Уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ уруудахад эдийн засаг дагаад унадаг бичигдээгүй хуультай билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр савлаж, буурах тохиолдолд эрсдэлийг даах үйлдвэр, импортыг орлох, экспортонд гаргадаг бүтээгдэхүүн манай улсад үгүй учраас хямарсаар байна. Өнгөрөгч 2011 оны эцсээр манай эдийн засаг 17 хувьд хүрч өссөн нь ч санаандгүй хэрэг биш. Тухайн үед манай гол экспортлогч хятад оронд нүүрсний эрэлт их байв. Учир нь хятадад коксжих нүүрс нийлүүлдэг гол экспортлогч Австралийн уурхай тэр чигтээ үерт автсан нь ийнхүү бидний эдийн засгийг өндөр авахад хүргэсэн юм. Даанч нүүрснээс орж ирсэн мөнгөөр нэг ч бүтээн байгуулалт, үйлдвэр барихыг эрмэлзээгүй, халамжийн чиглэлд тараагаад өгчихсөн нь харамсахад хүргэсэн.
Тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээл дээр тийм ч сайнгүй байсаар өнөөдөртэй золгосон гэхэд болно. Энэ хэрээр манайхан жилийн жилд төсөв батлахдаа зэс, нүүрсний үнийг өндөр төсөөллөөр суулгаж өгснөөр алдагдал хүлээсээр ирсэн. Үүнийг “Мөрөөдлийн төсөв” ч гэж удаа дараа шүүмжилж л байсан. Энэ гэгээн мөрөөдөмтгий төсвөөс үүдэн нэг жилд төсвөө хэд дахин тодотгох явдал ч байсан хийгээд төсвөө 2-3 их наяд төгрөгийн алдагдалтайгаар баталсаар иржээ.
Гэтэл сүүлийн хэдэн жилд зэсийн үнэ 7000 ам.долларт хүрэх нь бүү хэл зарим жил 3600 ам.долларт хүрч уруудаж, хамгийн дээд тал нь 5000 ам.долларт хүрч байв. Харин олон жил мөрөөдлөөрөө төсөв баталж ирсэн манай УИХ 2018 оны төсөвт зэсийн үнийг 5000 ам.доллар байхаар төсөөлөл суулгаж өгсөн ч зэсийн үнэ өдгөө 7220 ам.долларт хүрчээ. Ямартай ч гадна дотны шинжээчид, бидний төсөөллөөс 2000 гаруй ам.доллараар өссөн нь сайхан хэрэг. Энэ жил төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давсан мэдээ бий. Тэгэхээр ирэх оны төсөвт үүнээс дутахгүйг зөвхөн зэсийн үнийн өсөлт харууллаа. Энэхүү төсөв давсан 500 тэрбум төгрөг ч нүүрсийн үнийн өсөлт бас хамаатай. Үүнд хөөрөх хэрэггүй, өнгөрөгч 2017 онд 23 сая тонн коксжих нүүрс экспортлоно гэснээ биелүүлж, тэр нь өндөр үнэтэй таарч гээд бодчих.
Тэгвэл өнөөдрийн байдлаар манай гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ ямар байгааг эдийн засагчдын өгсөн мэдээнээс харъя. Сүүлийн жилүүдэд 50 орчим ам.долларт хэлбэлзэж байсан нүүрсний үнэ өнгөрөгч 2016 онд 97 ам.доллар болж өссөн бол 2017 онд зарим үед 150 орчим ам.долларт хүрч байв. Харин өдгөө хятадын зүүн эрэгт нэг тонн нь 244 ам.долларын үнэ хүрсэн байна. Энэ бол сүүлийн 90 хоногт 8.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Шангси мужид нэг тонн нүүрс 221 ам.долларын ханштай байна. Шангси муж бол манай улсын нүүрс олборлогч “Эрдэнэс Тавантолгой”-н гол худалдан авагч бүс нутаг юм. Тэгэхээр эдийн засаг хямарсан гэх жилүүдэд манай нүүрсний үнэ 50-100 ам.долларын ханштай хэлбэлзэж ирсэн. Зарим үед 50 ам.доллараас ч уруудаж байсан удаатай. Тэгэхээр гол нэрийн бүтээгдэхүүн маань ийм дор унасан тохиолдолд манай эдийн засагт эерэг үзүүлэлт ирнэ гэж хэзээ ч үгүй. Харин өнөөдөр нүүрсний үнэ 240 ам.долларыг хэдийнээ давсан нь эдийн засаг өсөхийн сайн дохио.
Үүнээс гадна Хятадын Хэбэй муж бол коксжих нүүрсний томоохон зах зээл бөгөөд энэ бүс нутагт тонн нүүрс 243 ам.долларт хүрсэн аж. Тэр тусмаа Хэбэйд сүүлийн 90 хоногт үнэ харьцангуй тогтвортой байгааг эдийн засагчид өгүүлж байгаа нь цаашид ч ханш хэвээр хадгалагдах буюу өсөх магадлал байгааг харуулсан хэрэг. Манайх дундажаар жилд 20 орчим сая тонн нүүрс экспортлоод тэр нүүрсний үнэ 240 ам.долларын ханшаа буулгахгүй бариад байхад эдийн засагт том эргэлт болно гэсэн дүгнэлт ч бий. Энэ бол манайх шиг жижиг эдийн засагт бол маш том мөнгө босно гэсэн үг. Дэлхий дээр нийтдээ 7.6 тэрбум тонн нүүрсний хэрэглээ байгаагаас хятад улс дангаараа 50 хувийг нь эзэлдэг бол манай улс үүний 10 орчим хувийг нийлүүлдэг байна. Манайх жилдээ 20 гаруй сая тонн нүүрс олборлодог улс орон. Шунах ч хэрэггүй, үүнийгээ өндөр үнэтэй үр ашигтай зарчихаад байхад эдийн засагт эргэлт тасрахгүй л гэсэн үг.
Ингэхээр мөнхийн хэрэглэгч хятад орон хил залгаад оршиж байхад манай нүүрс зарагдсаар байх болно. Харин бид үнийн өсөлт дагасан халамжаа танаж, үйлдвэрлэлд мөнгө оруулах нь чухал гэдгийг өнгөрөгч цаг хугацаа харууллаа.
Үүнээс гадна Монгол Улс газрын тос олборлодог орон хэдий ч нефть нэрэх үйлдвэртэй байсангүй. Тиймээс энэ жил Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр байгуулах ажил нэгэнт гараанаас гарсан нь сайн хэрэг. Эх орныхоо хөрсөн дороос нефть олборлоод, түүнийгээ эх орондоо нэрж эцсийн бүтээгдэхүүн гаргаад өөрсдөө хэрэглэнэ гэдэг маш том алхам.Энэ бүхий л эерэг мэдээллээс харж байхад бид аюулаас улам алсарч байна. Манай эдийн засагт арав орчим их наяд төгрөг эргэж, төсвөө долоон их наяд орчимд багтаадаг ийм улс оронд экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад алзах юусан билээ.
Хамгийн гол нь гадна дотны шинжээчид ирэх 3 жилд эдийн засаг тогтмол хоёр хувиар өсөж, 2019 онд 7,1 хувьд хүрнэ хэмээжээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Хямрал цаашлахд Хумслалт наашилна