Ж.Цолмон: АШУҮИС-ийн санаачилгаар азийн анагаах ухаан, эрүүл мэндийн их сургуулиудын консорциумыг байгуулна

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-АШУҮИС-ийн хамт олон Монгол Улсдаа анхны гэсэн тодотголтой олон ажлуудыг эхлүүлж,  үр дүнг нь эхнээсээ үзэж байна. Үүний нэг нь АШУҮИС Азийн эрүүл мэнд, анагаахын сургуулиудын консорциумыг санаачлан анхны уулзалт, хуралдааныг хийлээ. Азийн орнуудын нэгдсэн консорциумыг зохион байгуулах нь ямар ач холбогдолтой юм бэ?

-АШУҮИС-ийн хамт олны хүчин зүтгэлийн үр дүнд 2018-2019 оны хичээлийн жилд анхны гэж хэлж болохоор олон ажлыг амжууллаа. Жишээ нь, энэ хичээлийн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл доор “Тархи судлал- XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, Нобелийн шагналтан Мозер, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Агаарын бохирдол- Эрүүл мэнд”олон улсын чуулганыг зохион байгуулж, Нобелийн шагналтан Кирк Смит нар ирж илтгэл тавьсан. Мөн Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байрыг ашиглалтад оруулсан. Мөн анх удаа профессорууддаа насан туршийн тэтгэлгийг олгосон, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог анх удаа бий болгож, Монгол-Япон сургалтын эмнэлгээ хүлээн авлаа гээд тоочоод байвал олон ажлыг бид амжуулсан байна. Энэ удаад манай хамт олон Азийн Анагаах ухаан, Эрүүл Мэндийн Их Сургуулиудыг “Нэг Ази- Нэг эрүүл мэнд” уриан дор нэгтгэж, Ази тивд оршин байгаа өөрсдийнхөө эрүүл мэнд, боловсролын асуудлыг нэг түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахыг уриалж, консорциум байгуулах эхний хуралдааныг зохион байгууллаа.

-Энэ том хурлыг амжилттай зохион байгуулсанд салбарын эмч, мэргэжилтнүүд ам сайтай байна лээ. Ялангуяа, Монголын анагаах ухааны хөгжил дэвшилд томоохон түлхэц өгнө. Судалгаа шинжилгээний ажилд туршлага солилцох том баг бүрдэж байна гэж ярьж байсан. Ер нь энэ хуралд хэдэн сургуулийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бэ?

-Азийн Анагаах ухаан, Эрүүл мэндийн Их Сургуулиудын консорциумыг байгуулах эхлэлийг тавих энэхүү хуралд Азийн гуч гаруй их дээд сургуулиудын 100 орчим эрдэмтэн, профессорууд оролцож, амжилттай зохион байгууллаа. Ази хэмээх нэгэн том гэр бүлийн гишүүд болох анагаахын их сургуулиуд цаашид хамтын ажиллагаагаа  цоо шинэ төвшинд гаргаж, санал бодол, мэдлэг туршлагаа харилцан солилцож, нэгэн зорилго дор нэгдэж, консорциум байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Тус консорциумыг байгуулахыг АШУҮИС анхлан санаачилж, эхний уулзалтыг эх орондоо зохион байгуулсан нь  Монгол Улс тэр дундаа АШУҮИС-ийн нэр хүнд Азийн их дээд сургуулиудын дунд өсөж, Монголчууд бид манлайлж буй хэрэг юм. Мөн консорциумыг байгуулснаар бидний хамтын ажиллагаа улам бэхжин, өргөжин тэлж, хамтарсан төсөл хөтөлбөр, сургалт семинар зохион байгуулах, сургалтын нэгдсэн хөтөлбөр, нэг стандарт, сургалтын ижил орчныг бүрдүүлэх боломжууд ихээр нэмэгдэх ач холбогдолтой юм.

-Та АШУҮИС-ийн “бүтээгдэхүүн”, мөн эрүүл мэндийн салбартаа сайд дарга хүртлээ ажиллаж, энэ салбарыг асуудлыг нь хэнээс ч илүү мэддэг, шийдвэрлэх гэж оролддог хүний нэг.  Тэр утгаараа энэ консорциумыг зохион байгуулах санаачлагыг таныг гаргасан  гэж сонссон. Консорциумын хамтын ажиллагаа, ажлын үр дүн мэдээж өндөр, өгөөжтэй байх нь гарцаагүй. Харин таны хувьд, энэ ажлыг санаачлан зохион байгуулах болсон шалтгаан юу байсан бол?

