АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урьж ярилцлаа.
-Дээд боловсролын байгууллагын чансааг илтгэдэг нэг шалгуур бол яах аргагүй гадаад харилцаа байдаг. АШУҮИС гадаад харилцаагаа ямар түвшинд хөгжүүлж байгаа юм бол?
-Даяаршлын өнөөгийн эринд гадаад харилцаагүйгээр хөгжих боломжгүй юм.Гэхдээ аливаа байгууллагын гадаад харилцаа Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд явагдах ёстой.Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчмыг Монгол Улсын үндсэн хууль тогтоож, гадаад бодлогод баримтлах гол байр сууриудыг Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалаар чиглүүлж өгсөн байдаг. Ерөнхий гадаад бодлогыг тодорхойлсон гол шийдвэрүүдийг УИХ баталж, энэ бодлогыг хэрэгжүүлэх гол байгууллага нь Засгийн газар бөгөөд түүний дотор төрийн захиргааны төв байгууллага болох Гадаад харилцааны яам нь гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг. Бусад холбогдох бүх байгууллага өөрт олгосон эрхийн хүрээнд үүргээ гүйцэтгэдэг.Гол нь гадаад бодлого нэг цонхоор нэгдмэл, залгамж чанартай байх ёстойг аливаа байгууллага гадаад харилцаандаа мөрдөх учиртай.
АШУҮИС нь өөрт ногдсон эрх мэдлийнхээ хүрээнд гадаад харилцаагаа хөгжүүлж дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиуд, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны болон бусад байгууллагатай найрсаг харилцаа тогтоож хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар туршлага солилцон, мэдлэгээ хуваалцаж шинэ техник технологийг нэвтрүүлж, нутагшуулан олон улсын түвшинд хүрэх, улмаар улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг зорьж байна. АШУҮИС нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд орсноос хойш бусад их сургуулийн дунд бараг анхдагч гэж хэлэхэд хилсдэхгүй байх.Гадаад харилцаагаа тухайн үед барууны гэгдэж байсан орнуудтай эрчимтэй хөгжүүлж эхэлсэн.1995 онд миний бие тус сургуулиас эрдэмтэн солилцооны шугамаар Токиогийн анагаах ухааны их сургуульд явж “Монгол, Япон хүүхдүүдийн байнгын шүд шүдлэлтийн зүй тогтлын харьцуулсан судалгааг хийж байсан минь саяхан мэт санагдавч өдгөө 23 жил өнгөрсөн байна.Өнөөдөр бид 21 орны 120 гаруй их дээд сургууль, эрүүл мэнд, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагаагаа өрнүүлээд байна.1990 оноос өмнө бүх дээд сургууль Зөвлөлт холбоот улсын сургалтын хөтөлбөрийг хуулбарласан хөтөлбөртэй байсан.Бид 1995 онд сургалтын хөтөлбөртөө Голландын Гронингенийн их сургуультай хамтран “БЛОК” хөтөлбөрийг Монголд анх удаа нэвтрүүлж байсан.Манай хэд хэдэн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдэн АНУ, Европын холбооны улс оронд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрлээ.
Бакалавр, магистр, докторын сургалтад манай оюутнууд олноор Япон, БНСУ, АНУ-д сурч, манай багш нарыг дээрх улс орнууд их, дээд сургуулиуддаа урилгаар ажиллуулж байна.Сая таван сарын эхээр гэхэд л дөрвөн багшид урт хугацаагаар, таван багшид богино хугацаагаар ажиллах урилга ирлээ. БНХАУ, ОХУ-ын мөн Тайваний их, дээд сургуулиудтай харилцан дипломоо хүлээн зөвшөөрөх хамтарсан хөтөлбөрүүдийг эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт миний бие болон манай Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Д.Даваалхам, М.Сугармаа багш бид гурав АНУ-ын Коломбын их сургууль, Нью Йорк хотын их сургууль, Елийн их сургуулиудын Нийгмийн эрүүл мэнд, Нийгмийн ажлын сургуулиудад айлчилж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтарсан төсөл хөтөлбөр, судалгаа хийх, багш оюутны солилцоо, тогтмол онлайн сургалтуудыг хийж байхаар тохиролцоод ирлээ. Биднийг халуун дотно сайхан хүлээж авсан. Энэ жил гэхэд бид шинээр 10 гаруй гадаадын их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ шинээр байгуулаад байна. Нөгөө талаас хүлээн зөвшөөрөгдөхүйц болж байгаа нь манай сургалтын хөтөлбөр, стандарт АНУ-ын буюу Европын холбооны улсын сургалтын үндсэн хөтөлбөртэй дүйцэхүйц хэмжээнд үнэлэгдэж байгаа нь дэлхий нийтийн анагаахын боловсролын хөгжилтэй хөл нийлүүлж байгааг харуулж байна.
Бид гадаад харилцаагаа зөвхөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглүүлэх бус гадаад харилцаагаа эдийн засагжуулж сургуулийнхаа эдийн засгийн чадамжийг дээшлүүлж улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд түлхүү хувь нэмэр оруулахад хандуулах болно.Үүний хамгийн том жишээ бол Япон улсын Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийг байгуулж байгаа явдал юм.Мөн бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан 25 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах, үүнд хамтрагч байгууллагуудаас хөрөнгө оруулалт олохоор ажиллаж байна.
-Та сая гадаад харилцааг эдийн засагжуулна гэж хэллээ.Сургуулийн гадаад харилцааг өргөжүүлснээр эдийн засгийн хувьд ч тэр олон давуу тал гарч байгаа байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ.Зөвхөн өөрийн байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхий нийтэд “Интернационачлагдах” үзэл баримтлал хаа сайгүй ярих болж байна.“Интернационалчлал” гэдэг ойлголтыг олон талт хамтын ажиллагаа гэж хэлж болох юм.Гэхдээ дэлхий дахинаа “Internationalization” гэдэг хэллэгийг орчуулахгүйгээр энэ хэлбэрээр хэрэглэдэг нэг ёсны олон улсын хэллэг бөгөөд гадаад харилцаа, хамтын ажиллагаа гэдэг ойлголтоос илүү өргөн цар хүрээтэй ойлголт юм.Ихэнх тохиолдолд их сургуулийн хувьд хамтын ажиллагааг зөвхөн гадаад оюутан, багшийн тоон байдал, гадаад төсөл хөтөлбөрийн хүрээнд ойлгоод байдаг. Гэтэл энэ ойлголт нь нийгэмд, дэлхий нийтийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг хэлээд байгаа юм шиг байгаа юм. Тиймээс Бухарест хотноо болсон Ази, Европын сангаас зохион байгуулсан \ASEF\ Ази, Европын их, дээд сургуулиудын удирдлагуудын чуулган дээр мөн залгуулаад болсон “ASEM”-ийн Боловсролын сайд нарын хурал дээр их, дээд сургуулиудын хувьд интернационалчлагдах нь дэлхий нийтийн тогтвортой иргэдийг бий болгоход гол хүчин зүйл болно гэж ярьж байсан. Тэгэхээр бид гадаад харилцаа, гадаад бодлогыг шинэ түвшинд гаргахгүй бол бусдаас хоцрох тийшээ хандаад байна.Манай сургуулийн гадаад харилцаа эдийн засгийн хувьд ямар өгөөжтэй байв гэвэл ярих юм их бий л дээ.
Социализмын үеэс эхлэн социалист орнуудын хамтын ажиллагааны хүрээнд олон арван багш, эмч, эрдэмтэн доктор маань ЗХУ болон бусад социалист оронд сурч мэргэжил эзэмшиж, эрдмийн зэрэг цолыг хүртэж ирсэн.НҮБ-ын гишүүн орон болсноор ДЭМБ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын зардал, дэмжлэгээр мөн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байлаа.Тухайн үедээ мөн их хэмжээний хичээлийн хэрэгсэл, ном, сурах бичиг, тоног төхөөрөмжүүдийг авч байлаа.Сүүлийн 29 жилд буюу зах зээлийн тогтолцоонд шилжээд улам их боломжууд бий болсон. Наад зах нь гэхэд л манай сургуулийн 60 гаруй хувь буюу 330 орчим багш өндөр хөгжилтэй улс оронд магистр, докторын зэрэг хамгаалсан байна. Эдгээр багшийн сурсан зардлыг бодоод үзэх юм бол их зардал гарна.Нэг багшид 150-180 мянган ам.долларын зардал жилд гардаг.Үүнийг гурваас дөрвөн жилээр бодож нийт сурсан хүний тоогоор үржүүлбэл асар их мөнгийг бид гадаад харилцаагаа хөгжүүлсний хүчинд олж, оюуны хөрөнгө оруулалт болгож ирсэн байна.
Цаашлаад АШУҮИС-ийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж, бусад хөрөнгө оруулалтыг тооцох юм бол их хэмжээний хөрөнгийг Монгол Улсын эдийн засагт ямар нэгэн дарамт учруулалгүйгээр бид гадаад харилцаагаар дамжуулан олж байна.Гэхдээ одоо бид бусдаас авах биш бусдад өгөх хэлбэр рүүгээ “Internationalization” руу орох учиртай. Бухарест хотод болсон чуулганд 51 улсын их, дээд сургуулиудын ерөнхийлөгч нар болон оюутнууд тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтийн талаар ярилцаж дараа нь болох сайд нарын чуулганд оруулах зөвлөмжийг хамтдаа боловсруулсан. Манай улсаас миний бие, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг бид гурав оролцсон. Энэ хурлаар даяаршлын дөрөв дэх эрин хаяанд ирээд байхад бид төдийлөн бэлэн бус байна. Дэлхий нийтээрээ “Хуй салхи” мэт өөрчлөлтийг хүлээж байна.“Internationalization”, дипломат шинжлэх ухааныг хөгжүүлж практикт хэрэглэхгүйгээр цаашдын шинэчлэлд төдийлөн амжилт гарахгүй.Дэд бүтцийн судалгаанд дипломат шинжлэх ухааныг түлхүү ашиглах.
Бидэнд одоо тогтвортой хөгжлийн талаар судалгаа хийгээд байх цаг байхгүй.Улс орнууд өөрийн хүрсэн амжилтаа нээлттэй хуваалцаж хамтдаа урагшлах шаардлага урган гарч байгаа талаар ярьж, уриалга гаргасан.Их сургуулиудын нийгмийн үүрэг оролцоо нь өөрийн хүрсэн амжилтаа нийгэмд нээлттэйгээр үлгэр дуурайл болгох, их сургуулиудын хамааралтай бүхий л салбарт тогтвортой хөгжлийн зорилтууд чиглэсэн байх ёстой.Одоо л бид тогтвортой хөгжлийн асуудал дээр дэлхий нийтээрээ хамтрахгүй бол ирээдүйд ямар амьдрал бүх нийтийг хүлээж байгааг таашгүй.Үүнд оюутнуудын оролцоо ямар байх гээд маш чухал асуудлуудыг хөндөж ярьсан. Мөн тогтвортой хөрөнгө оруулалтыг их, дээд боловсролын салбарт бий болгох нь өөрөө тогтвортой хөгжлийг дэмжих том асуудал тул чуулганд оролцсон сайд нар хөрөнгө оруулалтыг тогтвортой болгох талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан.
Зөвлөмжид ч үүнийг тусгасан.Тогтвортой шилжилт маш чухал.Их сургуулиуд эрч хүчийг бий болгодог гол агуулах, оюун санааны хөгжлийн хүчтэй соронз тул мэдлэгийг бий болгодог, шилжүүлдэг, төлөвлөдөг гол байгууллага юм.НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд өөрийн сургуулийн хамгийн сайн туршлагыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэрэгжилттэй харьцуулсан илтгэл тавихыг урьж үндсэн илтгэгчээр оролцуулсан.Би илтгэлдээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн 17 зорилтын заалт бүрээр хэрэгжилтийн ямар хувьтай явж байгаа, энэ хэрэгжилтийг хангахад манай сургууль ямар үйл ажиллагаануудыг явуулж хувь нэмэр оруулж байгаа талаар илтгэл тавьсан. Олон орны эрдэмтэд манай сургуулийн илтгэлийг их сонирхож, баяр хүргэсэн. Ер нь бол хэзээ ч тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд их сургуулиудын үүрэг гэж ярьдаггүй шүү дээ.Гэтэл их, дээд сургуулиуд бол тухайн орны оюуны уурхай бөгөөд хөгжлийнх нь индикатор байдаг.
-Тийм шүү тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нь Засгийн газрын асуудал юм шиг л ойлгодог болохоос бүх нийтийн зорилт гэж ойлгох нь ховор байдаг.Их, дээд сургуулиудын оролцоог хэрхэн дүгнэдэг юм бэ.Та түрүүн өөрийн жишээн дээр илтгэл тавьсан гэсэн.Ер нь их дээд сургуулиудын оролцоо ямар байгаа вэ?
-НҮБ-ын гишүүн бүх улс орон 1990 оны босгон дээр хүн төрөлхтний хэмжээнд өлсгөлөн, туйлын ядуурлыг бууруулах нэгдсэн зорилготойгоор “Мянганы хөгжлийн зорилтууд” хэмээх 25 жилийн урт хугацааны хөгжлийн зорилтуудыг тодорхойлж, ажиллан дэлхий нийтийн хэмжээнд хүмүүсийн эрүүл мэнд, боловсролын байдал, амьжиргааны түвшин, ядуурал, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдал ямар хэмжээнд хүрснийг 2015 онд НҮБ-ын хэмжээнд нэгтгэн дүгнэж, тайлагнасныг бид бүхэн мэднэ. Миний бие эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан үе. Монгол Улс эх хүүхдийн эндэгдэл, өвчлөлийг бууруулах зорилтоо хангасан есөн орны нэг болж, эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн.Харин 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг баталснаар дэлхий нийт шинэ зууны хөгжлийн бодлого, зорилтоо тодорхойлж авсан юм.
1992 оны Рио де Жанейрогийн Тунхаглалын дагуу Монгол Улс өөрийн “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болсон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах зорилтыг хангах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд улс орны эдийн засгийн үзүүлэлт өсөж, дунд орлоготой орны тоонд багтах болсон. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн жилд манай улсын хувьд эдийн засаг дан ганц уул уурхайн салбараас хэт хамааралтай болж, энэ салбарын өсөлт уналтаас ард түмний аж байдал, орлого шууд шалтгаалах боллоо.Уул уурхайн салбарын техник, технологи, ашиглалт олборлолтын байдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтын улмаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл улам бүр ихсэж байна. Мөн түүнчлэн даяаршлын нөлөөн дор хотжилт хурдацтайгаар явагдаж, хот төлөвлөлтийн нөхцөл байдал нь хотын хүн амын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Агаарын бохирдол, хөрсний бохирдлын улмаас элдэв өвчлөл эмгэг нэмэгдэж, төрөлт, нас баралтад мөн нөлөө үзүүлж байна.Энэ бүх асуудлыг манай сургууль шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж гаргах учиртай.Ингэж байж манай сургуулийн бас нэг оролцоо хангагдана.Бидний яриад байгаа тогтвортой хөгжлийн бодлогыг энгийнээр тодорхойлбол аливаа байгалийн болон санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах замаар байгаль орчинд ээлтэй эдийн засгийг хөгжүүлж, баян, ядуугийн зааг ялгааг арилгаж, ядуурлыг бууруулах гэж би хувьдаа ойлгоод байгаа.Харин хүний эрүүл мэнд, боловсрол болон тогтвортой хөгжил хэмээх ухагдахуунууд нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд харилцан хамааралтай асуудлууд юм.Өөрөөр хэлбэл, бие махбодийн болоод оюун санааны хувьд эрүүл саруул иргэдгүйгээр улс оронд цаашилбал дэлхий нийтийн хэмжээнд тогтвортой хөгжил бий болно гэж үгүй. Мөн түүнчлэн тогтвортой хөгжлийн замыг бий болгож байж хүн ард эрүүл саруул, боловсролтой болж улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн амьдрал урагшилна хэмээн энгийнээр ойлгож болно. Энэ утгаараа манай сургууль бусад их, дээд сургуулиас арай өөр гэх юм уу даа. Илүү их асуудлыг хамаарч байгаа юм.
Тогтвортой хөгжлийн талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол бидний одоогийн хэрэгцээ болоод ирээдүй хойч үеийн хэрэгцээ эдийн засгийн ижил түвшинд зэрэг хангагдаж байх нөхцлийг бүрдүүлэх зарчим юм.Хөгжил гэхээр зайлшгүй өсөлттэй зүйлийг бид төсөөлдөг.Ямар ч улс орон тодорхой түвшинд хүрсэн хөгжил, дэвшил, амжилт бүтээлээ улам арвижуулахын төлөө ажилладаг.Түүний төлөө зүтгэж, бодлого, зорилтоо зөв тодорхойлоод явдаг.Энэ бүгдэд улс орны уураг тархи нь болсон их, дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх гэж ярьдаг байсан бол одоо юу хийснээ хуваалцаж, хамтрахыг шаардаж байна. Илтгэлээ бэлдэж байхад их сонин тоо баримт гарч байна лээ.Бид урд нь хэзээ ч тогтвортой хөгжлийн зорилтод их, дээд сургууль ямар хувь нэмэр оруулав гэж дүгнэж хэлэлцэж байгаагүй шүү дээ. Ер нь бол иргэнээс авахуулаад бүхий л шатандаа хамтаар өөрийн хариуцсан чиглэлээрээ үр дүнгээ гаргаж нэгтгэх л чухал юм байна. Үүнд тогтвортой иргэншил байж тогтвортой хөгжил бий болно.
Тогтвортой иргэн, иргэншилд тогтвортой хөгжлийн боловсрол гол үүрэг гүйцэтгэнэ.Тогтвортой хөгжлийн боловсролыг их сургуулийн оролцоогүйгээр олгох боломжгүй.Тэгэхээр тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын үүрэг их юм. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хөрш орнуудын хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах ажлын хэсэг байгуулах” захирамжийн дагуу зургаан дэд ажлын хэсэг байгуулагдан түүнд бүх их, дээд сургууль, ШУА, хүрээлэнгүүдийн эрдэмтэн, профессоруудыг өргөнөөр оруулж, эрдэмтдийнхээ санал бодол, хувь нэмрийг авах гэж байгаа нь сайшаалтай хэрэг болж байна. Манай сургуулиас долоон эрдэмтэн багш орсон байгаа.
-АШУҮИС-ийн санаачилгаар Азийн эрүүл мэнд, анагаахын сургуулиудын консорциумыг зохион байгуулах гэж байгаа шүү дээ.Энэ чинь нөгөө таны яриад байгаа “Интернационалчлал” уу.Энэ сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлье?
-Дэлхийн таван тивийн хамгийн том тив болох Ази тив дор оршин сууж Ази гэсэн том гэр бүлийн нэгэн гишүүн болсон бид Ази хүнийхээ эрүүл мэнд, гэр бүл болгоны сайн сайхны төлөө эв санаагаа нэгтгэн, мэдлэг, туршлагаа хуваалцан хамтдаа урагшлах цаг ирсэн.Ямар оронд төрж өссөнийхөө төлөө эмч болох хүсэл нь биелэхгүй, сайн эмч болох боломж нь байхгүй, эрүүл байх эрх нь хасагдаж болохгүй.Иймд хүний сайн сайхны төлөө гиппократын тангараг өргөсөн бид хэнийг ч ялгаварлан гадуурхахгүйгээр олсон мэдлэгээ зориулах үүрэгтэй.Хэн нэгэн тусламж авч чадахгүй хүний хажуугаар зүгээр өнгөрөх эрхгүй. Тиймээс миний бие санаачлан анх удаа Ази тивийн сайн сайхны төлөө Азийн эрүүл мэнд, анагаахын сургуулиудын консорциумыг зохион байгуулах гэж байна.
Энэ консорциумын хуралд одоогийн байдлаар Азийн 10 гаруй орны 20 орчим их, дээд сургуулийн захирал, дэд захирал болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэлхийн нэр хүндтэй профессор гэсэн 100 орчим төлөөлөгч хүрэлцэн ирж оролцоно. Энэ форумыг монголчууд анх эхлүүлж байгаа нь нэр төрийн хэрэг юм.Азийн их сургуулиудын ректоруудын консорциум гээд байгууллагууд байдаг ч яг анагаах, эрүүл мэндийн чиглэлээр анхдагч нь болох юм.Энэ нь жинхэнэ утгаараа “Internationalization”, мөн “Science diplomacy”-ийг дэд бүтцэд хэрэгжүүлэх гэж зорьж байгаагийн нэг хэлбэр юм.Эцэст нь эрүүл мэнд, боловсролын салбарыг гадаад харилцаагүйгээр төсөөлөхийн аргагүй юм.Гадаад харилцааны асуудлыг олон салбарт хариуцаж байсан хүний хувьд тухайн салбарын гадаад харилцааны онцлог байдлыг гаргаж, залгамж холбоо, уламжлал дээрээ суурилан, улсынхаа болон салбарын хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа.