"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаарын "Тод манлай" буланд нийтлэгдсэн онцлох материалыг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.
Монгол хүний зүрх сэтгэлийн угт үргэлж харзлах амин мөн чанарт “морь” хэмээх ойлголт эрхэмсэг нандинаар оршин, алмааз эрдэнэ мэт гэрэлтэж, тахин шүтэгдэх ажгуу. Хээр талын алтан зурхай дээрээс наадмын морьд эргэх шиг ер бусын хором, агшин гэж үгүй...
Монгол туургатны эрхэмлэн ёсолж ирсэн нэгэн гол баяр нь эрийн гурван наадам. Монголчууд нар, хур тэгширсэн дэлгэр зуны сард найраг эгшиг хосолсон наадам цэнгэлээ эхлэн, наадамчин олны сэтгэл тэнүүн, бодол гэгээн, дэлхийд ганц монгол наадмаараа дэнж хотойлгон наадацгаадаг. Олон морьд шандас сорьж, хүчит бөхчүүд эр чадлаа гайхуулж, мэргэн харваачид цэцээ шалгадаг болохоор “Дэлхийд ганцхан монгол наадам” хэмээн омогшино. Аргамаг хурдан хүлгүүдийн алтан тоостой Хүй долоон худгийн ногоон дэнжид моринд хорхойтой монголчууд 3-4 өдөр нааддаг. Наадмын өдрүүдэд тэнд уяачдын асар майхан алаглан, хэний уяа өнгөтэй, хэний өргөө тохилгийг шинжсэн яриа дараа жилийн наадам хүртэл яригддаг уламжлалтай. Үндэсний их баяр наадмаар зургаан насны 2400 орчим хурдан морь, 30 орчим км газарт шандас юугаа сорин уралддаг нь манай гараг дээрх хамгийн том морины уралдаан юм. Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч, олон хоногийн өмнөөс уян шавхруулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг.
Баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьд уралдах бөгөөд Их насны морьд 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас уралдуулна.
Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэх агшныг бахдан биширдэггүй хүн гэж үгүй. Хүүхдийн гийнгоон дуу хөндийг дүүргэн уянгалж, алтан тууртнуудын тоос тэнгэр газрыг хээлэн зурахад наадамчин олны сэтгэл хөвсөлзөж, хурдан морины уралдааныг бахдан биширч, омогшил төрнө. Ийм ч учраас сайхан ажнай хүлгийн тухай бичих нь бүү хэл, бодоход хүртэл хийморь сэргэдэг биз ээ. Орчлон хорвоогийн алаг тавилан дээр хүнээс дутуугүй цуутайхан “амьдарч”, зүсээ, мөрөө үлдээсэн зарим ажнай хүлгүүдийн тухай дурдатгалыг уншигч олноо толилуулахыг зорилоо.
Монгол наадмын тэнгэрт од мэт харваад өнгөрсөн
БОСОО ХЭЭР
Эцгийн шивнэсэн нэрээс илүүтэй энэ биетэй таарч учирсан эрдэнэт хүлгээрээ нэрээ дуурсгасан нэгэн эрхэм бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Хөхийн Сүрэнхор агсан. Хүлгийн хийморийг дээдлэгч хөх монгол түмэн түүнийг Босоо хээр азаргаар нь андахгүй.
1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойгоор Дэлгэрхааны хээр ажнай Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж уралдан Алдар толгойг тойрон, Айдасын давааг магнайдаа тоосгүй давсан түүхтэй. Ардаа яваа аргамаг хүлгүүдээсээ хол саахалтын зайтай тасран Буянт- Ухааг өгсөхдөө наадамчин олныг шуугиулж шагшуулан, Яармагийн дэнжийг донсолгон байж барианд орсон билээ. Босоо хээрийг 1991 онд тийнхүү түрүүлэх үед морь тайлбарлагч: “Долоон настай азарга долоон жил уралдахдаа магнайдаа нэг ч удаа тоос хүргээгүй юм” хэмээн хэлж байсан билээ. Гэвч бахархал, догдлол, хөөр баяраар бялхсан наадамчдын сэтгэлийн хөөрөл дарагдаагүй, магнайгаа хагартал баярласан уяачийн хусуурынх нь хөлс хатаагүй шахам байтал “Сүрэнхорын хээрийг машинаар дайрчээ” гэсэн харуусалт мэдээ хуурай түймэр мэт дэгдэв. Сонссон бүхэн чихэндээ итгэсэнгүй. Гэвч үнэн байлаа.
