Миний нутгийн тэнхээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 27

Дүгэржавын МААМ

“Газар шороо”, “Гишгэх газаргүй хөл” зэрэг роман хийгээд “Хоёр хар буурын туурь”, “Тэмээний дууль”, “ Цагийн салхи”, “Түмэн газрын замд” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ уншигч түмний танил болсон Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын харьяат Дүгэржавын Маам агсныг “Хуучиршгүй шинэ” буландаа залж байна. Монголын бичгийн хэлний сод авьяастан Д.Маам нь яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч , орчуулагч, түүхийн ухааны доктор бөгөөд олон жил Кайр хотноо дипломатын алба хашсан, нэгэн үед МЗЭ-ийн дарга байсан манай нэрт зохиолч билээ. Тэрбээр 1994 онд МУСГЗ цолоор шагнуулжээ. Түүний арав гаруй ном нь Монголын уран зохиолын санг баяжуулсан агаад бичгийн хэлний өндөр боловсролтон, цээл сайхан уянгатай, уран нарийн дүрслэлээрээ аугаа их С.Эрдэнэ, З.Баттулгыг санагдуулдаг авьяаслаг нэгэн байсан тул зохиол туурвил нь хэзээ ч үл хуучрах үлэмж чадварлаг байдгийг онцлон дурдаж, Зууны манлай аварга Х.Баянмөнх, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу нарт зориулсан “Миний нутгийн тэнхээ” хэмээх эссэ өгүүллэгийг нь таны өмнө толилуулав.

Э.Хархүү

МИНИЙ НУТГИЙН ТЭНХЭЭ

Х.Батмөнх, Б.Норовсамбуу нарт зориулав.

Шөнийн Каирын гудамжаар гэр руүгээ алхалж байлаа. Гэнэт аман дээр,

-Үгүй ээ, энэ чинь нутгийн минь тэнхээ байна шүү дээ гэсэн үг гарч ирэв. Тэр үгийг сэтгэлдээ олзуурхан барьж тогтоолоо...

Ард ардын заншил гэдэг өөр өөр. Зуун ард зуун янз заншилтай, мянган ард мянган янз заншилтай байх бөлгөө. Мисирийн арабууд баярлахдаа гасалдаг юм байна. Хамгийн золгүй юман дээр гасалдаг, тэгээд ч гаслахыг муу ёр гэж үздэг монгол хүний хүүхэд би баяр хөөрийн сэтгэл, чин зүрхний илч болсон авиа болгон чихэнд чийр биш, чимэг болдгийг энэ үдэш мисирүүдийн дунд суухдаа анзаарч тогтоодог байна. Хөг хэм нийлүүлэн гаслах сүржин агаад нэгэн янз сонин чимээ одоо ч миний чихнээ хадан дуурссаар байна. Каирын бөмбөлөг театрт цугларсан тэр олон араб миний нутгийн тэнхээг шагшин шагшин гайхаж байсан нь тэр ээ!

Тайзны гүнд алтадмал ширээнээ цахилгааны мөнгөн гэрэлд монгол бүсгүй нугаларч байсан юм. Уран хангайн минь согоо Богд Хан уулынхаа шил дээр зогсоод мөнхийн усыг балгасан байгаль тэнүүн эхийнхээ уянгыг ингэж дуулдагсан билүү! Малчны цагаан сараар хонгор ээжий өвгөн аавын өмнө өвдөг сөхрөн байж, хадаг өргөхөд өвөөгийн алган дээр хадган тууз нь хөвөрдөгсөн байл уу!

Энэ хүүхэн бүх л Монгол орноо тэнхээ чадал, уран гоотой нь тээж авчраад нутгаа санасан хүү миний сэтгэл зүрхэнд тушааж байхыг би ойлгож, баярлаж, нүдэндээ нулимстай суусан хэрэг. Хатуу хорвоог зөөлөн гэж тэр бүсгүй номлон номлон нугаларахад манай нутгийн тэнхээ ур хоёрт бишрэн хөөрсөн араб түмэн шагшин гасалсаар байв. Шагшин гаслалдах нь тэр далай мэт нэг их симфони чуулга “нутаг болгоны шороон дээр ийм бие цогцос заяадаггүй шүү” хэмээн зүрх сэтгэлд минь мөч тоолон хадаах бөлгөө.

Нэг шороонд зэрэгцэн ургасан намайг баярлуулж арабуудыг гайхах бишрэхийн туйлд хүргэсэн тэр үлэмжийн уран тэгээд хосгүй тэнхээт бие цогцсын тухай бодол монголын их хүчтэнүүдийн тухай бодолд аандаа хувилав. Тэнд нэгэн нууц хэлхээ шижим байсан буй заа!

