ОУВС | Сонгууль дөхсөн ч бодлогоо алдаж болохгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
49 минутын өмнө

Олон улсын валютын сангийн бодлого зөвлөмж бүхий тайланд 2027, 2028 онд болох сонгуулийн улмаас үүдсэн популист шахалтуудаас шалтгаалж бодлогын сахилга бат алдагдана гэж дүгнэжээ. Учир нь сонгуулийн үеэр нийгмийн шахалт, түүнийг дагаж эдийн засаг болон төсөв, сангийн бодлогын сахилга бат алдагдах эрсдэлтэй юм байна. Энэ нь ойрын хугацаанд учирч болох гол эрсдэл аж.

Мөн түүнчлэн Монгол Улс дэлхийн таваарын зах зээл, гадаад эрэлтээс ихээхэн хамааралтай байгаа нь эрсдэл дагуулж буй хүчин зүйл гэж дүгнэлээ. Ялангуяа экспорт, импортын хувьд хоёр хөршөөсөө үнэмлэхүй хамааралтай байдал нь яваандаа эрсдэл дагуулах гол хүчин зүйл ажээ.

Тайланд дурдсан эерэг гэж хэлж болох нэг зүйл бий. Тэр нь эрчим хүчний үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны хомстол зэргээс үл хамааран Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд тогтвортой байна гэж дүгнэжээ. ОУВС-ийн үзэж байгаачлан Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.8% өсөхөөр байна. Хөдөө аж ахуйн салбар 2025 онд огцом өссөн ч 2026 онд энэ осолт алгуур саарах дүр зурагтай байгаа юм. Уул уурхайн салбар 2026 оны эхний улиралд 7.8% тэлсэн ч, уул уурхайн бус салбар жин дарахгүй байгааг ОУВС тодотгожээ. Уул уурхайн салбарын өсөлт цаашдаа уул уурхайн бус салбарт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа ч бодлогын дэмжлэг хэрэгтэй гэж гаднын мэргэижлтнүүд үзэж байна.

Ялангуяа уул уурхайн бус салбарын татварыг бууруулах, цалин тэтгэврийг нэмэх улс төрийн шахалтыг харгалзан үзвэл төсвийн сахилга бат алдагдаж, өрийн хэмжээ нэмэгдэн, гадаад санхүүжилтийг сааруулж болзошгүй гэж ОУВС дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top