Босоо хээр азарга ингэж л олныг хэтэрхий баярлуулан, хэтэрхий гомдоож, хүмүүний орчлонгийн хар цагаан зааг дундуур солирын бороо мэт туяараад алга болсон юм.
Хээр азарга төрийн “Түмэн эх” болсныхоо маргааш орой нь буюу наадмын хоёр дахь үдэш Баянзүрхийн товчооны тэнд суудлын тэргэнд дайруулсан гэлцдэг. Энэхүү эмгэнэлт явдалтай нэр холбогдон янз бүрээр хэлүүлж байсан, Монгол Улсын Манлай уяач Ц.Бааст “Зиндаа” сэтгүүлийн нэгэн дугаарт ярилцлага өгөхдөө: “1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ой болох үеэр би Хэнтий аймгийн уяачдыг улсын наадамд хариуцан авчирсан юм. Тэгэхэд Дэлгэрхаан сумын уяач, Монгол Улсын манлай уяач Сүрэнхортой танилцсан. Тухайн үед Сүрэнхорын алдартай хээр азарга Нууц товчооны 750 жилийн ойгоор хол түрүүлж, 1991 онд 7 настай байхад нь Сүрэнхор улсын наадамд уралдуулах хүсэлт гарган, аваад яваач гэхээр нь аймгийн хурлын депутат, ангийн захирагчийн хувьд унаа малаа гаргаад хамт улсын наадмыг зорьцгоосон. Улсад ирээд босоо хээр азарга маань тасархай түрүүлж, бид баяр бахдалтай их сайхан байж билээ. Орой харуй бүрий болж байхад би хүрээд ирсэн чинь Сүрэнхор маань гэрээ буулгаад аччихаж. Адуу хаачсан бэ? гэсэн чинь явчихсан гэлээ. Яагаад явуулчихав?, хоёулаа хамт явна шүү дээ гэтэл, “Манай эхнэрийн хамаатны хүүхэд ирээд би зам мэднэ, аваад явъя гэхээр нь явуулчихлаа” гэж байна. “Чи тэгээд уулын араар яваарай гэж хэлсэн биз дээ” гэхэд “хэлсэн” гэлээ. Тэгээд Дорнойн Сундуй гуайнхаар хальт орчихоод гараад иртэл манай адуу танктай хөшөөний тэнд явж байна, яах вэ гэхээр нь төв замаар яваад л очихоос гэлээ. “Морьдоо аваад замын хажуугаар яваарай, машин замаар явж болохгүй шүү” гэж захисан боловч Амгаланд байсан Хөдөө аж ахуйн материал техникийн хангамжийн тэнд Сүрэнхорын босоо хээр азаргыг машин дайрчихсан юм. Ингээд маргааш нь бөөн дуулиан шуугиан дэгдэн, хэвлэл мэдээлэл дээр гарч зөндөө юм болсон...” хэмээн дурсан өгүүлж байсан билээ.
Тухайн үед төвийн сонин хэвлэлүүд зайгүй шуугиж, нэгэн их хүмүүн тэнгэрт хальсан адил харамсал, гуниг, үзэн ядалтаар дүүрч байж. Яруу найрагч Зундуйн Доржийн хэлсэнчлэн, “адууны дүрээр төрөөд аавын хүүгийн ёсоор амь эрсэдсэн” энэхүү домогт хээр азарганы тухай яруу найрагчид, шүлэгчид дууль бичиж, түүний оршуулгын тухай баримтат кино бүтээж, хөшөө босгохоор уралдаан зарлаж байлаа. Энэ хүндхэн цагт хайрт хүлгээсээ ёс бусаар салсан уяач Сүрэнхор ёстой л эр хүн шиг үгээ хэлж, зүрхээ чангалж байсан юм. Дааган наснаасаа магнайдаа тоос хүргэж үзээгүй Босоо хээрийгээ төрийн наадамд хөтөлж ирэн түрүү магнай авчихаад, харин наадмын дараа нутагтаа толгойг нь ганзагалаад очсон Сүрэнхор уяачийг төсөөлөхөд ч сэтгэл шимширмээр... Монгол наадмын торгон дэнж дээр од мэт харваад өнгөрсөн алдартай ажнайд зориулан нэрт яруу найрагч Ц.Чимэддорж “Сүрэнхорын хээр” шүлгийг зохиосон бөгөөд мөн Хэнтий аймгийн төв Чингис хотноо алдарт Босоо хээрийн хөшөөг босгосон билээ.
Хотгойдын хурдан ажнай Хишигбатын
ХОНГОР
Тэсийн голын сав нутгаас төрсөн онц хурдан хүлэг бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Д.Хишигбатын түмэн эх хонгор морь билээ. Хонгор морь анх нутаг орондоо 1990 оны баяр наадмаар тодорсон гэлцдэг. Тэр жил Д.Хишигбат уяач хонгор морио аймгийнхаа наадамд уралдуултал хол тасархай түрүүлжээ. Гэтэл морь будилсан болоод явчихав. Дахиад уралдууллаа. Хонгор морь дахиад л магнайлав.
1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ой гэж хөдөө хотгүй баярт бэлтгэж байлаа. Дөрвөн сар гарч хаврын хөх салхинд жаврын үзүүр эргэсэн ч Хөвсгөл нутагт цас ханзраагүй байв. Дөрвөн сарын 5-ны өдөр Хишигбат уяач Б.Пүрэвжавтай гал болж хонгор морио хэдэн хурдан морьтой хөтлөн улсын наадмыг зорив. Бүтэн сар гаруй явж аяншсан уяачид, морьд Төв аймгийн нутагт орж ирлээ. Улсын наадмын их насны түрүүг авахаар шийдсэн уяачийг зон олон хүндэтгэн угтаж авсан юм.
Зургаан сар дундаасаа өнгөрчээ. Д.Хишигбат, хонгор морь хоёрын тухай хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хадны цуурай мэт давтан ярьж, эх орны өнцөг булан бүрт хүргэж байлаа. Хонгор морь давхил болгондоо түрүүлж цууд гарав.
Хэний морь улсын наадамд хурдлахыг хэлж өгдөг их сунгаа тэр жил долдугаар сарын 7-нд болжээ. Түргэний голд болсон уг сунгаанд 100 шахам морьд гарснаас Д.Хишигбатын хонгор Морин тойруулгын бор хонгор морьтой зуузай холбон давхисаар яг барианд орохын үед огцом ухасхийж түрүүлсэн юм. Хонгор морийг гүйцэх хүлэг энэ довон дээр алга гэж амтай бүхэн ярьж байлаа.
Наадмын өглөө Яармагийн дэнжид хүлэг морьд багшран наадамчдын эрээн майхан өнгө алаглан байна. Тэр дунд Хөвсгөл аймгийн нэгэн гал нэмэгдсэн нь наадмын гол дуулиан болж байв. Хоёр хүн таарч мэнд мэдээд л Хөвсгөлийн хонгор морины тухай яриа хөврүүлнэ. Морь мэддэг, мэддэггүй хэн ч хамаагүй хонгор морийг үзэж, харахыг хүсч байв. Хэвтэрт орсон нэгэн өвгөн хүүхдүүддээ хандан: “Аав нь нэгэнт өнгөрсөн, та нар яавч тусыг үл авна. Харин нүд анихаасаа өмнө Хөвсгөлийн хонгор морийг л нэг хармаар байна” гэжээ. Хүүхдүүд нь машиныхаа арын суудлыг авч аавыгаа хэвтүүлэн давхиж, Д.Хишигбатын уяаны дэргэд ирж. Өвгөн машины онгорхой хаалгаар хонгор морийг удаан харж, “Аргагүй л сайхан буян юм даа хөөрхий” гэж санаа алдан, “Аав нь одоо боллоо, гэртээ харья хүүхдүүд минь” гэсэн аж. Ингээд уяачдын төдийгүй Монгол түмний хүсэн хүлээсэн өдөр ирлээ. 650 орчим хурдан хүлэг гарааны зурхай руу хөдлөв. Удалгүй морьд эргэсэн тухай радиогоор зарлалаа. Гэвч таагүй мэдээ дуулдав. Гараан зурхайд хүрэхээс зургаан километрийн наанаас 300- гаад морьд эргэсний дотор хонгор морь орсон байлаа. Дутуу эргэсэн морьдын дунд алдарт уяач Д.Даваахүүгийн зээрд халзан, Төв аймгийн Баян- Өнжүүлийн С.Гийнаагийн шар хээр, Зуунмод хотын Г.Сундуйн зээрд зэрэг тухайн үедээ хурд хүчээрээ гайхуулж байсан олон хүлэг байсан хэдий ч энэ олон хүлгийг Д.Хишигбатын хонгор ардаа орхиж төрийнхөө их баяр наадамд түрүү магнайд ирлээ. Гэвч морьдыг барьсангүй. Наадамчин олон Хишигбат уяач, хонгор хүлэг хоёрын талд байж, морьдыг будилаангүй уралдуулж чадаагүй хурдан морины комиссынхныг зэмлэж байлаа. Ингээд элдэв маргаан багагүй үргэлжилсний эцэст Д.Хишигбатын хонгорт улсын баяр наадмын түрүү морины шагнал өгсөн билээ.
