Монголын эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжилд Сувилахуйн сургуулийн оруулсан хувь нэмэр асар их

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.


- Сайн байна уу. Юуны өмнө танд болон танай хамт олонд Сувилахуйн сургуулийн 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ойн баяраа хэрхэн угтаж байгаа вэ?

- Баярлалаа. Энэ жил АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 90 жилийн ой  тохиож байна. Бид 90 жилийн ойн ажлын  хүрээнд “Сувилахуйн Сургуулийн 90 жил” түүхийн ном, “ Сувилахуйн ухааны товч тайлбар толь” гаргалаа, “Эх барихын эмнэл зүйн ур чадварыг хөгжүүлэх сургалтын төв” ийг байгуулсан зэрэг олон бүтээлч ажлаар 90 жилийн ойгоо угтаж байна. Мөн Сувилахуйн Сургууль үүсч байгуулагдсаны болон Монгол Улсад сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  “Сувилахуйн түүх ба хөгжил” сэдэвт олон улсын V хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар сувилахуйн боловсрол, сувилахуйн шинжлэх ухааны дэвшилтэт арга технологи, судалгаа шинжилгээнүүдийг хэлэлцэхээс гадна гардан сургалтуудыг зохион байгуулж аль болохоор бүтээлч байдлаар ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж байна. Тус хуралд дэлхийн 11 орны  14 их дээд  сургууль, 18 аймаг, УБ хотын 45 Эрүүл мэндийн байгууллагын нийт 500 гаруй төлөөлөгч, эрдэмтэн профессор багш, судлаачид нар оролцож, манай орны болон дэлхийн орнуудын сувилахуйн боловсролын өнгөрсөн болон одоогийн байдал, тулгамдаж буй асуудал, шинэчлэл, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэх гэж байна.  Гадаадын хамтын ажиллагаатай улс орны их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, мэргэжил нэгт нөхөдтэй хамтран олон улсын хурал зохион байгуулж байгаа нь сувилахуйн судалгаа шинжилгээний ажлыг шинэ төвшинд гаргах, гадаадын их дээд сургууль, олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  Бид энэ жил зөвхөн баяраа  тэмдэглээд өнгөрөх бус цаашдын хөгжлийнхөө гарцыг олон улсын төвшинд хөндөж ярилцах  чухал алхам, боломж болж байна. Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтэн тэр дундаа сувилагч нарын чадавхыг сайжруулах, сургалтын материаллаг орчинг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулахад зөвхөн үндэсний хэмжээнд бус олон улсын төвшинд хамтран ажиллах шаардлага асар их байна. Энэний тод жишээ бол ДЭМБ-ын 72-р чуулганаар 2020 оныг “Сувилагч-Эх баригч”–ийн жил болгон зарласан. Манай сургууль анагаахын болон сувилахуйн боловсрол олгож байгаа их, дээд сургуулиудын сургалтын чанарыг нэг төвшинд гаргахад манлайлан ажиллах учиртай.

- Сувилахуйн Сургуулийн 90 жил Түүхийг нэгтгэсэн ном гаргасан гэлээ. Энэ номын талаар ярихгүй юу?

- Сувилахуйн сургуулийн 90 жилийн ойд зориулсан ном нь 1929 оноос өнөөг хүртэлх Сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн түүхэн үйл явдлыг архивын сан хөмрөгт тулгуурлан тодруулсан юм. Ингэснээр манай орны эрүүл мэндийн салбарын үндсэн хөгжлийн үе шатуудын онцлогийг зохих хэмжээгээр тусгасан нь зөвхөн нэг байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулах бус  Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн хөгжил, боловсролын тогтолцооны бүрэлдэн төлөвшсөн зүй тогтлыг ч эрдэмтэн судлаачид, уншигч олонд хүргэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Нэн ялангуяа, сонирхсон хүн бүр үзэж танилцаж чаддаггүй архивын баримтууд, 1950-иад оноос өмнөх Монгол бичгээр бичигдэн үлдсэн эх сурвалж, сургуулийн захирлууд болон яамны сайдуудын тушаал шийдвэр зэргийг зургаар хавсарган оруулсан нь цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх сонирхолтой хүмүүст ч чухал сурвалж болох боломжтойгоороо онцлогтой болсон гэж бодож байна. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт, гадаад харилцаа, сургалт, эрдэм шинжилгээний талаар олон талын мэдээллийг тус номноос олж харж болно. Түүний зэрэгцээ тус сургуулийн багш, төгсөгч нараас төрөн гарсан алдар гавьяатан, эрдэмтэн мэргэдийн товъёог энэхүү номд багтсан байна.

- Түүхийн хуудсыг сөхөж ярья л даа. Сувилахуйн сургууль хамгийн анхны эрүүл мэндийн чиглэлийн сургууль байсан гэж сонссон. Энэ их сонирхол татаад байна?

- Энэ талаар 90 жилийн түүхэн номд маань тодорхой бичигдсэн байгаа. Анх Монгол Ардын Хувьсгалт Намын VII их хурлын (1928)шийдвэрийг үндэслэн Эрүүлийг Хамгаалах Яамны шийдвэрээр 1929 оны 2 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод сувилагчийн сургуулийг 20 сурагчтай 27500 төгрөгний төсөвтэйгөөр байгуулж, сургалтын хугацааг 2 жилээр тогтоожбайсан түүхтэй юм билээ. Ийнхүү Сувилахуйн сургууль нь 1929 онд анх Ардын засгийн газрын шийдвэрээр анхны сувилагчийн курс нэрээр Эрүүл мэндийн салбарын ууган сургууль болж байгуулагдан өдгөө 90 насыг насалсан Эрүүл мэндийн салбарын амьд түүх болсон байна. Энэ цаг мөчөөс эхэлж, Монгол улсад өрнийн анагаах ухааны үндэс суурийг тавилцахаас эхлүүлээд өнгөрсөн зууны Монголын Эрүүл мэндийн салбарын түүхийг бүтээхэд, эмнэлгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд сувилахуйн сургуулийн оруулсан хувь нэмэр асар их юм. Ардын хувьсгалын дараахан феодалын нийгмээс дөнгөж салах гэж тэмүүлж байсан тэр их хүнд хэцүү үед ариун цэврийн зааварлагч, асрагч, цагаан цэцгийн вакцины сувилагч, сестра, санитараас эхлээд  тухайн үеийн нийгмийн хэрэгцээнд шаардлагатай байсан эмнэлгийн мэргэжилтэнг богино хугацаанд чадвартай бэлтгэж байсан нь монголчуудыг өвчин эмгэгээс илаашруулах, дундаж наслалт уртасаж хүн амын тоог өсөгөхөд гавьяа байгуулсан гэж үздэг.

Сувилахуйн сургууль Монголын эрүүл мэндийн салбарт сувилагч, бага эмч, эх баригч, эрүүл ахуйч, эм найруулагч, лаборант, шүдний техникч, рентген техникч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжлээр 34.000 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн бэлтгэж, тэдгээр нь ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчин эмгэгээс сэргийлэх, эмчлэн сувилахад сэтгэл зүрх, оюунаа зориулж байдаг, хүндтэй мэргэжил эзэмшсэн, бахархалтай хүмүүс юм.

Ер нь ардын хувсгалын дараа , дайны өмнөх болон ид дайны, дайны дараах хүнд үеүд ч тэр, социализмын бүтээн байгуулалтын үеүдэд ч тэр, дараа нь зах зээлийн нийгэмд шилжсэн өнөөгийн ардчиллын үед ч тэр нийгмийн хамгийн чухал ажил мэргэжлийн нэг нь яах аргагүй сувилахуйн мэргэжил байсан байсаар байна. Тийм ч учраас ДЭМБ-аас сувилахуйн мэргэжлийн нэр хүндийг өсгөх, ач холбогдол, хувь нэмрийг сургталчлах талаар гишүүн орнуудаа уриалж байна.

- Энэ салбарыг хөгжүүлэхэд олон улсын төвшинд хамтарч ажиллах шаардлагатай гэж ярилаа.  Сувилахуйн сургуулийн гадаад харилцаа ямар түвшинд байгаа бол?

- Мэдээж тэгэлгүй яах вэ. Багш оюутнуудаа олон улсын түвшинд хөл нийлүүлэн алхах, дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай боловсон хүчин болж мэргэшүүлэхэд гадаад харилцааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа өнөөдөр дэлхий дахинаа их дээд сургуулиудын дунд интернационалчлах үйл ажилалгаа явагдаж, science diplomacy-г хөгжүүлж байгаа энэ үед дан ганцаараа хөгжих боломжгүй болж байна. Мэдлэгийг маш хурдан дамжуулж, хуваалцаж байж тухайн улс орны хөгжил, цаашлаад НҮБ-аас дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх боломж бүрдэж улмаар дэлхийн хүн амын амьжиргааг жигд дээшлүүлэх, улс орнуудын хөгжлийн харилцан адилгүйг арилгах боломж бүрдэх юм. Тийм ч учраас манай сургууль Азийн анагаах ухаан, эрүүл мэндийн их дээд сургуулиудын консорциумыг анхлан санаачлан зохион байгуулж Азийн найман орны гуч гаруй их, дээд сургуулиудын удирдлагуудыг Монгол улсын нийслэлд хуран чуулуулсан туршлагатай. Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан олон улсын хурал энэ концепцийг чухалчлан үзэж намайг панелистаар оролцуулж сайн туршлагаа хуваалцах санал тавьсан. Удахгүй БНХАУ-ын Харбин хотноо БНХАУ, Монгол улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын ерөнхийлөгч нар хуран чуулж хамтарсан консорциумыг байгуулах гэж байгаа нь мөн л энэ концепцийг хэрэгжүүлэх гэж байгаагийн хэрэг. Манай Сувилахуйн сургуулийн хувьд бол гадаад харилцаа маш сайн хөгжиж байна байна гэж хэлж болно. Манай багш нар Австрали, Япон, Тайван, БНХАУ зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлж суралцаж байна. Харин манай оюутнуудын хувьд Японы Гунма их сургууль,   Солонгосын  Сам Юк эрүүл мэндийн сургууль, Швейцарын Цүрихийн их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн АУСургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Мөн дээрх дурдсан сургуулийн гадаад оюутнууд хүрэлцэн ирж суралцсаар байна. Яг өнөөдөр гэхэд Японы Гунмагийн их сургуулийн 19 оюутан манай сувилахуйн сургууль дээр дадлага хийж байна. Цаашид бид гадаад харилцаагаа шинэ шатанд гаргах, ялангуяа эдийн засагжуулахын төлөө бид  хичээн ажиллаж байна. Их сургуулийн хамгийн чухал үзүүлэлт бол эрдэм шинжилгээний бүтээлийн чансаа, дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, эзлэх байр суурь, эрдэмтдийн бүтээлийн иш татагдсан байдал байдаг. Тийм учир бид гадаадын судлаачидтай судалгаа шинжилгээний ажил хийх,  төсөл, хөтөлбөр, хэрэгжүүлэх, хамтарсан бүтээл туурьвахын зэрэгцээ үндэсний эрдэмтэдтэйгээ, бусад их, дээд сургуулиудтайгаа хамтарч ажиллахыг чухалчлан үзэж байгаа. Мөн олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр нэлээн ахицтай явж байна. АШУҮИС одоогийн байдлаар  Япон Улсын Эрүүл мэнд, нийгэм хамгааллын их сургуультай хамтран хүний их эмч бэлтгэх хөтөлбөр 1+6/2+6, БНХАУ-ын Тяньжины Хятадын Уламжлалт Анагаах Ухааны Их Сургуулийн Их Сургуультай хамтарсан 4+2, Япон Улсын Токио Ариаке Их сургуультай хамтарсан Жүдо бариа заслын хамтарсан хөтөлбөр,  Боловсрол солилцооны олон улсын нийгэмлэгтэй хамтран БНСУ-АНУ-Монголын 2+2+2 хөтөлбөрийг  тус тус хэрэгжүүлж байна. Мөн 5 орны 20 гаруй сургуультай богино хугацааны сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Сувилахуйн сургуулийн хувьд Швейцарын Цүрихийн их сургууль,  Японы Гунма их сургуультай хамтран Хөдөлгөөн засалчийн сургалтын  хөтөлбөрийг явуулж байна.  Бид анагаахын боловсрол олгож буй их дээд сургуулиудын сургалтын чанарыг нэг төвшинд хүргэхэд манлайлан ажиллах ёстой. Доор хаяж л сурах бичгийг бид нэг болгох шаардлагатай. Анатоми, гистологийн тэнхмүүд үндсэн сурах бичгээ монгол-англи- латин хадмал нэр томьёоны орчуулгатайгаар зөвхөн өөрийн сургуулийн оюутан, багш нарт биш “Ач”, “Этүгэн” Анагаах ухааны их сургуулиудын сургалтын хэрэгцээнд зориулан гаргасан. Цаашид бид бүх сурах бичгүүдээ нэгтгэж тэнхим болгон нэг том үндсэн сурах бичигтэй болох ажлыг сургууль даяараа өрнүүлээд байна. 

- Танай сургууль Эх барихуйн жишиг ур чадварын төв лабораторитой болсон гэж дуулсан?

- Тийм ээ. АШУҮИС нь  улс орны эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээг  чанартай хүртээмжтэй үзүүлэх өндөр мэдлэг, чадвар, хандлага бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бөгөөд сургалт, эмнэл зүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэсэн үндсэн гурван чухал үүргийг гүйцэтгэдэг болохыг би түрүүн хэлсэн. Технологийн асар хурдацтай өөрчлөлт хувьсал гарч байгаа даяаршлын энэ эринд дээд боловсролын байгууллагуудын гүйцэтгэж байгаа үүрэг нэн чухал бөгөөд тэд бүс нутгийн хөгжлийг дэмжих, үндэсний хөгжлийг манлайлах гол мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг. Монгол улсын хувьд, улс орны эдийн засгийн хөгжилд дээд боловсролын салбарын оруулах хувь нэмрийг хүлээн зөвшөөрч тогтвортой хөгжлийг хангах 14 чухал үндсэн элемент гэж үзэн дээд боловсролын тогтолцооны шинэчлэлд тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн. Тиймээс бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд мэдлэг, ур чадвар төгс, цогц чадамж бүхий  эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэхээр зорин Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөртэй, чадварлаг эрдэмтэн багш нартай, суралцах орчноор бүрэн хангагдсан боловсролын үйл ажиллагааг олон талт хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлсээр ирлээ. Үүний нэг илрэл нь манай Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхим НҮБ-ын ХАС-тай хамтран Люксенбургийн Вант улсын Засгийн газар, НҮБ-ын ХАС, Монгол улсын Засгийн газрын хамтарсан 380 000 $  санхүүжилтээр Эх барихуйн жишиг ур чадварын төвөө нээлээ. Тус төвд компьютерт суурилсан дуураймал төрөгч эх Симмам, зүрх, уушгины сэхээн амьдруулах тусламж үзүүлэх симулятор, эмэгтэйчүүдийн үзлэгийн иж бүрдэл, эх барихуйн дадлагын иж бүрдэл зэрэг олон улсын түвшинд нийцэхүйц өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж суурьлуулсан учир оюутнууд сурах арга барилыг эзэмшүүлэхэд маш их давуу талтай юм. Ингэснээр оюутнууд симуляцийн төвд хуваарийн дагуу дадлагажих бөгөөд шинэлэг зүйл нь багш оюутны үйлдлийг өөр семинарын өрөөнөөс нууц шилний цаанаас ажиглан, дэлгэцээр үйлдлийг нь тодруулан бүрэн хянах боломжтой өрөөр хэлбэл оюутныг багшаас үл хамааралтайгаар мэдлэг, ур чадварыг нь дүгнэх боломжтой болж байгаа явдал юм. Мөн шаардлагатай тохиолдолд микрофоноор шууд харьцах бас боломжтой. Сувилахуйн сургуулийн захирал анагаах ухааны доктор Н.Наранбаатар бид хоёр Японы Жинжүгийн сувилахуйн сургууль дээр очоод ийм л нэг ганц ч болтугай дадлагын өрөөтэй болчих юмсан гэж мөрөөдөж байсан минь бага багаар биелэлээ олж байна. Мөн Эмнэл зүйн ур чадварын төвд эх баригч мэргэжилтэнээс гадна сувилагч болон бусад эмнэлгийн мэргэжилтэнүүдийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх , олгох сургалтыг явуулах, анхан шатны болон яаралтай тусламжийн сургалтыг бусад байгууллагын мэргэжилтнүүдэд явуулж дадлагажуулан сургах бааз сургалтын төв болох боломж бүрдсэн. Ур чадварт суурилсан сургалтын хөтөлбөрөөр эх баригч нарыг сургаснаар тусламж үйлчилгээний чанарын хяналтыг  сайжруулах ба эх баригч нарын холбоодод мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Маш сайн сургагдсан эх баригч нар болзошгүй эх, нярайн эндэгдлийн 60 гаруй хувиас  сэргийлж чадах боломжтой гэж ДЭМБ үзэж байна. Танай сонингоор дамжуулаад Сувилахуйн сургуулийнхаа хамт олонд, ажилтан, ажиллагсаддаа, оюутан залуусдаа, үе үеийн төгчиддөө, мөн их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн гадаад улсад сурч байгаа багш, оюутнууддаа Сувилахуйн сургууль үүсэж, хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Их сургууль маань улам их хөгжин дэвжих болтугай.

- Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багш(103.9.89.18) 2019 оны 10 сарын 10

Хаана яваад хаанаас ийм ярилцлага өгөөд байгаа юм бэ

0  |  0
Top