Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
55 минутын өмнө

АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн бүтцэд Монгол уламжлалт анагаах ухааны сургалттай туршилтын анги нээж, 2026–2027 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.

Энэ бол уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг хүүхэд, залуучуудад системтэйгээр өвлүүлж, цаашид шинэ үеийн оточ, маарамба, эмч, судлаачдыг бэлтгэх эхлэл юм. Энэ ангид суралцахаар Герман, Япон улсад амьдарч байсан монгол хүүхдүүд эх орондоо ирж, 6 дугаар ангид элсэн суралцаж байна. Мөн хөдөө орон нутгаас олон сурагч хүрэлцэн ирж байгаа нь энэхүү сургалтын цар хүрээ, хүүхэд залуусын сонирхол хэр өргөн байгааг харуулж байна.

Уламжлалт анагаах ухаан бол зөвхөн өнгөрсөн үеийн өв биш. Монголчуудын олон зуун жилийн туршид хуримтлуулсан мэдлэг, арга ухааныг өнөө цагийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулан хөгжүүлэхээр зорьж байна.

Мөн энэ сургууль нь дотуур байртай анхны төрөлжсөн сургалтын орчин болж байгаагаараа онцлог. Ингэснээр орон нутгаас ирсэн хүүхдүүд хотод байрлах асуудалд санаа зоволгүйгээр суралцаж, сургуулийн орчинд тогтвортой хөгжих боломж бүрдэж байна. Цаашид сургуулийн сургалт, дадлагыг эмнэлзүйн орчинтой уялдуулж, хүүхдүүдийг шатлан суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллана.

Энэхүү сургалт өвөг дээдсээс өвлөж ирсэн мэдлэгээ дараагийн үедээ өвлүүлэхийн зэрэгцээ шинэ зууны шинжлэх ухаан, технологитой холбох эхлэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top