С.Амарсайхан: Газрын албаныхан оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй

2018 оны 02 сарын 12

НИТХ-аас "Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан өнгөрсөн сарын 22–нд "Соёлын төв өргөө”-нд зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар болон дүүргийн НИТХ-ын дарга нарыг оролцуулсан "Газрын харилцаа” сэдэвт хурал зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ.

Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 22-нд "Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт 520 гаруй өргөдөл гомдол ирүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээс ирсэн гомдол, саналыг ангилсан.

Нийслэлийн газрын албатай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн хурал зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Нийслэлийн Ажлын албанд нийт 521 өргөдөл гомдол ирсэн. Хэлэлцүүлгийг СТӨ-нд зохион байгуулж байх явцад 92 өргөдөл, нийтдээ 613 санал, гомдлыг хүлээж авсан.

Түүнийгээ агуулга, хэлбэрээр нь ангилахад газар эзэмших, өмчлөхтэй холбоотой маргаан ихэнх хувийг эзэлж байгаа нь харагдаж байна. Үүнээс гадна газрын албаны алба хаагчид, дарга нарын ажлын зохион байгуулалт иргэдийн санал, гомдлыг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ажилчдын ёс зүй, харилцаа, мэргэжлийн ур чадвар зэрэгтэй холбоотой гомдол ч их байна” гэлээ.

Өнгөрсөн жил 34949 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авчээ


Нийслэлийн газрын албанд өнгөрсөн жил 34949 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авчээ. Үүнээс 30 мянга гаруйг нь шийдвэрлэсэн бол 4249 өргөдөл, гомдол нь шийдвэрлэх шатандаа явж байгаа юм байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 28 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, 25 хувийг эрх шилжүүлэх, 16 хувийг зориулалтын талбайн хэмжээг өөрчлөх, 10 хувийг эрх баталгаажуулах, 10 хувийг газрын маргааны асуудлыг шийдвэрлэх, 11 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа, бүртгэх, хасуулах үйлчилгээ авах хүсэлт эзэлжээ.

С.Амарсайхан: Байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй

Энэ уулзалт зөвлөгөөний үеэр НИХТ-ын дарга С.Амарсайхан нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нарт хандаж үг хэллээ. Тэрбээр "Улс төрийн оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй. Үүнээс болж нийслэл өнөөдөр ямар байдалд хүрээд байгааг анхаарч, алдаа оноогоо засах хэрэгтэй. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно оо, Э.Болорчулуун аа.

Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү. Өнгөрсөн сард болсон хэлэлцүүлгийг зохион байгуулахад иргэдийн санал гомдол болон газрын албаны ажилчин, алба хаагчтай холбоотой, зарим нэг өмчийн албын албан тушаалтнуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг тэр чигээр нь боомилсон. Өнөөдөр байгаа нөхцөл байдлыг далдалдаг, байхгүй зүйлийг байгаа юм шиг ярьдаг зүйлээсээ татгалзах хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top