АТГ: 60 тэрбумын хэргийг Прокурорын хамтарсан ажлын хэсэг сэргээн шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас энэ сарын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм.


 

Энэ үеэр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна.

Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна.

Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдсон тул холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

Мөн өнгөрч буй сард Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд ажилчдад олгох цалингийн хэмжээг сар бүр нэмэгдүүлж улмаар хувьдаа завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, “Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 426 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг шинээр нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Түүнчлэн “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

Хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-АТГ-ын дарга Х.Энхжаргалын охин “Шарын гол”-ын уурхайн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэх мэдээлэл байна?

-АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Шарын гол компани болон аль нэг төрийн байгууллагын ТУЗ-д ажилладаг хүүхэд байхгүй. АТГ-ын нэр хүндэд халдах, үйл ажиллагааг саармагжуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа, худал мэдээлэл гэж үзэж байна. Дээрх мэдээллийг анх олон нийтэд цацаг төөрөгдүүлсэн хүн бол АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн бөгөөд ажиллаж буй байгууллагынхаа нэр хүндэд халдаж байгаа үйлдлийг бид цагдаагийн байгууллагад шалгуулна.

-АТГ-аас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж байгаа гэсэн. Энэ талаар?

-Прокурорын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарч энэ хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

-Өнөөдөр МУИС-ийн нэр бүхий албан тушаалтнуудад хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарсан байна?

-Тус сургуулийн багш нарыг авлигын хэргээр шалгасан зүйл байхгүй. Зөвхөн хөрөнгө санхүүгийн шалгалт оруулаад байгаа юм. Хараахан тодорхой болоогүй байгаа учир нэр дурдах боломжгүй.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэргийн явж аль шатандаа явж байна вэ?

-Хоёр сайдын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тун удахгүй зарим шинжилгээний байгууллагын дүгнэлт гарах байх.

Б.ЦОГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top