаар сард шийдвэр гаргаж, зогсоохыг нь зогсоож, лацдахыг нь лацадсан. Үүний араас маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Бүүр Засгийн газарт хүртэл асуудал тавьсан байсан. Бид гаргасан шийдвэртээ бат зогссон. Үүний хүчинд олон жил замбараагүй байсан зүйлийг цэгцэлж замбараатай болгож, технологийн зам хүртэл бий болгосон. Бидний зүгээс улс орны хөгжлийг хойш татсангүй. Ард иргэдийнхээ эрүүл, цэвэр орчинд амьдарч, аюулгүй хүнс идэх нөхцөл боломжоор хангахын төлөө ажилласан. Манай дүүргийн хэрэгцээт хүнсний ногооны 50-60 хувийг нь 12, 13, 14 дүгээр хороонд тарьдаг. Гэтэл тарьсан ногоо нь өглөө оройгүй давхиж байгаа том даацын машины нарийн шороонд дарагдаж иргэд тэвчихээ байгаад ийн хүсэлт гаргасан. Бид ч иргэдийнхээ талд асуудлыг шийдвэрлэсэн. Ингээд овоо цэгцэндээ ороод явж байтал 2015 оны сүүлээр 18 аж ахуй нэгж хайрга олборлох зөвшөөрөл авчихсан байлаа. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын 27-нд 38 компани болчихсон бидэн дээр асуудал нь орж ирсэн. Үнэхээр цочирдсон. Тэгээд хурлаараа хэлэлцээд "зөвшөөрөл өгөхгүй ээ. Иргэдийнхээ эрүүл мэндийг бодно. 12.13.14 дүгээр хороод маань удахгүй суурьшлын бүс болох гэж байна" гэсэн шийдвэр гаргасан. Био, Шувуун фабрик, Өлзийт гэсэн үг шүү дээ.
-Гэтэл энэ асуудал шүүхэд шилжжээ. Яагаад тэр вэ?
-Бид найман жил Хан-Уул дүүргийг удирдах хугацаандаа ийм байдалд үнэндээ орж байсангүй. Иргэдийн нийтийн хурлаараа хороод маань хэлэлцээд хайрганы карьерын зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Бид ч үүнийг хавсаргаад Иргэдийн хурлаараа ижил шийдвэр гаргасан. Гэтэл манай тэргүүлэгчдийг эдгээр аж ахуйн нэгж Захиргааны хэргийн шүүхэд өгсөн л дөө. Бидний шийдвэрийг тухайн компаниуд хууль бус, таамаг төдий гэсэн байна билээ. Гэтэл бидний зүгээс хүсэлт гаргасан компани бүрээр нэг бүрчлэн хэлэлцэж, газрын албаныхаа мэдээлэл дээр үндэслэн хэлэлцүүлэг хийсэн. Бидний шийдвэрийг мөн хурлынх биш тэргүүлэгчдийнх гэсэн байна билээ. Гэтэл хурлын эрх мэдэл Тэргүүлэгчдэд шилждэг цаг үе гэж бий. Хууль нь ч бий. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аливаа асуудлыг ИТХ-д оруулах эрхтэй. Засаг дарга маань ч бидний талд байгаа. Карьерын зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай.
-Туул гол тасарч байна гээд хэвлэлийнхэн бичээд байдаг. Гэтэл яахаараа Туулаас хайрга олборлоно гэж орж ирдэг юм бэ. Зөвхөн танайх гэлтгүй холбогдох яам нь бас шийдвэр гаргах ёстой биз дээ?
-Уг нь байгаль орчны үнэлгээ янз бүрийн юм хийлгэсэн байх гэж бодох юм. Та бүхэн хар л даа. Туул гол маань тасарч байна. Магадгүй энүүгээр Туул гол урсч байсан юм гэнэ лээ гэж ярихад хүрэх нь. Биогийнхон маань өнөөдөр өмхий ус ууж байна. Мэргэжлийн хүмүүст нь бид хандсан байгаа. Нийслэлийн ундны усны эх болсон Туул гол маань үнэхээр хэцүү байдалд орчихлоо. Би өөрөө уул уурхайн салбарт ажиллаж байсны хувьд мэдэж байна. Алтны уурхайг ашиглачихаад нөхөн сэргээлт хийж болдог. Гэтэл хайрганы карьерт нөхөн сэргээлт хийж болохгүй. Бүх чулууг нь авчихаар эргээд яаж нөхөн сэргээлт хийх вэ. Усыг тогтоож байдаг хайргыг үгүй болгочихоор яаж устай байх юм бэ. Одоо 50-60 компани хайрга олборлох тусгай зөвшөөрөлтэй байгаа юм билээ. Гэтэл ахиад 38 компанид зөвшөөрөл олгоно гэдэг байж болох уу. Иргэдийнхээ санал бодлыг өмгөөлсний төлөө яахаараа бид шүүхэд дуудагдах билээ. Бид чинь иргэдээсээ тэдний санал бодлыг хамгаална гэж сонгогдсон юм шүү. Энэ чинь зөвхөн Хан-Уулынх биш, улаанбаатарчуудын ундны устай холбоотой. Гэтэл үүнийг ухамсарлах нь байтугай биднийг шүүхэд өгөөд явж байна. Гуравдугаар сарын 10-даар биднийг шүүхэд өгсөн. Гэхдээ шүүх иргэдээ бодсон эрүүл саруул шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Зөвхөн өнөөдрөөр амьдраад дуусахгүй шүү дээ. Үр хүүхэд, төрөл төрөгсөд байна.