Даригангын Базарын Хавчиг гэдэг үүргэвч үүрээд бадарчлан явахдаа дайрч ирсэн орсон буурыг цомцоглон авч даран хүрч ирж урд хоёр хөлийг нь шилэн дээгүүр нь тохож тавиад явчихаж байсан юм гэнэ билээ. Цэцэнхааны Далай вангийн Чүлтэм аваргын тухай нэг хонины махыг нэг суудал дээр идээд долоо хоногийн аяны сунагар урт замыг өл хоолгүй гэтэлгэж байсан гэж сонин домог бийсээн! Дэлт чоно тасдаж хаясан зүүн гарт адуучны Лувсанжамба, Хан Хэнтийн босоо Самдан гуай, халх Чин ван хошууны Намхай нарын тухай гойд сонин дурдатгалууд миний сэтгэлээр билчин өнгөрч байв...

Шөнийн Каирыг нэлсхийлгэн нар гарах мэт болж би нэгэн зүйлийн учрыг айхтар хэцүү ойлголоо. Хэрвээ тэр их хүчтэнүүдийг тэнхээт нутгийн минь шороо төрүүлж чадаагүйсэн бол өнөөдөр буянт Нилийн эрэг дээр хүний зүрхэнд хурсан энэ бүсгүй ээжийн алтан хэвлийгээс монгол газар мэндлэхгүй байжээ. Баяндэлгэр нутаг минь “говийн сайхан Лувсан, хангайн сайхан Янжин" хоёрыг хоёулангий нь зэрэг заяах учиртай, зэрэг заяах тэнхээтэй байж шүү!

Шөнийн Каирын гудамжаар би алхална. Нутаг усны минь тэнхээний тухай хөөрүү дэврүү бодол нэг мэдэхнээ намайг унаган багын нэгэн дурсамжинд живүүлсэн байлаа.

Өгүүлэх нь: Миний багад манайх нэг майга хар аттай байж билээ. Миний мэдэхийн л түүнийг Майга хар гэдэг байв. Манайх нүүх болдог, манай “бөгийг бөглөж, бөгсийг таглахаар” аян жин, ацаг улаанд яваад эзгүй л биш бол Майга харыг л авчирч сөглөдөг байлаа. Аавын гэрийн хос дээвэр туургаар хоёр бөхийг нь манцуйлан ороож, буруу зөв талд нь хоёр хоёр хана барьж хомноод, гэрийн бүх новшийг чихсэн лавтайяа тус бүр арван пүүгийн хар авдрыг тэгнэчихэд Майга хар маань бүтэн нэгийн өмнө сөглөхөд хоёр өвдөг нугалж байсан шигээ л хорвоогийн тайван амирлангуйн туйлыг илтгэсээр хивж хэвтдэг байсан юм. Аугаа юм болгон тайвуун уужуун байдгийн эхний гэрэл сүүдрийг тийнхүү Майга хар маань надад өгсөн билээ. Арван жилийн хөлсөө заран байж, аавын маань босгосон ар зургаан ханатын хоёр салдаг хорол модон тооныг зуун дөрвөн унины нь хамт тэгширсэн бөхөн дээр нь зөрүүлж тавьчихаад, дотор нь өлгүүр тэргүүтэн гал тогооны бүх хэрэглэлийг овоолоход тэр сайхан амьтан сав суулганы хангир жингир гэх яршиг ихтэй чимээнд нэгээхэн ч удаа чих хулам хийлгэдэггүйсэн.

Манайх новш ихтэй айл боловч нүүхдээ Майга хар атнаасаа бараг илүү гардаггүй байж. Тоонон дээр хом гудасхан дэвсэж, саравчтай хаалгаа тавиад, ах маань дүү бид хоёрыг нэг нэгээр нь гаргаж атныхаа нуруун дээр суулгана. Аавын оронд аав болсон тэр амьтны үе нь сунаж гүйцээгүй биенд ачаатай Майга харын нуруунд бид хоёрыг гаргах гэдэг тэрхэн зуур хэрхэн хэцүү байсныг хоёр хэнз дүүгийн нь хэн нь ч гадарладаггүй байжээ. Харин сүүлд ах маань энэ мэт зовлонгоо бидэнтэй хуваалцах болсон үед өмнөх өдрүүдийн тэр мэт явдлын дуулианыг би зүрхэндээ хурааж эхэлсэн юм. Цагийн эрхээр бие оролцож амжаагүй юманд зүрх ийнхүү хожуу гэхгүй оролцдог ажээ!...

Ээж майга харынхаа бурантагнаас шүүрч, ах маань аяархнаар,

-Хөөг, хөөг хэмээн хар атандаа нэгийг хэлэхэд, лунжгар сайхан хар тэмээ эзнийгээ ойлгосноо илтгэх мэт дууны нь өнгөнд ая нийлүүлэн, тэнгэрийн хаяанд суврагалан өндөрлөх аадрын үүл лугаа адил намбатай аяархнаар босож ирдэгсэн. Гэр ачаалсан Майга харын нуруун дээр гарчихаад би дээшээ харж байгаагүй нь огт үгүй ээ! Үзвээс дээд тэнгэрийн бодь биетэй их хөмрөг сөн хэмээн бодож байсан нусгай бандид тэнгэрийн адарт хир ойртсоноо өөрийн нүдээр хэмжиж үзэх тогтооход бэрх нэгэн хүслэн тэр агшинд төрдөг байж уу даа!...

