Уяан дээрээ морьдынхоо дэргэд байх нь миний хамгийн жаргалтай үе

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

ЗИНДАА сэтгүүлийн "Гарьд магнай" булангийн зочин Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзийгийн ярилцлагыг хүргэж байна.

-Сайхан хаваржиж байна уу? Саяхан Дүнжингарав уралдаан болоод өнгөрлөө. Морьд хурдан байв уу?

-Сайхан хаваржиж байна. Манай уяанаас “Дүнжингарав 2017” уралдаанд дөрвөн морь мордууллаа. Нэг азарга 29-өөр, хоёр их нас мордуулсан ч нэг нь уралдаанаа дуусгаж чадаагүй, нэг нь 25-аар орсон. Харин эрлийз дээд насанд хязаалан үрээ 11-ээр орлоо.

-Одоо ерөнхийдөө наадамдаа бэлдэж эхэлсэн үү?

-Тийм. Дээд хэдэн насаа өвөлжингөө оролдлоо. Даага, шүдлэн, хязаалангаа бариад л улсын наадмынхаа бэлтгэлд орж байна.

-Та унаган хотын хүүхэд. Хотод өсөж торнисон хүүхэд яаж яваад морин спорттой холбогдчихов?

-Би Баянхошуунд эмээ, өвөө дээрээ өсөж торнисон хүүхэд л дээ. Манай өвөө Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Б.Лувсанцэрэн гэж хүн байсан юм. Өвөө, эмээ хоёр чөдрийн хэдэн морьтой тэрийг нь унаж өссөн. Өвөө маань моринд их дуртай хүн байсан болохоор моринд хайртай болох суурийг тавьсан гэж боддог. Өвөө найзуудтайгаа морины тухай их ярина. Хажууд нь очоод суухаар том хүмүүсийн ярианд орлоо гээд л загнуулаад гэрээс гарна. Яахын аргагүй сонсмоор байгаа учраас хаяагаа сөхөж байгаад чих тавина шүү дээ /Инээв/.

-Моринд их л дуртай хүүхэд байж дээ?

-Ер нь хэдэн мориныхоо дэргэд л байвал жаргалтай байдаг юм. Намайг 14-тэй байхад Баянхошуунд “Морин тойруулга” нүүж ирсэн нь моринд дуртай болоход их нөлөөлсөн. Би сонгомол морин спортын дугуйланд сурснаар энэ спортод эргэлт буцалтгүй орсон доо. Монгол Улсад Сонгомол Морин Спорт үүсч хөгжихөд маш том хувь нэмэр оруулсан МУГТ Т.Цэрмаа багшид шавь орж байсан. Манай багш моринд эрэмгий, энэ спортод бол Монголдоо тэргүүлэх хүн гэж би боддог.

-Өмнөх Тод магнай булангийн зочноор таны анхны багш МУГТ Цэрмаа гуай оролцсон юм. Яриандаа Манай морин тойруулгаас л шинэ монгол адууны үндэс суурь тавигдсан гэж хэлж байсан.

-Морин тойруулга байгуулагдсан цагаас л ОХУ-ын “Будённы”, “Дон” үүлдрийн адуугаар л адуугаа сайжруулсан байдаг юм. 1966 онд зургаан азаргатай Оросууд уралдах гэж ирсэн чинь яг тэр жилд нь үер болоод уралдаж чадалгүй зургаан азаргаа бэлгэнд өгөөд явсан байдаг. Тэр зургаан азаргаар л эрлийзжүүлсэн. Ер нь үндсэн суурь нь угаасаа эрлийз л дээ. Дайны үед оросууд Жаргалантын сангийн аж ахуйд морин завод гэж байгуулаад дандаа “Дон”, “Будённы” адууг үржүүлж байсан юм билээ. Удалгүй Жаргалантын морин завод татан буугдаад тэндээс шилмэл 200 шахам гүү нь морин тойруулгад ирсэн. Түүн дээр 1966 оны зургаан азарганы гурвынх нь төл нэмэгдээд эрлийзжүүлээд суурь нь тавигдсан л даа.

-Таны анхны амжилтын түүхээс сонирхъё.

-Би морин тойруулгын уяач Монгол Улмын Манлай Уяач Г.Батчулуунаас морин тойруулгын уяачийн ажил хүлээж аваад тэр жилдээ хээр халзан морийг улсын наадамд долоолуулж, хоёр жилийн дараа анхны “Их хурд” уралдаанд аман хүзүүдүүлж байсан. Анхны том уралдаанд амжилт үзүүлсэн нь тэр л юм байна даа.

-Хээр халзан чинь 1994, 1995 оны хоёр наадмаар дараалаад нэгэнд нь аман хүзүүдээд, нэгэнд нь түрүүлж байсан санагдаж байна?

-Тийм. Тэр үед МУМУ Г.Батчулуун уяж байсан юм. Дараа жил нь надад ирж “Их хурд”-д аман хүзүүдэж байсан. Өмнө нь хээр халзанг хязаалан үрээ байхад нь Д.Түвдэн манлай зугтаалгаж байгаад улсад 12 билүү 14-өөр орсон байдаг. Дараа жил нь МУМУ Г.Батчулуун уяад соёолон үрээ улсад арван хэдээр орсон. Хавчиг морь өнжөөд, долоон настай морь улсад түрүүлээд, найман настай аман хүзүүдээд тэгээд л над дээр ирсэн л дээ.

-Морин тойруулгад байхдаа та хэчнээн тэмцээнд орж ямар амжилт гаргаж байв?

-Морин тойруулгын дугуйланд ороод хамгийн эхлээд гуравдугаар зэрэглэлийн тэмцээнд оролцож байлаа. Спортын цол зэргийг 1, 2, 3 гэж ангилдаг шиг морин спортын тэмцээн гурваасаа дээшээ ангилагддаг юм. Анх Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 16 настайдаа орж “Байгаль” хэмээх дуудлагатай битүү мориор ороод хүрэл медаль авч “Дэд мастер” цолны болзол хангаж байсан. Дараа жил нь “Саруул” хээртэй ороод мөнгөн медаль, мөн дараа жил нь цэрэгт байхдаа “Жавхаа” гэж морьтой ороод мөнгөн медаль авч гурван жил дараалан хотын аваргаас медаль зүүж байлаа.

-Таныг хурдан хүлгүүдийн зураг их цуглуулдаг гэж сонссон.

-Цуглуулга гэхэд ч бас томдох байх. Дээхэн үед зүгээр л хурдан ажнайнуудын хэд хэдэн зураг цуглуулдаг байсан юм. Өөрөө дарсан ч хэд хэдэн зураг байгаа. Хөвсгөлийн хонгор халзан, МУМУ Ц.Доржсүрэнгийн хээр халзан морь хоёрын зургийг дарсан байдаг.

-Гэр бүлийн хүн тань юу хийдэг вэ хэзээ ханьтайгаа танилцаж байв.

-Манай эхнэр Төв аймгийн Сэргэлэн сумын Болормаа гэж сайхан эмэгтэй бий. Бид анх 2002 онд танилцаж байсан нэг хүү, нэг охинтой.

-Хүүгээ адуутай хэр ойрхон байлгаж байна. Уяач болгоно гэсэн бодол бий юу?

-Хүн өөрийнхөө дуртай зүйлийг л хийх нь зөв байх. Дуртай зүйлээ хүн сэтгэлээсээ хийнэ. Өөрийнх нь дураар л болно гэж боддог. Гэхдээ миний хүү моринд их дуртай. Наадмаар морь унаж байгаагүй ч сунгаанд уралдаж байсан. Том биетэй хүүхэд. Ер нь бол уяач болох байх л гэж боддог.

-Таныг шүдлэн, их насны морьдыг их гаргууд уядаг гэж хүмүүс ярилцдаг.

-Яахав бүх насны морьдыг уяна л даа. Гэхдээ шүдлэн, их нас илүү юм болов уу гэж боддог юм. Яагаад гэвэл шүдлэн гэхэд л улс, бүсийн наадмаас 17 гаруй шүдлэн айраг, түрүү авсан мөн нэг бүсийн наадамд миний уясан дөрвөн шүдлэн айрагдсан. Улсын наадамд хоёр жил дараалж их насны морь түрүүлгэж байсан.

-2013 он таны хувьд хийморьтой жил байсан. Та зургаан морьтой улсын наадамд ирээд зургуулаа айрагдсан байдаг.

-Тэр жил маш сайхан наадсан. Эрлийз дээд насанд хээр азарга аман хүзүү, их насанд хүрэн морь түрүү, соёолон насанд хүрэн соёолон аман хүзүү, Эрлийз дунд насанд бор хязаалан дөрөв, Шүдлэнд хүрэн шүдлэн тав, Эрлийз даага насанд хар даага дөрөв гээд зургуулаа айрагдсан. Тэр жилийн “Их хурд”-д хүрэн морь давхар уяагаар түрүүлсэн. Мөн Архангай аймгийн 80 жилд эрлийз дунд нас, даага хоёр түрүү, Гиннесийн номонд бичигдэх 4249 морь уралдахад соёолон насанд хүрэн морь аман хүзүүдсэн. Ингээд тэр жил улс бүсийн наадмаас зургаан түрүү найман айраг аваад Шилдэг уяач, Тод манлай уяач цол авч байсан.

-Улсын наадамд зургаан насанд айраг түрүү авчихаад цоллуулаад зогсож байхад юу бодогдож байх юм.

-Ийм амархан байдаг юм байх даа л гэж бодож байсан. Тэгсэн дараа жил нь нэг морь зургаад орж ирээд л айраггүй мултарч байсан даа.

-Гадаадын морин уралдаан тэмцээнүүдийг хэр үзэж сонирхож байна.

-Ер нь сонирхоно. Зурагтаар хааяа нэг харж үзнэ.

-Монголд морин тойруулга барих талаар та юу гэж бодож байна. Морин тойруулгад 10 гаруй жил ажиллаж байсан хүний хувьд бодол байгаа байх.

-Тойруулга баригдах юм бол эрлийз, цэврийг нь тус тусад нь уралдуулбал зүгээр л дээ.

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

Ярилцсан: Б.Энхтулга

2017- 04 сар "Зиндаа" сэтгүүл №04 /504/

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Se(27.123.214.110) 2018 оны 01 сарын 24

Huren mori gej? Baterdeniin huren mori uu?

0  |  0
zochin, (103.26.195.59) 2018 оны 01 сарын 21

az jargalaa mun chi yaduukhan ilerkhiilji dee. khuurkhii , amidrald ni iluu utga uchirtay zuyl baykhguy l yum baykh daa

0  |  0
Xuuxed xamgaalagch(103.212.117.233) 2018 оны 01 сарын 20

Jargaj bolno oo.Amidral yadmag xunii jaaxan uriig alj buu jargaaral !!!

0  |  0
ДАЛБАГАНАСАН АРХИЧИД(202.179.25.199) 2018 оны 01 сарын 20

АВТОБУСАНД ОЛНООРОО АРХИДАЖ ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ ДАРАМТЛАН ӨВӨР ДЭЭРЭЭ СУУЖ АМНААС НЬ АРХИ УУХЫГ ШААРДДАГ ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ МАЛНУУД

0  |  0
Top