ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
57 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 9. Энэ өдрөөс хойш он дуусахад 144 хоног үлдэж байна. Өдрийн наран 05 цаг 36  минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотноо үүлэрхэг 24 хэмийн дулаан байна. Үс зауулахад тохиромжгүй.

Өнөөдөр Олон улсын уугуул иргэдийн өдөр, Сингапур улсад Үндэсний өдөр, Өмнөд Африкт Үндэсний эмэгтэйчүүдийн өдөр, Финланд улсад Үдэсний дүрслэх урлагийн өдөр тохиож байна. Энэ өдөр Италийн одон оронч Франческо Бароззи, Нобелийн шагналт Америкийн астрофизикч Уиллиам Альфред Фаулер,Бразилын нэрт хөлбөмбөгч марио Загалло, Украины хоёр дахь Ерөнхийлөгч Леонид Кучма, Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Отто Рехагел, Нобелийн шагналт Францын эдийн засагч Жеан Тироль, Америкийн загвар зохион бүтээгч Майкл Корс, Америкийн нэрт бейсболч “Хот Род” Жон Уиллиамс, Италийн нэрт хөлбөмбөгч Филиппо Инзаги, Америкийн сагсанбөмбөгч Дерек Фишер, Име Удока, Америкийн ойрын зайн гүйгч Тайсон Гей, Америкийн дуучин, жүжигчин Анна Кендрик, Бразилын хөлбөмбөг Уиллиан, Шведийн жүжигчин Билл Скарсгард нар мэндэлжээ.


Энэ өдөр түүхийн хуудаснаа:

МЭӨ 48 оны энэ өдөр Юлий Цезарь эрх мэдлийн төлөөх чухал тулаанд Помпей генералыг ялжээ.

1173 оны энэ өдөр Италийн Пиза хотод алдарт ганхмал цамхагийн барилгын ажил эхэлжээ.

1810 оны энэ өдөр Наполеон жанжин Вестфаленг булаан эзэлж, Францын анхны эзэнт гүрний харьяанд оруулав.

1892 оны энэ өдөр Нэрт зохион бүтээгч Томас Эдисон хоёр замт телеграфын зохиогчийн гэрчилгээг авчээ.

1936 оны энэ өдөр “Берлин 1936” зуны олимпын наадамд нэрт хөнгөн атлетикч Жесси Оуенс дөрөв дэх алтан медалиа хүртэв.

1942 оны энэ өдөр Алдарт хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн 7-р симфони бүслэгдсэн Ленинград хотноо эгшиглэжээ.

1945 оны энэ өдөр АНУ-ын нисэх хүчний “В-29 Бокстар” онгоцноос “Тарган эр” нэртэй цөмийн бөмбөгийг Нагасаки хотод хаяв. Үүний уршгаар 35 мянган хүн газар дээрээ амиа алдсан юм. Эдгээрийн дотор 23.2-28.2 мянга нь үйлдвэрийн ажилчид байжээ.

1945 оны энэ өдөр Зөвлөлтийн Улаан арми Японы мэдэлд байсан Манжуурыг булаан эзлэв.

1969 оны энэ өдөр Чарльз Менсон болон түүний гэр бүлийнхэн жирэмсэн жүжигчин Шарон Тейт, Польшийн жүжигчийн Войчех Фриковскиг эхнэрийнх нь хамт хөнөөв.

1973 оны энэ өдөр ЗХУ Ангараг гарагийг судлах “Марс 7” хөлгийг хөөргөв.

1974 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон огцров. Тэрээр АНУ-ын улстөрийн түүхэнд огцорсон анхны Ерөнхийлөгч болсон бөгөөд түүний орыг дэд ерөнхийлөгч Жералд Форд залгасан билээ.

1999 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин Ерөнхий сайд Сергей Степашинг гурван сарын дараа ажлаас нь халав.

Уншигч та амралтын өдрөө тав тухтай өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top