-Өнөөдрийн нэн хурдацтай даяаршин хөгжиж буй энэ нийгэмд цаг хугацаа, орон зайн ялгаа улам бүр багасаж байна. Энэ нөхцөл байдал бидэнд хөгжлийн шинэ гарц, шинэ боломжуудыг нээж өгч байгаа төдийгүй, биднээс анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт бэлтгэж буй хүний нөөц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улам бүр сайжруулан олон улсын түвшинд хүрэхийг зүй ёсоор шаардаж байна. Аялал жуулчлалын түүхээс харахад Лондонгоос Хонконг ороход Васка де Гамма-ийн далайн аялагчид нэг жил гаруй хугацааг зарцуулдаг байж. Хэрэв аялагч Лондонд халдвар аваад гарсан бол Хонконгод  өвчтөний тавилан тодорхой болоод, өөрөөр хэлбэл илааршаад, эсвэл нас бараад ирдэг байж. Гэтэл өнөөдөр тийрэлтэт хөлөг онгоцоор 13 цаг нисээд л ирдэг болсон байна. Өөрөөр хэлбэл, халдвар авсан бол халдварын нууц үедээ Хонконгод ирэх боломжтой болж. Энэ нь өвчин эмгэг хил хязгааргүй болсон тул өнөөдөр өрхийн эмнэлэгтээ суугаад үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний өрөөнд ямар ч орны  хүн тухайн нутаг оронд тохиолддоггүй эмгэгийг тээгээд ирэх боломж бүрдэж. H1N1-ийн үеэр бид үүнийг мэдэрсэн шүү дээ. Азийн аль ч улсын иргэн Азийн аль ч улсад зорчиж амьдарсан ч гэсэн эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг хүртэхэд бидний байгуулах гээд байгаа консорциум эхлэлийг нь тавих юм. Тиймээс бид эхний ээлжид тулгамдаж буй нийтлэг асуудлаа ярилцаж, түүнээс гарах арга замаа тодорхойлох үүднээс их дээд сургуулиуд өөрийн хамгийн сайн туршлагуудаараа илтгэж тавьж, мэдлэгээ хуваалцлаа. Бид бие биеийнхээ хүрсэн амжилт, туулсан бэрхшээлийг сонсож, харилцан суралцаж, туршлагаа хуваалцсанаар хөгжлийн явцад тулгарах бэрхшээл, цаг хугацааг товчлох, богино хугацаанд нэг түвшинд хүрэх боломжтой юм. Хүн бүр эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хэрэгцээтэй цагтаа хүссэнээрээ авах заяагдмал эрхтэй. Гэтэл ямар оронд төрж, өсөж, амьдарч байгаагаасаа  хамаараад Азийн иргэд янз бүрийн тусламж үйлчилгээ авч байна. Зарим нь бүр авч чадахгүй байна. Жишээ нь манай иргэд орон гэрээ заран байж, өр тавин гадны улс орныг зорьж эдгэрч магадгүй гэсэн горьдлого тээж явах тохиолдол цөөнгүй. Энэ нь манай ард иргэд илүү сайн чанарын тусламж үйлчилгээг эрэлхийлж байгаагийн л нэг илрэл.  Жилд 150-300 сая ам. доллар гадагшаа урсаж байна гэсэн албан бус мэдээлэл байдаг. Ер нь Ази ч бай Европ ч бай хүний биеийн анатоми, физиологи адилхан шүү дээ.  Тэгэхээр хүмүүнийг анагаах хариуцлагатай мэргэжлийг эзэмших гэж байгаа хүмүүсийн мэдлэг нэг л түвшинд байх ёстой. Тийм учир бид энэ ялгааг арилгах ёстой гэдгийг ухамсарлан ойлгож байгаа нь консорциум байгуулахад хүргэж байна. Шотландын Dundee Их сургуулийн профессор Рональд Хардений тодорхойлсноор алсын хараа, стратегиа бид нэг болгож чадвал хамтын ажиллагаанд маань шууд нөлөөлөхөөс гадна харилцан үл ойлголцол боломжийн хэмжээнд багасгах нь чухал гэсэн байдаг. Учир нь үл ойлголцол хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь хэн бүхэнд тодорхой. Тиймээс Азичуудын эрүүл мэнд, боловсролын төлөө бид өрсөлдөхийн оронд хамтран ажиллах  нь агаар ус мэт чухал юм.

-АШУҮИС-ийн хувьд, гадаад харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгаа. Хэдийгээр Хятад, Япон, Солонгосын анагаах ухаан үсрэнгүй хөгжиж байгаа ч монголчууд бид бас дутахгүйг хичээж байна. Тэр утгаараа дан ганц Ази гэлтгүй Европын улс орны их дээд сургуулийг нэгтгэж хамтран ажиллах хүч бололцоо байгаа байх.  Гэхдээ энэ удаа яагаад ганцхан Азийн орнуудыг сонгосон бэ?

