Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд гэм буруугүй хэмээн цагаатгажээ.
Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн албан тушаал хашиж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн яллагдагчаар татах санал хүргүүлсэн байдаг.
Дээрх хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоос тодруулахад “Хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэж үзээд манайхаас шаардлагатай санал хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар хэргийг шүүх бие даасан эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул бид энэ хэргийн шийдвэрлэлтэд тайлбар өгөх боломжгүй” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нь эхнэртэйгээ хамтарч үнэт эдлэл зарж дээрх хөрөнгийг олсон хэмээн мэдүүлсэн ба худалдааны орлого зарлагын дэвтрийг шүүгч нотлох баримт болгон хүлээн авснаар хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн байна. Харин Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.Базархандын шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.
Б.ЦОГ
Сэтгэгдэл ( 1 )
hahiul avdag shuugch nar...