Сэтгүүлчээ ЗАРЛА эсвэл УУЧЛАЛ хүс

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

Нэг гэр бүлийн долоон хүн ослын улмаас амиа алдаж, уг хэргийг прокуророос гуравдахь удаагаа хэрэгсэхгүй болгосон талаар хохирогчдын ар гэрийнхэн өнгөрөгч долоо хоногт хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэхүү хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд мэдээлсэн ч эргээд салбараараа "боорлуулах" сэдвийн бай болов. 

Юу болов?

Дөрөвдэх засаглал гэгдэх сэтгүүлзүйн салбар нь улс оронд өрнөж буй үйл явдлыг бодитоор мэдээлж, үнэний талд зогсох бичигдээгүй хуулийн дагуу ажиллаж ирсэн. Харин бусдын буруутай үйлдлийн улмаас долоон хүнээ нэг дор алдаж, уй гашууд автсан хохирогчдын ар гэрийнхнээс “ослын тухай нэвтрүүлэг бэлтгэнэ” хэмээн нэр бүхий сэтгүүлч 1.4 сая төгрөг авсан гэх мэдээлэл цахим орчинд хүчтэй тарав. Мөнгө авсан байж болзошгүй гэх нэг сэтгүүлчийн өмнөөс нийт сэтгүүлч, сэтгүүлзүйн салбарынхан шүүмжлүүлж, олны амны бай болж, салбарын нэр хүндэд бүхэлд нь халдсанд сэтгүүлчид ч бухимдаж эхлээд байна.

Үнэхээр нэр бүхий сэтгүүлчийн олон нийтийн сүлжээнд анхлан бичсэнчлэн ядарсан, уй гашуу тохиосон хохирогчийн ар гэрээс хэн нэгэн сэтгүүлч мөнгө авсан эсэх нь хамгийн чухал асуудал. Тиймээс энэхүү асуудлаар хохирогч эмэгтэйн эгч Х.Алгирмаатай утсаар холбогдож тодруулсан юм.

Тэрбээр “Өнөөдөр маш олон хүмүүс ар гэрийнхэн рүү утасдаж, ямар сэтгүүлчид хэдэн төгрөг өгсөн талаар асууж лавлаж байна. Энэ мөнгөний хувьд сүүлд хэвлэлийн хурал хийлгэх гэж мөнгө төлсөн нь үнэн. Мөнгөний хэмжээ, сэтгүүлчийн нэрийг нэрлэж чадахгүй” гэх тайлбарыг өгсөн юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, өөрийгөө эрэн сурвалжлах сэтгүүлч хэмээн танилцуулсан нэгэн сэтгүүлч ослын тухай нэвтрүүлэг хийнэ хэмээн талийгаачийн ар гэрийнхнээс сая гаруй төгрөг авсан аж. Түүнчлэн мөнгө авсан сэтгүүлч нь хохирогчдын ар гэрийнхэн рүү утасдаж сэтгүүлч болон байгууллагын нэрийг олон нийтэд зарлахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсан гэх мэдээлэл байна.


Үнэн бол ёсзүйгүй СЭТГҮҮЛЧИД хариуцлага тооцъё

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт нийт 6000 орчим хүн ажиллаж байгаагийн 2200 гаруй нь сэтгүүлч гэх орон тоонд идэвхитэй ажиллаж яваа. Хэрэв мөнгө авсан гэх сэтгүүлчийн үйлдэл үнэн бол нээлттэй зарлах, харин худал, эсвэл нотолж чадахгүй бол дээрх 2000 гаруй сэтгүүлчээс мэргэжлийн нэр хүндийг нь хөндсөн асуудалд хүлцэл өчих нь зүйн хэрэг. Учир нь дээрх мэдээлэл болон өмнө ч гарч байсан "сэтгүүлчид шантаажлан байр авсан", "сэтгүүлчид 50 мянган төгрөгөөр ярилцлага авдаг" гэх мэт нотолгоогүй эсвэл хэдхэн хүний буруутай үйлдлээр нийт сэтгүүлчид хараалгаж, доромжлуулан бухимдаж байна.  

Түүнчлэн хэн нэг сэтгүүлч ёсзүйн алдаа гаргасан, цаашид ч дээрх мэт асуудал үүссэн тохиолдолд хариуцлага тооцдог жишиг тогтоох шаардлага тулгарч буй. Ингэвэл "худалдагдсан", "шантаажчин" гэж нэрлэгдээд байгаа сэтгүүлч нэртнүүдээс салбараа "цэвэрлэж" эхлэх юм. "Их цэвэрлэгээг" дагаад сэтгүүлчдэд мэргэшлийн зэрэг олгож, жинхэнэ мэргэжлийн, мэргэшсэн сэтгүүлч үү эсвэл сэтгүүлч нэр зүүсэн бичээч үү гэдгийг ялгаж салгадаг болох том алхам хүлээж буй.

Эс бөгөөд тухайн нэг сэтгүүлч, эсвэл сэтгүүлч гэх нэрээр өөрийгөө танилцуулсан нэгний өмнөөс ёсзүйгээ баримталж, мэргэжлийн ур чадвараа гарган олон нийтийг мэдээ мэдээллээр хангах үүргээ биелүүлэн шударгаар ажиллаж яваа олон зуун сэтгүүлч давхар хохирч, доромжлуулж, хараалгах нь шударга бус. "Цагдаагүй нийгэмд амьдрах боломжгүй" гэдэг шиг "Сэтгүүлчгүй, хэвлэл мэдээлэлгүй" нийгмийг төсөөлөх аргагүй. Тиймээс нийгмийн "хоточ нохой"-н үүргээ шударгаар гүйцэтгэж яваа нийт сэтгүүлчдийг хоморголон дайрдаг энэ жишгийг халах цаг болсон нь дээрх жишээнээс харагдаж байна. 


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(183.177.96.131) 2018 оны 09 сарын 04

монголд тээврийн хэрэгслээр санаатай ч бай санаандгүй бай хүний ам хүрсэн этгээд зүгээр л тэнсэн харгалзах ялтай байдаг.Хохирогчид зүгээр л хохироод үлддэг хорвоо болоод даруй 28 жил болж байх Тэр жил өмнөговь аймгийн Баян далай сумын нутагт нэг уурхай компани хурган дарганцар замаас даруй 1,3 км зайд байсан зурван гэрийн нэгийг нь дайрч дотор нь байсан гэр бүл тэр чигээрээ үхсэн тухайн хэрэг тэгэсгээд л хавь дарагдсан биз

0  |  0
яүёхши(150.129.140.243) 2018 оны 09 сарын 03

ыуэагглёхшбвшхуихвишвхгбйлбйаббйавхгбйлббйаагшвыуэагглёхвтйыхвэыггхгивбгг

0  |  0
Top