Ээжий намайг юм л болбол:

-Үхэр чинь хаана байна. Ханан хадан дээр гараад харчих! Хурга чинь харагдана уу? Ханан хадан дээрээ гараарай гэдэг байж билээ. Ээжийн ийн өгүүлэх болгонд түүний Ханан хадандаа хичнээн хайртайг би давхар сонсдог байлаа.

Хүйтэн Цагаан овооны Ханан хадны хормойд манайх олон жил зуссан болохлоор орой дээрээ тэрэгтэй ачаа, давхарласан хана хэрэм мэт чулуу овоолсон жижиг хүрэн толгойг ээж бараг өөрийн юм гэж боддог болсон ажээ...

Би ээжийнхээ Ханан хадан дээр тэгтлээ олон гарсан болохоор аавын гэрийг ачаалсан Майга харын нуруун дээр суугаад явахдаа хэдэн түмэн жилийн ч юм бэ бүү мэд уртын урт насыг насалж, цөөн хэдэн дэлгэр зуны цагт миний ээжийн зовох жаргахыг нүдээр үзэж, бүлээн дулаан сэтгэлд нь өмчлөгдсөн тэр ханан хадыг дотроо сэм сэмхэн санадаг байлаа. Тэгэхэд Майга харын минь нуруу Ханан хадны зулай шиг өндөр бодогддогсон. Харин Ханан хадан дээрээ гарахад, Ханан хадны зулай Майга харын нуруу мэт мяндас зөөлөн санагддаг байлаа.

Ханан хадны ёроолоос урсах хүйтэн булгийн дэргэд булгийн ус лугаа адил тунгалаг нүдээ мэлтэлзүүлэн зогсоо Майга харыг харахад говь тал газрын минь мэнгэ гэлтэй, тэр сайхан чулуу, сүр бараагаар тэр чулуунаас даан их дутах биш атан тэмээ хоёр эл горхиор эх нутгийн үндэс ёзоортой холбогдоно уу гэлтэй санагддаг үе байсаан.

Харин ээжийгээсээ хүний амьдралын нэгэн бүтэн үеэр дүү болохлоор тэр хүрэн чулуу, эжий хоёр өмнийн өдрүүдэд ямар сүү шиг ариун дурдатгалаар аминчлан холбогдсоныг гурван бандийн хэн нь ч мэддэггүй, асууж шалгаадаггүй явжээ.

Одоо бодоход Майга харын минь тэр их хүч, түүний хүнтэй ижилссэн ёс хоёр миний нутгийн тэнхээ юмсанжээ. Манай говийн тэнхээ, говийн хүний тэнхээ юмсанжээ.

Бүүр сүүлд том хүү болохын цагт говь талаа орхин, хөвч хангай гэж хэлэлцэгдэх нь диваажингаас ойргүй мэт санагддаг газрын тоосонд гутлын улыг дүрэн, ангийн найз Дэндэвийн Дугарсүрэнг дагаж Богд хан уулан дээрээ гараад, баян цайлган хорвоогийн зулайд гишгэв хэмээн дөрвөн зүг найман зовхисыг харж мэлмэрэхдээ, ээжийн хайртай Ханан хад, Майга хар ат хоёроо элгэн тус газраа олж дурссан юмсан. Гэвч ээж ахын халамжийн хүрээнээс гараагүй, насанд халаагүй балчирхан явсан үедээ Ханан хадны магнайн тоосыг сайртай хөлөөр арчиж, Майга харын нуруунд суугаагүй бол хатан Туулд хөлөө дүрж, Хан уулынхаа зулайг самарч чадахгүй лавтай хэнздэх байснаа ойлгох ухааны тэнхээгүй зогсжээ. Энэ мэт нарийн ширийн бодол, хувийн тайлал зэрэг нь гуч гарахын цагт л зүү шиг нарийн гэгээ гэрлээрээ хүний сэтгэлийг сүлж ордог бололтой. Нас тогтлоо гэж өвгөдийн маань хэлэлцдэг нь ухаан суухын нэр юм байна даа!...

Шөнийн Каирын гудамжаар алхалсаар гэртээ дөхөж ирэв. “Монгол хүн даанч цөөхөн байдаг Африкийн энэ хотод манай жүжигчид ирсэн шүү дээ" гэж санахад сэтгэлд маань нэг л өег дулаан болж байлаа. Тэд нутгийнхаа тэнхээ, уран гоё хоёрыг тээж авчирчээ.

“Би ч гэмээ яаж гэж дээ, тэнхээт тэр нутгийн нэг л хүү нь байна шүү дээ" хэмээн зүрхээ хөөргөсөн онгируун бодол бодов.

Майга хар, Ханан хад хоёрыг дамжин Хан уулын шилд гарсан надад итгэж албаа хаалгахаар , тэнхээт нутаг минь намайг пуужин мэт тив алгасуулан чулууджээ!

“Ай даа, Тэнхээт нутаг мину, зээ хэмээн хоолой зангируулан бодлоо! Улаанбаатар.

1968.1970

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/ 505

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top