Харин Хөвсгөл аймаг сумдынхаа наадмыг хийгээд аймгийн наадмаа хойшлуулж, Д.Хишигбатыг хонгор морьтой нь хүлээж байв. 17-ны өдөр Д.Хишигбат хонгор морио аван ачааны онгоцоор нутгийн зүг нисэв. Ингэснээр хонгор морь хамгийн анх удаа онгоцоор ниссэн морь болсон юм. Тэр жилийн Хөвсгөл аймгийн наадам дуулиантай боллоо. Улс даяар уугуул нутгийнхаа нэрийг цууриатуулсан хонгор морийг үзэх гэж аймаг орон нутгаараа хошуурч байв. Д.Хишигбат хонгор морио аймгийн наадамд хэд хэд түрүүлгэж, айрагдуулснаас гадна Завханы нутагт ч түрүүлгэж байсан юм.
Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж үгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Х.Алтантуг аялгууг нь зохиосон “Хотгойдын хонгор хүлэг” гэсэн нэгэн сайхан дуу байдаг. Мөн Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейд хонгор морины чихмэл байдаг аж.
Хүйн холбоотой
ХОС ШАРГА
Энгүй хурдан хос шарга
Их наадмын түрүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга...
Хос шаргын тухай домог мэт яриа монголчуудын дунд түгсээр олон он жилийг үджээ.
Анх хайрт ханиа аюулт өвчнөөс аврахын тулд саам уулгахаар Эрдэнэчулуун уяач цагаан гүү худалдан авсан гэдэг. Цагаан гүү удалгүй шарга унага төрүүлсэн нь хайр төрүүлэм өхөөрдөм амьтан байж. Ийм хөөрхөн амьтны хоолноос хороогоод яахав дээ гээд уяачийн эхнэр саам уухаас татгалзаж байсан удаатай.
Хоёр шарга унаган цагаасаа эхлээд олон удаагийн наадамд түрүүлж, айрагдсан. 2000 оны наадмаар том, бага хоёр шарга хоёулаа түрүүлэн, уяач эзнийхээ магнайг хагартал баярлуулж байв. Гэвч том шарга цаг бусаар эндэж, уяачийн гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолоо. Энэ тухайгаа Эрдэнэчулуун уяач дурсахдаа: “Олон морьдын дундаас түрүүлээд ирэхэд нь тэр чигээрээ хурдлаад байх юм шиг л санагдаж байсан. Миний үзсэн харсан зүйл асар бага байсан нь ийм муйхар бодолд хүргэсэн байх.
Том шарга наадамд түрүүлсний дараа “Тамирын хурд”-д бас түрүүлсэн. Өвгөн ноёны наадамд гурав дахь давхар уяагаараа яваад эрсэдсэн. Энэ үед надад хорвоо дэлхий орвонгоороо эргэх шиг санагдаж билээ” хэмээн өгүүлсэн юм. Том шаргаа алдсан явдалд ихэд харамссан гэргий нь хайртай мориныхоо сүүлээр морин хуур хийлгээд ханьдаа өгсөн гэлцдэг. Түүнээс хойш удалгүй уяачийн эхнэр таалал төгссөн байна.
Ингээд ахыгаа өөд болсноос хойш дүү шаргынх нь толгой гудайж, түрүү авах нь эрс цөөрчээ. 2007 онд Эрдэнэчулуун уяачийн цолны мялаалга дээр хүрэлцэн ирсэн найз Д.Агваан хос шаргад зориулан шүлэг зохиож, хожим дуу болсноор бага шаргын хийморь ахин сэргэж, улсын наадмын олон түрүүг авсан билээ. Тэрээр Төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсан хосгүй хурдан ажнай. Түүнд Монгол улсын төрийн тэргүүн хадаг зүүн сэтэрлэж, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосон юм.
Сэтгэгдэл ( 0 )