-Сүүлийн жилүүдэд Нутгийн өөрөө удирдах байгууллага маань нэлээн эрчтэй бас чанга дуу хоолойтой үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл шүүхэд дуудагдаад байдаг?
-Хувийн байгууллага өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ингэж яваа нь харамсалтай байна. Миний оролцож байгуулахыг зорьсон, байгуулж байгаа нийгэм маань хүний, иргэний нийгэм байх ёстой. Иргэд нь хүчтэй дуу хоолойтой байх ёстой. Тиймээс би өөрөө ч нутгийн удирдах байгууллагаар мэргэшиж хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Иргэд маань бид чинь эзэн байж болдог юм байна гэдгийг мэдэрч байна. Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж, нутгийн өөрөө удирдах байгууллагаа өндөр төвшинд хөгжүүлж, өөрийн гэсэн бүтэцтэй болголоо. Гэтэл өнөөдөр энэ карьерын асуудлаас болоод иргэдийнхээ өмнө хэлэх үггүй болох нь.
-Тухайн компаниудтайгаа уулзаж үзэв үү. Монгол хүн байна даа. Байгаль чинь болохоо байгаад байна гээд ярилцвал учраа ололцохгүй юу?
-Шүүхэд өгчихсөн байгаа учраас ямар нэгэн алхам хийгээгүй байна. 2014 онд бид карьерын аж ахуй эрхэлж байсан бүх компанийн төлөөлөлтэй уулзаж, олон удаа түвэгтэй яриа хэлэлцээр хийсэн. Аль аль тал нь хүлээцтэй хандсан учраас технологийн зам маршруттай болсон. Хяналтаа бидний зүгээс тавьж, тэд хүлээн зөвшөөрдөг болсон. Гэтэл яагаад заавал гол мөрөн рүү, хүн суурьшдаг газар руу ойрхон карьер ухах гээд байна вэ. Өмнө нь байсан Түргэний гол маань үгүй болчихлоо. Туулаа тийм болгомооргүй байна.
-Зөвхөн карьерын гэлтгүй, барилгын зөвшөөрөл Туулын эрэг орчмоор нэг биш өгчээ. Том том барилгууд Туултайгаа дэндүү ойр баригдаад байгаад та ямар хариулт өгөх вэ?
-Одоо ажил хийж байгаа хүмүүс Зайсанд, Сонсголонд, Яармагт газар өгчихсөн юм шиг бодоод байдаг. Гэтэл энэ бол биднээс өмнө буюу 2008 оноос өмнө өгчихсөн газрууд юм. 2012 оноос хойш нэг ч зөвшөөрөл манай зүгээс олгоогүй. Хүмүүст хандаж хэлэхэд байгаль орчноо хайрлаач ээ. Тусгай зөвшөөрлөөсөө өөрсдөө сайн дураар түдгэлзээч ээ. Эсвэл шилжүүлэн эзэмших боломж бий гэдгийг санаач. Заавал Ханбогд, Хатантуул руугаа битгий дайраач ээ. Иргэдийнхээ суурьшлын бүс рүү дайраад байх ёстой юу.
-Танайх уул ус ихтэй дүүрэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүн ам эрчимтэй төвлөрч байна. Тэр хэрээр л асуудал үүсэх нь?
-Ер нь, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг маань уул ус ихтэйгээрээ ийм дайралтанд их өртөж байна. Иргэддээ Туул голын дагуу өмчлөөд хамгаалуулаад амралт чөлөөт цагийн бүс байгуулчих юмсан гэж заримдаа бодох юм. Богд уулын захиргаатай хамтраад бид Иргэдийн хурлаараа ярилцаад орчны бүс гэж байгуулсан. Үүний ачаар манай дүүргийнхэн ойгоо цэвэрлэе. Мэргэжлийн хүмүүсээр удирдуулаад цэвэрлэе гэсэн санаачилга гаргаад байна. Унасан, шатсан, булгарсан модоо цэвэрлэе. Дархан цаазат гээд тэврээд хэвтээд байхын нэр биш.
-Шүүх та бүхний талд шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэлээ. Хэрвээ шүүхийн шийдвэр нөгөө талд гарчихвал...?
-Та бүхэн хардаг л байх. Шувуун фабрик руу орохоор дайн болчихсон юм шиг газар сэглээд хаячихсан байдаг. Зарим нь бүүр карьер зарна гээд сууж байна. Монголын нууц товчоонд өгүүлдэгчлэн Туулын хар шугуйд Ван хан Тоорилын бууц нь бий гэдгийг тогтоосон гэдэг. Мөн Чингисийн Есүй хатны гэрийн туурь бий гэдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоосон. Энд чинь түүхийн үнэт өв бий. Бас байгалийн тэнцвэрт байдал алдагдана. Иргэдийнхээ төлөө шийдвэр гаргахаар биднийг ингээд тэмц гэсэн аятай шүүхэд өгөөд ажил уяад байдаг. Бид иргэдийнхээ төлөө тууштай явна. Шүүхэд итгэж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )