Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татварыг нэмэгдүүлснээр үнэ өсөх аргагүй нөхцөл үүслээ гэсэн мэдээлэл хаа сайгүй тэнүүчилж байна. Тэгтлээ алдагдал хүлээж үзээгүй нефть импортлогчид ийнхүү Онцгой албан татвараар далимдуулан үнэ нэмэхээр улайрч байна гэх мэдээлэл ч дөрөө харшуулж буй. Тэр ч бүү хэл дэлхийн зах зээл дээр үнийн савлагаа тэгтлээ үүсээгүй байхад сүүлийн гурван сард 30 хувь өссөн гэх мэдээллийг ч давхар дайж байна гэх. Энэ нь зориудын нийгэмд түгээж байгаа мэдээлэл байхыг үгүйсгэх аргагүй байдал өнөөдөр үүссэн. Тиймээс албан мэдээлэлд анхаарал хандуулах нь зүйд нийцнэ.
Нэгдүгээр шалтгаан
Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 30 хувь хүртэл өссөн албан мэдээлэл байна. Энэ бол шатахууны үнэ нэмэх үндсэн суурь шалтгаан мөн.
Хоёрдугаар шалтгаан
Нефть импортлогч компаниуд 2017 оны есдүгээр сараас өнөөг хүртэл Засгийн газрын шийдвэр болон нийгмийн хариуцлагын хүрээнд шатахууны хомсдол үүсгэлгүй, жижиглэнгийн худалдаанаас литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн тунирхаж сууна. Бас л нэг үнэ нэмэх дайвар шалтгаан мөн.
Гуравдугаар шалтгаан
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2017 оны 7, 11 дүгээр саруудад 2 үе шаттай тонн тутамд 90 хүртэл актонтой автобензинд 190,000 төгрөг, 90 болон түүнээс дээш актонтой автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлшинд 280,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн аж. Энэ нь гарцаагүй шалтгаан мөн.
Дөрөвдүгээр шалтгаан
Өнгөрөгч оны тавдугаар сард Дэлхийн банкны шинжээчид 2018 онд баррель нефтийн үнэ 60 ам.доллараар өснө хэмээн таамаг дэвшүүлсэн нь өдгөө биелэлээ олоод эхэлж байгаа нь энэ аж. Манай цор ганцхан нефтийн түнш ОХУ-д ялгаагүй үнэ өссөн нь хөдөлшгүй том шалтгаан.
Тавдугаар шалтгаан
Манай шинжээчдийн үзэж байгаагаар бол дотоодын зах зээл дээр шатахууны үнэ литр тутамдаа ядахад 300-400 төгрөгөөр нэмэгдэж байж алдагдалгүй ажиллах юм байна гэсэн хөндлөнгийн дүгнэлтийг хүргүүлсэн нь болзошгүй шалтгаан мөн.
Зургаадугаар шалтгаан
Мэдээжийн хэрэг, шатахуун импортлох бол манайд байгаа хамгийн ашигтай гэж болох бизнес. Бизнесийг яах гэж хийдэг билээ, ашиг олох гэж. Тэгэхээр шатахуун импортлогчид хэзээ ч алдагдал хүлээхийг хүсэхгүй нь яах аргагүй үнэ нэмэх бас л нэгэн шалтгаан.
Жич:
Үүсээд байгаа асуудлыг Засгийн газрын Үнийн зөвлөл судалж байгааг мэдээлсэн. Тэгэхээр Засгийн газар шийдвэр гаргаж литр тутамд нэмэх үнийг хазаарлах оролдлого хийх нь ойлгомжтой. Үнийг барилаа барилаа гэхэд шинжээчдийн өгсөн 400 төгрөг хүртэл хазаарлаж чадахгүй нь бодит байдлаас харагдаж байна. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газар Үнэ тогтворжуулах хүрээнд шатахуун импортлогчдод 120 сая ам.долларын хөнгөлөлттэй урт хугацааны зээл олгосноор шатахууны үний өсөлтийг хазаарлаж байв. Энэ нь үнэн хэрэгтээ нефть импортлогчдоо аргадсан хэлбэр байсан. Гэхдээ тухайн үедээ үнийн хөөрөгдөл лав бий болоогүй юм даг. Тэгэхээр өдгөөгийн Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авч таарна. Түүнээс бус бодит байдал дээр шатахууны үнэ 400 хүртэлх төгрөгөөр нэмэгдэх хандлага бий болчихлоо гэдгийг дотоодын шинжээчид сануулаад эхэлсэн.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Анхнаасаа засаг нь Улаанбаатарын том нефть бааз,гол гол шатахуун тугээх станцуудаа улсдаа байлгаж шатахууны борлуулалтанд тоглогч байх байсныг дарга нар нь хуйвалдаад асуудал одоо ийм байдалд ороод удаж байна даа.
Дэлхийн зах зээл дээр нэмэгдсэн бол ёстой яалтай ч билээ тэглээ гээд монголд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг нь тарчигхан монголчуудад тааруухнаас тааруухан явдал.юм даа
Безиний үнийг 10 дахин нэмэх хэрэгтэй