Сансрын технологи Монгол Улсын анхны хиймэл дагуул ”МАЗААЛАЙ”

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

МУИС нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэгэн тулгуур, мэдлэгийн гол цөм болсон үндэсний тэргүүлэх судалгааны их сургууль болохын хувьд “Сансрын технологи болон түүний хэрэглээ”-г судалгааныхаа тэргүүлэх салбаруудын нэг хэмээн үзэж сүүлийн жилүүдэд дэмжин ажиллаж ирлээ. Мөн улс орныхоо нийгэм, эдийн засгийн эрэлт шаардлагад нийцсэн судалгааг олон улсын түвшинд явуулан, улмаар эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, цаашилбал хүн төрөлхтний сайн сайхны төлөө шинжлэх ухаанч үйл хэргээ зориулна хэмээн судалгааны талаар баримтлах бодлогодоо тунхагласан байдаг. Түүний нэгэн үр дүн бол МУИС-ийн Нано хиймэл дагуулын лабораторийн залуу судлаачдын хийсэн Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай” юм

 


“Мазаалай” Олон Улсын Сансрын Станцаас задгай сансарт гарч ажиллаж эхэлсэн билээ. Монголын анхны хиймэл дагуулыг “Мазаалай” гэж нэрлэсэн нь устах аюулд өртөж буй мазаалайг хамгаалах, дэлхий нийтэд сурталчлах зорилготой. “Мазаалай” хэмээх энэхүү хиймэл дагуулыг олон улсын BIRDS төслийн хүрээнд Япон улсын Кюүшүгийн Технологийн Институт (KТИ) дээр Монгол Улсын Их Сургуулийн 3 залуу багш судлаачид докторантурт суралцангаа гардан бүтээсэн юм. 2015 оноос эхлэн KТИ дээр хэрэгжиж буй BIRDS буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөлд Япон, Монгол, Бангладеш, Нигери, Гана гэсэн 5 улс өөрсдийн хиймэл дагуулаа бүтээж, мөн Тайланд улс болон Тайвань газрын станцын сүлжээнд багтан оролцож байна. Төслийн үндсэн зорилго нь хөгжиж байгаа орнуудын анхны хиймэл дагуулыг бүтээх явцдаа энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, сансрыг энх тайвны үйлсэд ашиглах үүднээс олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. 2016 оны 10-р сараас “Мазаалай“ хиймэл дагуулын сансрын тойрог замд гаргах хувилбарыг угсарч эхэлсэн бөгөөд олон улсын стандартын шаардлага хангаж байгааг нотлох сорил туршилтууд хийгдсэний дараа 2017 оны 2-р сард Япон улсын Сансрыг Нээн Судлах Агентлагт (JAXA - Japan Aerospace Exploration Agency) хүлээлгэн өгсөн. Улмаар Монголын цагаар 2017 оны 6 дугаар сарын 4-нд АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс “Мазаалай” хиймэл дагуулыг Олон Улсын Сансрын Станцад хүргэхээр Фалкон-9 пуужин амжилттай хөөрсөн юм. Харин “Мазаалай” хиймэл дагуул уг хөөргөлтөөс сар орчмын дараа Олон Улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхэлсэн билээ. Энэхүү сансрын тойрог замд гаргах үйл явдал нь Монгол хүн сансарт ниссэний дараа орох томоохон түүхэн үйл явдалд тооцогдож байна.Монголын анхны хиймэл дагуулыг бүтээхэд Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газар дэмжин оролцсон юм. Уг төсөл нь “Инженер Технологийн Дээд Боловсрол” (ИТДБ) төсөлийн хүрээнд Монгол Улсын Их Сургууль дээр сансрын технологийн чигллээр хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх томоохон ажлын эхлэл болж байгаагаараа онцлогтой юм. Мөн уг хиймэл дагуулыг удирдах газрын станцыг Монголын ард түмэн, МУИС-ийн оюутан, багш, ажилчдын хандив дэмжлэгээр бүтээн байгуулжээ.

 

“МАЗААЛАЙ“ ХИЙМЭЛ ДАГУУЛ НЬ ДАРААХ ҮҮРГҮҮДИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗОРИЛГОТОЙ.

Үүнд:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн зургийг сансраас 100 метрийн өндөр нарийвчлалтай авч дамжуулах

2. Сансраас радио долгионоор урьдчилан бэлтгэгдсэн мэдээлэл, тухайлбал, Монгол улсын төрийн сүлд дууг сонирхогчийн радио долгионоор дэлхийд цацах

3. Эдгээр 5 хиймэл дагуулын системийг оролцож буй улс болгонд байрласан газрын станцуудын сүлжээгээр удирдах (Дэлхийд анх удаа)

4. Хиймэл дагуулын байрлалыг газрын станцын олон улсын сүлжээ ашиглан өндөр нарийвчлалтай тогтоох

5. Олон улсын сансрын станц байрладаг дэлхийн нам орбитын орчим дахь агаарын нягтыг тодорхойлох

6. Сансрын цацраг идэвхийг хиймэл дагуулын байрлалаас хамааруулан тогтоох

Монголын анхны хиймэл дагуулын төслийн ерөнхий менежмент, санхүү, харилцаа холбоогДоктор Д.Улам-Оргихоор ахлуулсан МУИС- ийн ажлын хэсэг болон Доктор Р.Цолмон багштай Зайнаас тандан судлал, Газарзүй, мэдээллийн системийн лаборатори гүйцэтгэж, Хиймэл дагуулыг Япон улсын Кюүшү технологийн институтэд сансрын инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцаж буй МУИС- ийн багш, Нано-Хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар гардан бүтээв. Төслийн багийн нэг гишүүний суралцах хугацааны тэтгэмжийг Монголын Инженер Технологийн дээд боловсрол төсөл, хоёр гишүүний суралцах хугацааны зардлыг Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яамны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сансрын албатай хамтарсан төслийн хүрээнд гаргаж байгаа.

Хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж Монгол хүний гараар бүтсэн төхөөрөмж сансарт ажиллаж, тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа явдалд оршино. Түүнээс гадна зөвхөн энэ хиймэл дагуулыг хөөргөөд зогсохгүй, сансрын технологи, хиймэл дагуулын инженерчлэлийн мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл тавигдаж байна. Аливаа улс орон шинэ технологи эзэмшсэнээр бүх талаар улам хүчирхэгжиж байдаг.Хиймэл дагуулыг Монгол улсад хөгжүүлснээр эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтойг товч дурдъя. Хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай. Мөн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой юм.

"МОНГОЛ ДАХЬ САНСАР СУДЛАЛЫН ТҮҮХ"- ЭЭС

1965: Орчин үеийн сансрын технологийн судалгаа интеркосмос хөтөлбөрийн хүрээнд эхлэв

1970: Хиймэл дагуулаар цацсан телевизийн мэдээг анх удаа орбит газрын станц дээр хүлээж авав.

1970: Дэлхийн метерологийн хиймэл дагуулын мэдээг хүлээж авах станц байгуулагдав.

1981: Жүгдэрдэмидийн Гүррагчаа Монгол Улсын анхны, Азиас хоёр дахь, дэлхийн арав дахь орны сансрын нисэгч болов.

2008: Мянганы хөгжлийн хөтөлбөрт 2016 онд НАНО жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар 2016-2021 оноос эхлэн жижиг оврын хямд өртөгтэй хиймэл дагуулыг бүтээж үр дүнг шаардлагатай салбаруудад хэрэглэж байх тухай тусгагдаж улсын их хурлаар батлагдав.

“МАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТӨСЛИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧОО

2013: Монгол Улсын Их, Дээд Сургуулиудын хооронд “Хиймэл дагуул бидний гараар” сэдэвт КАНСАТ-ын тэмцээн зохиогдож эхлэв.

2013-04: МУИС дээр багш доктор Б.Сувданцэцэгийн санаачлагаар Мобиком Корпорацийн санхүүжилтээр Нано-Хиймэл Дагуул Хөгжүүлэлтийн лаборатори байгуулагдав.

2014-10: Инженерийн багийн гишүүн Д.Эрдэнэбаатар НҮБ-ийн Сансрын уудмыг энх тайвнаар ашиглах хөтөлбөрийн хүрээнд Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдан, Кюүшүгийн Технологийн Институтэд “Сансрын Инженерчлэл”-ийн чиглэлээр докторын сургалтад хамрагдахаар явав.

2015-08: Инженер Технологийн Боловсрол төслийн хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Япон улсын Кюүшүгийн Технологийн Институтийн хамтарсан “Сансрын Технологи ба түүний хэрэглээ” төсөл эхлэв.

2015-09: Кюүшүгийн Технологийн Институтэд инженерийн багийн бусад гишүүд болох Т.Төртогтох “Сансрын Технологи ба түүний хэрэглээ” төслийн хүрээнд, Д.Амартүвшин НҮБ- ийн Сансрын уудмыг энх тайвнаар ашиглах хөтөлбөрийн хүрээнд “Сансрын Инженерчлэл” сэдвээр докторын сургалтад хамрагдахаар болж,инженерийн баг бүрэлдэв.

2015-10: Монгол, Япон, Бангладеш, Тайланд, Тайвань, Гана, Нигери гэсэн олон улсын инженерүүдээс бүрдсэн баг олон улсын сүлжээ байгуулан ажиллах зорилготой жижиг оврын хиймэл дагуулын “BIRDS” буюу “Шувууд” төслийг хэрэгжүүлжэхлэв.

2015-11: Хиймэл дагуулын даалгавар тодорхойлох хэлэлцүүлэг болов.

2016-02: Хиймэл дагуулын урьдчилсан загвар тодорхойлох хэлэлцүүлэг болов.

2016-06: Хиймэл дагуулын эцсийн загвар тодорхойлох хэлэлцүүлэг болов.

2016-10: Монгол Улсын Их Сургууль болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран BIRDS олон улсын төслийн хүрээнд “Мазаалай” нэрт хиймэл дагуулыг хамтран санхүүжүүлж хөөргөх гэрээг байгуулав.

2017-02: “Мазаалай” хиймэл дагуулын угсралт, туршилтын ажил бүрэн дуусаж Японы сансрын агентлагт хиймэл дагуулыг хүлээлгэн өгөв.

2017-06-04: Мазаалай хиймэл дагуул тээвэрлэгч пуужингаар Олон Улсын Сансрын Станцад очив.

Бэлтгэсэн: Д.Мягмарсүрэн

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(223.104.15.81) 2023 оны 10 сарын 30

Бусдын шинжлэх ухааны тусламжтайгаар ... бусад улс оронд хиймэл дагуул хөөргөдөг ... маш нууц газарзүйн орчноо дэлгэх нь тийм ч сайн биш юм

2  |  0
Сүх(66.181.184.80) 2023 оны 10 сарын 30

Хүүхдүүдэд баяр хүргэе амжилт хүсье!!!! Ач холбогдлоороо санарт хүний унаанд сууж ниссэнээс илүү чухал юм биш үү?

1  |  1
Top