ХӨСҮТ | 2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгджээ

О.Должин | Zindaa.mn
46 минутын өмнө

Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ХДХВ-ийн халдвартай, мөн ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээлэл цахим орчинд тараах болсон талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл гаргалаа.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнээс:

  • 2026 онд 24 шинэ тохиолдол оношлогдсон;
  • Нийт тохиолдлоос 73 хүн нас барсан;
  • 40 хүн гадаадын улс орнууд руу амьдралын нөхцөлөөр шилжин явсан;
  • Одоогоор 322 хүн буюу 95.2 хувь нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад, тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.

Мөн ХӨСҮТ-ийн мэдээлснээр ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан байна. Халдвартай 20 эмэгтэйгээс нийт 36 хүүхэд төрсөн бөгөөд эдгээрээс 15 нь эхээс давтан төрсөн байна. Харин эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ нь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг нууцлан хамгаалдаг бөгөөд халдвартай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдэд “Нууцын гэрээ” байгуулж ажилладаг байна.

Иймд цахим орчинд хүний нэр төр, алдар хүндэд халдах, худал мэдээлэл тараахгүй байхыг ХӨСҮТ-өөс анхааруулж, үндэслэлгүй мэдээлэл тараасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top