Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл” романыг монгол хэлнээ анх удаа хөрвүүллээ

2018 оны 09 сарын 07

Өнгөрөгч оны 912 дахь удаагийн Нобелийн шагналтан Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл” романыг Монсудар хэвлэлийн газар монгол хэлнээ анх удаа албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргалаа. Тус зохиолыг Г.Сугиррагчаа англи хэлнээс орчуулжээ.

Номын нээлт өчигдөр буюу 09-р сарын 06 ны пүрэвт гаригт "icinema" кино театр 18:30 цагт болов. Нээлтийг тохиолдуулан тус зохиолоос сэдэвлэн бүтээсэн Оскарын шагналт Энтони Хопкинс, Эмма Томпсон нарын гол дүрд нь тоглосон “Өдрөөс үлдсэн зүйл” буюу “The Remains of the Day” киног “Dreamers Day” кино өдөрлөгтэй хамтран монгол хадмал орчуулагтайгаар үзэгч, уншигчдад хүргэлээ.

Казүо Ишигүро нь 1954 онд Японд төрсөн ч 1960 онд гэр бүлээрээ Их британи руу цагаачилжээ. Англид боловсрол эзэмшсэн тэрээр 1982 онд Их Британийн харьяат болсон байна. Түүнийг зохиолч болоход Толстой, Чехов, Жойс, Фицжералд, Хемингуэйн бүтээлүүд их нөлөөлсөн гэнэ. “Өдрөөс үлдсэн зүйл” зохиолоос нь гадна түүний “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч”(An Artist of the Floating World), “Биднийг өнчин байхад” (When We Were Orphans), “Намайг бүү явуулаач” (Never Let Me Go) зэрэг алдартай бүтээлийг Монсудар хэвлэлийн газраас орчуулан гаргахаар төлөвлөөд байгаа аж. Казүо Ишигүро нь Их Британийн Хатан хааны утга зохиолын нийгэмлэгийн гишүүн бөгөөд 1995 онд Их Британийн хаант улсын одонгоор шагнуулжээ. Харин 2017 оны аравдугаар сарын 5-нд Нобелийн утга зохиолын шагналын эзнээр тодорсон байна. Тус шагналыг хүртэхэд гол нөлөө үзүүлсэн бүтээл нь “Өдрөөс үлдсэн зүйл” роман ажээ.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top