Туул голын гольдиролд иргэдийн оролцоо хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 34 тоот захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг ажлын хэсэг Туул голын гольдирол татмын дагуу Улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай УИХ-аас гаргах тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Мөн иргэд ч уг тогтоолын төсөлд холбогдуулан санал бодлоо илэрхийлж болох ажээ. Ингээд та бүхэнд УИХ-аас гаргах тогтоолын төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.


төсөл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

ТУУЛ ГОЛЫН ГОЛЬДИРОЛ ТАТМЫН ДАГУУ УЛСЫН ТУСГАЙ

ХАМГААЛАЛТАД АВАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДУУЛЖ АВАХ

ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас  ТОГТООХ нь:

 

1.Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, цэвэр усны нөөцийн хомсдол, Туул голын урсац тасалдах, аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах, Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Туул голын гольдирол татмын дагуу Байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсугай.

 

2.Туул голын гольдирол татам болон цэвэр усны хамгаалалтын бүсийг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-д дараах арга хэмжээг авч ажиллахыг даалгасугай.

 

1/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай хууль болон холбогдох хууль тогтоолыг үндэслэж Байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авч байгаа Туул голын гольдирол татам болон цэвэр усны бүсийн газар нутгийн хилийн заагийг тогтоож тэмдэгжүүлэх,

 

2/ Гадаргын болон газрын гүний цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, урсцыг сайжруулах, зохистой ашиглах зорилгоор Туул усан сан байгуулах ажлыг эхлүүлэх,

 

3/ Туул голын сав газрын гүний цэвэр усны нөөц ашигласны татвар, усны үйлчилгээний төлбөр, Туул голыг бохирдуулсны төлбөрийг шат дараатайгаар нэмэгдүүлж, зах зээлийн ханшид нийцүүлж, татвар төлбөрийг Туул гол мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлж төсөвт тусгах,

 

4/ Туул гол мөнгөн хөрөнгийн сангийн хуримтлалын 70-аас доошгүй хувийг 10-аас доошгүй жил хуримтлуулж зөвхөн Туул голыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, Туул усан сан байгуулахад зарцуулахаар төлөвлөж ажиллах,

 

5/ Хэрэглэж, ашигласан усыг олон улсын стандартын шаардлага хангатал цэвэрлэж, усыг дахин ашиглах, хамгаалалтын бүсэд хатуу хог хаягдал болон шингэн хог хаягдал нийлүүлэх, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах, нэмж гүний худаг гаргахыг хориглож ажиллах,­

 

6/ Туул голын тусгай хамгаалалтад авсан хэсэгт ашигт малтмал хайх, газар ашиглах, эзэмших, өмчлүүлэхийг хатуу хориглож эрхийн гэрчилгээг сунгахгүй байх, газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулахыг хориглож, байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгах,

 

7/ Туул голын тусгай хамгаалалтын бүсэд мод бут огтлох, газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхит бодис хадгалах, агуулах, шатахуун түгээх станц байршуулах, автомашин техник угаах, бүх төрлийн бордоо, пестицид хийх, мал угаах, бүх төрлийн үйлдвэр байгуулахыг хориглож ажиллах,

 

8/ Туул голын хамгаалалтыг нэмэгдүүлж, чанаржуулах, иргэд малчид, төрийн бус байгууллагаар хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж Туул гол мөнгөн хөрөнгийн санд хуримтлагдах төсвийн 30 хүртэлх хувийг зарцуулж санхүүжүүлж ажиллах,

 

9/ Туул голд цутгах гол, горхи, нуур тойром, булаг шанд, рашаан, газрын доорх усны ордыг бохирдуулахыг хориглож Туул голыг бохирдуулж байгаа иргэн, аж ахуй нэгжтэй хариуцлага тооцож ажиллах,

 

10/ Туул голын сав газарт гүний худаг гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын бүртгэлийг хийж, хэрэглээг тодорхойлж, төлбөрийг Туул гол мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлэх, нэмж гүний худаг гаргахыг журамлаж ажиллах,

 

11/ Хөрс, гүний усны бохирдлын гол эх үүсвэрүүдийн нэг болсон гэр хорооллын айл өрхүүдийн хог, нүхэн жорлонгийн бохир хөрсний усанд нэвчих уламжлалт байгууламжийг хөрсөнд нэвчихгүй олон улсын шинэ технологийг нэвтрүүлж, стандарт журмыг боловсруулж мөрдүүлж ажиллах,

 

12/ Аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бол өөрийн цэвэрлэх байгууламжтай байх олон улсын стандартыг нэвтрүүлж, хэрэглэсэн усаа дахин ашиглахыг шаардаж ажиллах,

 

13/ Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний насжилтыг уртасгах, шинэчлэх, засварлах ажилд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, шинээр төлөвлөж буй орон сууцны хорооллын ундны цэвэр ус, ахуйн хэрэглээний усыг тусад нь төлөвлөх, гарсан бохир усыг цэвэршүүлэн ариутгах татуургын систем, ногоон байгууламжийн усалгаанд болон үйлдвэрийн хэрэгцээнд дахин ашиглах технологийг нэвтрүүлэх,

 

14/ Туул голын хортой бохирдол бүхий урсгалтай хэсгээс хүн, мал, амьтан ундаалах, ахуйн зориулалтаар ашиглахыг хориглож ажиллах,

 

15/ Жил бүр Туул голын асуудлаар Зөвлөгөөн зохион байгуулж Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээг иргэд олон нийтэд танилцуулж байх,

 

 

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА М.ЭНХБОЛД

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top