Украины хямралыг төгсгөх тухай яриа хэлэлцээ хэрхэн өрнөх вэ!

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Энэ онд бид 2022 оноос хойш анх удаа Украин дахь хямралыг зохицуулах тухай бодит яриа хэлэлцээний гэрч болж магадгүй. Харин аливаа тохиролцоо хоёр шийдэгдээгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаална. Энэ нь Оросын шинэ хилийг олон улсад хүлээн зөвшөөрөх эсэх болон Украины төрийг Оросын цэрэг, улс төрийн нөлөөний бүсийн гадна үлдээх боломж бий эсэх гэж шинжээчид үзэж байна.

Яриа хэлэлцээг эхлүүлэх боломж бий. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп дайныг 24 цагийн дотор зогсооно гэж амласан ч гараан дээрээ яагаад ч юм удаад байгаа. Тэрбээр Украины асуудлаар тусгай төлөөлөгчөөрөө генерал Кит Келлогийг сонгосон ч хямралыг зохицуулах хэд хэдэн хувилбараас сонголт хийж чадахгүй удсаар. Трампын саналыг сонсоход бэлэн байгаа гэдгээ Москва дохио өгсөн. Үндэсний эрх ашгаа нэгт тавина гэж байгаа ч Оросын эрх баригчид 2025 онд яриа хэлэлцээ эхлэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Царцалтын жор

Талуудад тохиролцох зүйл байхгүй байгаа нь асуудал болж байна. Тохиролцох ойлголт үгүй байгаагаас гадна хэлэлцэх асуудлын талаар нэгдсэн ойлголт ч үгүй байна. Вашингтон, Киев хоёр, Орос, Украины хоорондын мөргөлдөөнийг зохицуулах тухай ярьж байгаа бол Москва Орос, өрнөдийн хоорондын дэлхийн хэмжээний мөргөлдөөнийг зохицуулахыг эрмэлзэж байна. Энд Украин нь зөвхөн нэг үзэгдэл юм. Трамп богино хугацаанд хэлцэл хийхийг хүсэж байгаа бол Москва талуудын аюулгүй байдлыг тэгш хангасан олон улсын шинэ дэг журмын талаар урт хугацааны ярих хэлэлцээ хийх сонирхолтой байна. АНУ мөргөлдөөнийг тулааны шугамаар царцаахыг хүсэж байгаа бол Украин өрнөдийн зүгээс аюулгүй байдлын баталгаа авч, шударга энх тайван тогтоохыг зорьж байна. Оросын зүгээс НАТО-ийн тэлэлт, Европ болон Украинд Оросын эсрэг цэргийн заналхийлэл бий болсон зэрэг мөргөлдөөний шалтгааныг арилгах, эцэслэн шийдвэрлэх тал дээр хатуу байр суурьтай байна. Мөн Украины дөрвөн мужийг Оросын бүрэлдэхүүнд орохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байгаа. Ингэхдээ Москва ч тэр Киев ч тэр зөвхөн гал зогсоох нь тэдний санаанд нийцэхгүй гэж мэдэгдсэн. Трампын зөвлөхүүдийн саяхан дэвшүүлсэн саналаас үзвэл Вашингтон нь Москва болон Киевийн байр суурьт нөлөөлөх өөрийн боломжийг даруухан үнэлэх болжээ.

Трампын багийн төлөвлөгөө болон Володимир Зеленськийн мэдэгдлүүдээс үзвэл Украины хилийг 1991 оныхоор хэвээр үлдээх шаардлага тавигдахаа больсон ба ажиллагааг мөргөлдөөний шугамаар зогсоож, улмаар энэ нь хүлээн зөвшөөрөгдөхгүй хил болж магадгүй гэж таамаглаж байна.

Трамп ч тэр Зеленський болон Европын холбооны удирдагчид ч тэр Украины мужуудыг Орост нэгдэхийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна Украины цэргийг Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудаас гаргах Оросын шаардлагыг няцааж байгаа юм.

Орос газар нутгийн шаардлагадаа уян хатан хандана гэсэн өрнөдийн хүлээлт зарим хэвлэлд гарсан нийтлэл дээр үндэслэсэн байсан ба эдгээрийг Оросын удирдагч няцаасан байдаг.

Киев оросуудыг Днепр мөрний баруун эрэгт гарсны төлөө сайн дураар Херсон болон Запорож мужаа өгөх шаардлагыг хүлээн авахгүй нь тодорхой. Тиймээс газар нутгийн асуудлаар тохиролцоонд хүрэх магадлал бага.

Украин өрнөдийн эсвэл Оросын нөлөөний бүсэд үлдэх нь мөргөлдөөнд ялалт байгуулах эсвэл стратегийн ялагдал хүлээхээс шалтгаална. Дайн эхэлсэн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин НАТО-д элсэхгүй гэсэн баталгаа шаардаж байсан.

Харин мөргөлдөөнийг төгсгөх өрнөдийн хувилбараас үзвэл Киевийн хяналтад буй Украиныг өрнөдийн эдийн засгийн болон цэргийн бүтцэд нэгтгэх замаар бүрэн тусгаар байдлыг нь хангах явдал юм. Тусгаар, ардчилсан, эрх чөлөөт Украиныг хадгалж үлдэх зорилго нь өрнөдийн стратегийн ялалт юм. Гэтэл Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудал л яригдаж буй.

Мэдээллүүдээс үзвэл Трамп Украиныг НАТО-д элсүүлэхийг хүсэхгүй байгаа ч цэргийн ажиллагаа дууссаны дараа хүчтэй, сайн зэвсэглэсэн Украиныг үлдээхийг хүсэж байгаа бөгөөд гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсны дараа Киевт цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэхээр төлөвлөж байна. Европ Украинд цэргээ байршуулснаар энхийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах боломжтой болно гэж Трамп үзэж байна. Трампын эл санаа Киевийн ашиг сонирхолд нийцэж буй.

Оросын байр суурь

Харин Оросын эрх баригчид Украины ихэнх хэсгийг өрнөдийн цэрэг, улс төрийн интеграцийн бүсэд үлдээх сонирхолгүй байгаа бөгөөд хяналтаас гарсан Украин нь Оросын хувьд дайсагнасан улс болно гэж үзэж байна.

Кремль мөргөлдөөнийг зохицуулах “Истанбул +” хувилбарыг дэмжиж буй. Энэ хувилбарт Украины гадаад болон батлан хамгаалах бодлогыг хязгаарлах, Оросын шийдвэрлэх нөлөө, тур дундаа хүч хэрэглэх боломжийг тусгажээ. “Истанбул+” хувилбар нь Киев, өрнөдийн цэргийн бүх хэлбэрийн хамтын ажиллагааг зогсоох, тэр дундаа хамтарсан цэргийн сургуулилт хийх, өрнөдийн зэвсэг нийлүүлэлтийг зогсоох замаар төвийг сахисан үүрэг хүлээлгэх тухай заалтууд туссанаараа Оросын хувьд чухал байгаа юм.

Гэсэн хэдий ч Истанбулд Украиныг цэрэггүйжүүлэх хүрээг тохиролцоогүй бөгөөд өнөөдөр ийм тохиролцоонд хүрэх магадлал бага байна. Украин цэргийн нөөц боломжоо хязгаарлах тухай Оросын шаардлагыг хүлээн авахгүй бол Трампын засаг захиргаа Швед загварын төвийг сахих үзэл баримтлалыг санал болгож магадгүй. Өөрөөр хэлбэл, хүчтэй арми, орчин үеийн нисэх болон тэнгисийн хүчинтэй, цөмийн бус алсын зайн тусгалтай зэвсэгтэй, Европын холбоо болон АНУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хөтөлбөртэй байна гэсэн үг. Москва үүнийг зөвшөөрөхгүй байх магадлал өндөр.

Түүнчлэн, Москва яриа хэлэлцээнд орос хэлний статус, боловсрол, соёл болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн асуудлыг оруулж ирэхийг шаардаж байна. Ингэхдээ Оросын тал эдгээр салбарт хүрсэн тохиролцооны хэрэгжилтийг хянах боломжийг өөртөө хадгалж үлдэхийг хүсжээ. Ийм шаардлагууд нь Украиныг “финланджуулах” үзэл баримтлалын хүрээнээс хальж, холбоот улсын үзэл баримтлалтай илүү дөхөж байна.

Үүнтэй зэрэгцэн Орос улс Украин НАТО-д элсэхгүй гэсэн хууль зүйн баталгаа буюу АНУ болон эвсэлтэй холбогдох хэлэлцээр байгуулахыг шаардах нь тодорхой. Трамп Украиныг НАТО-д элсүүлэх асуудалд хориг тавих эрхтэй ч энэ шийдвэрийг дараа дараачийн засаг захиргаа заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй.

Өрнөдийн дэмжлэгийн хязгаар

Одоогийн байдлаар гал зогсоох тухай хэлэлцээрийг хянах, аюулгүй байдлын баталгаа болгон Украинд Европын энхийг сахиулагчдыг байрлуулах төлөвлөгөө бодит байдлаас тасарсан мэт харагдаж байна. Оросын зөвшөөрөлгүй НҮБ-ын энхийг сахиулагчдын байрлуулах боломжгүй. Учир нь тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй. Оросыг тогтоон барих зорилгоор хязгаарлагдмал тооны цэрэг оруулбал НАТО-г мөргөлдөөнд орсон гэж үзэх тул цөмийн зэвсэг хэрэглэх шалтгаан болно.

Москва энхийг сахиулах ажиллагааны талаар өрнөдөд өрнөж буй мэтгэлцээний ажиглаж байгаа ба АНУ-ын оролцоогүйгээр шаардлагатай тооны цэргийг бүрдүүлж чадахгүй гэдгийг ойлгож байгаа. Хэвлэлүүдэд нийтлэгдсэн тооцооллоос үзвэл, дор хаяж 100 мянган цэрэг шаардлагатай. Гэтэл ийм хэмжээний контингент Европт одоогоор байхгүйн дээр тодорхойгүй хугацаагаар байршуулах цэргүүдийг зардлыг даах төсөв ч үгүй байгаа. АНУ энэ хувилбарт үл итгэсэн байдлаар хандаж байгаа. Харин Украин АНУ-ын оролцоогүй аюулгүй байдлын баталгаа хангалтгүй гэж үзэж байна.

Оросыг гал зогсооход хүргэх хэмжээний цэргийн тусламж үзүүлэх боломж бага. Учир нь АНУ-д шаардлагатай зэвсэглэлийн үйлдвэрлэлийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байхгүй. Хэрэв Трампын засаг захиргаа ирэх хоёрдугаар сард Киевт үзүүлэх цэргийн тусламжийн багцыг Конгресст оруулж ирэхгүй бол өнгөрсөн онд үзүүлсэн Байдены тусламжийн багц 2025 оны зун хүртэл л хүрэлцэнэ. АНУ болон ЕХ-ноос Оросын активын орлогоос олгосон 52 тэрбум еврогийн зээл гол төлөв Киевийн цэргийн бус зардлыг санхүүжүүлж байна. Тиймээс Трампын төлөвлөгөөний дагуу хийх яриа хэлэлцээ ойрын хугацаанд гал зогсооход хүргэхгүй ч талууд зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлэхээс зогсоох нь илүү ашигтай гэж шийдэхээс нааш 2025 оны турш үргэлжлэх магадлалтай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top