-Бидний оршин амьдарч буй Ази тив хүн ам, газар нутгийнхаа хувьд тэргүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан технологи, инновацын төв нь болж байна. Дэлхийн ДНБ-д Ази тив 2003 онд 40.5 хувийг эзэлж байсан бол 2030 онд 53.3 хувь болон өсөх хандлагатай байна. Япон, Тайвань, Солонгос, Сингапур, Хятад зэрэг шинжлэх ухаан технологийн тэргүүлэх улсууд манай тивд оршин байна. Энд би жишээ болгон Япон, БНХАУ-ын эрдэмтдийн дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тухайлбал Профессор И.Акасаки, Х.Амано, С.Накамура нар ЛЕД-ийг бүтээснээр эрчим хүчийг мэдэгдэхүйц хэмнэсэн. 2015 онд Нобелийн шагнал хүртсэн Проф.Т.Кажита, Артур МкДональд нар нейтрон масстай гэдгийг нээснээр хүн төрөлхтний мэдлэгийн санд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.  Мөн БНХАУ-д анх удаагаа сармагчинг хувилж гаргалаа. Хэдий Азичууд эдийн засаг, шинжлэх ухаан, инновацийн хувьд тэргүүлж байгаа ч эрүүл мэндийн талаар бусад тивтэй харьцуулбал сүүл хавьцаа явж байгаа. Дундаж наслалтын хувьд Хойд Америк, Европ, Латин америк, Карибын тэнгисийн орнуудын оршин суугчдаас доогуур байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл ч Европ, Америк тивээс Ази тив өндөр байна. Ялангуяа, Зүүн өмнөд Азийн бүсэд илүүтэй өндөр байна. Тиймээс хүн амын эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Азийн анагаах ухаан болон эрүүл мэндийн их сургуулиуд бид л анхаарахгүй бол болохгүй нь ээ. Бид чинь хос мэргэжилтэй учир хос морьтой хүмүүс шүү дээ. Үүгээрээ  бид бусдаас ялгаатай. Бид хүмүүнийг анагааж эдгээдэг эмчээс гадна ирээдүйн сайн иргэдийг бэлтгэн гаргадаг сурган хүмүүжүүлэгч, эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг судлан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг эрдэмтэд. Тийм учир бид энэ асуудалд манлайлж, түүчээлэх үүргийг гүйцэтгэх учиртай. Өнөөдөр зөвхөн өөрийн байгууллага, эсвэл өөрийн улс орны хөгжлийн талаар ярьдаг үе өнгөрч байна. Дэлхий нийтээрээ сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж, хамтын хүчээр дэлхий нийтийн тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэж ярьж байна.  Бид тус тусдаа ажиллахаас илүүтэй хамтран ажиллах нь өнөөдрийн тогтвортой хөгжлийн нэг чухал үндэс юм. Азичуудыг нэгэн үе хямд ажиллах хүч гэж хардаг байсан бол өнөөдөр Азичууд дэлхийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон байна. Өнөөдөр бид эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, нэгдсэн сүлжээг  үүсгэж чадвал хүн төрөлхтний өмнө байгаа олон тулгамдсан асуудал түүний дотроос хамгийн чухал асуудал болох эрүүл мэндийн асуудлыг сайжруулахад зохих хувь нэмэр оруулах юм. Манай сургуульд шилдэг туршлага олон бий, эрүүл мэндийн салбарт хүрсэн амжилт зөндөө.

-Ер нь Азийн орнуудын хувьд боловсролын системийн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа вэ?

-Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт Азийн улс орнуудын хамтын ажиллагаа өргөжиж байна. Шинэ зуун гарснаар дээд боловсролын судалгаа дэлхий даяар огцом өссөн бөгөөд үүнд Азийн их дээд сургуулиуд ч өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Хамтран хэвлүүлсэн бүтээлүүдийг авч үзвэл бидний хоорондох хамтын ажиллагаа улам ихсэж байгааг төвөггүй харж болно. Тухайлбал 1998 болон 2007 онд хэвлүүлсэн бүтээлүүдийг харахад Азийн улс орнуудын эрдэмтэд бусад тивийнхтэй харьцуулбал илүүтэй хамтарч судалгаа шинжилгээ хийсэн байна лээ. Дэлхийн түүхэнд төрт ёсны түүхэн уламжлалтай улс орны тоонд Монгол Улс багтдаг. XII,XIII зуунд Монголын эзэнт гүрэн төв азийн цээжинд байгуулагдан хүн төрөлхтний түүхэнд өөрийн баларшгүй мөрөө үлдээсэн. Энэ эзэнт гүрний нутаг дэвсгэрт энх тайван байдал тогтож, Азийн, Европын орнуудын хооронд худалдаа, соёлын харилцаа цэцэглэн хөгжиж байсныг түүхийн сурвалж бичгүүдэд “Арван наймтай охин мориндоо алт ачаад энэ улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл айх аюулгүй тийм амгалан байжаймуй” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Азичууд тэр дотроо Монголчууд Ази Европыг холбосон дэлхийн том худалдаа, арилжаа, соёл, улс төр, шинжлэх ухааны сүлжээг үүсгэсэн түүхтэй бөгөөд туршлагатай. Тийм болохоор бид ч гэсэн өвөг дээдсийнхээ энэ үйлийг үргэлжлүүлэн дээд боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ энэ тивд нэг стандарттай, нэгдмэл зорилготой хөгжихийг хүсэн Азийн анагаахын их сургуулийн консорциумыг  үүсгэн байгуулж, эрүүл мэнд, мэдлэгийн шинэ сүлжээг үүсгэхийг зорьж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top