СУРВАЛЖЛАГА: Арван хүүхэд тутмын найм нь ЦАХИМ СҮРДҮҮЛЭГТ өртөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Интернэт, технологи хөгжсөн өнөө үед сошиал медиа олон талын ашигтай ч нөгөө талаас нийгэмд сөрөг үр дагаврууд үүсгэсээр байна. Цахим сүлжээгээр дамжиж буй хяналтгүй, шүүлтүүргүй мэдээ мэдээллээс үүдээд “шинэ төрлийн гэмт хэрэг” бий болжээ.

Тухайлбал, цахим орчинд худал мэдээлэл түгээж бусдыг залилах, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдах, садар самуунд уруу татах, сүрдүүлэх, хар тамхи хууль бус наймааны сүлжээ бий болох, бэлгийн дарамт үзүүлэх гэх мэт цахимд суурилсан гэмт хэргүүд цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон байна.

Эдгээрээс насанд хүрээгүй хүүхдүүд цахим орчинд хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх бодит эрсдэлд өртөж байгааг албаныхан анхаарууллаа.

Интернет болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай  контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал олноор гарах болжээ. Энэ нь дэлхийн олон улс үндэстний засгийн газар, мэдээлэл, технологийн салбар, иргэний нийгэм, олон нийтийн хувьд томоохон тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсад ч энэ асуудал сүүлийн үед анхаарал татаж байгаа ба хамгийн сүүлийн бодит жишээ 1000 гаруй хүүхдийн нүцгэн зургийг хууль бусаар цуглуулсан этгээдийг илрүүлж эрүүгийн хариуцлагад татаад байгаа явдал юм.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллагаа явуулж, фэйсбүүк хуудсаар дамжуулан насанд хүрээгүй охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж дотно харилцаанд орохыг шаарддаг, мөнгө нэхдэг, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 3 этгээдийг дайчлан баривчилсан байна. Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяат 32 настай, эрэгтэй Г, 35 настай эрэгтэй Д,  Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй Х нарыг дайчлан баривчилсан байна. Түүнчлэн сэжигтэн Х-ийн гар утсанд 1032 ширхэг насанд хүрээгүй охидын нүцгэн зураг болон садар самуун агууламжтай файлууд байжээ.

Ийнхүү цахимд суурилсан гэмт хэргийн тоо өдөр ирэх бүр өсөж буй бодит аюулаас сэргийлэх зорилгоор өчигдөр буюу 9-р сарын 19-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүгийн үеэр, салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдол ялангуяа үүрэн телефоны операторууд, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, контент үйлдвэрлэгчид болон түгээгчид зэрэг мэдээлэл харилцаа, технологийн салбарынхан чухал үүрэгтэйг онцолж байв.

-Б.ХАЛИУН: ХҮҮХДҮҮДИЙН 93 ХУВЬ НЬ ЦАХИМ СҮРДҮҮЛЭГТ ӨРТСӨН ГЭХ СУДАЛГАА БИЙ-

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун "Аймаг тус бүрээс нэг , дүүргүүдээс хоёр сургуулийг сонгон нийт 2240 хүүхдийг “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд хамрууллаа. Мөн энэ судалгаанд 378 эцэг эх, 304 багш хамрагдсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 85 хувь нь цахим орчинд бие дааж болон найз, нөхдөөрөө дамжуулан суралцдаг гэсэн бол 93 хувь нь сүрдүүлэг эрсдэлд өртөж байсан гэх хариулт өгсөн байна. Энэ нь хүүхдээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр харилцаа болон үйлдэл, агуулгын эрсдэлд байнга өртөж байгаа гэдгийг харуулж байгаа юм” гэлээ.

-Д.БУДЗААН: ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ХААНА ХАНДАХАА МЭДДЭГГҮЙ-

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан "Тоо баримтаас үзвэл 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг гарч, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Монгол Улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг. Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлддэг, тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор "Unfriend" арга хэмжээг эхлүүлээд явж байна. Одоо ерөнхий боловсролын  сургуулиудын нийт сурагчдын 94 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа. Тиймээс аюулгүй байдлаа хангах нь  хамгийн чухал. Хүүхдийг цахим орчинд аюулгүй байдлыг нь хангах хамгийн гол хүмүүс бол эцэг, эхчүүд байдаг" гэсэн юм.

-Т.БАТБОЛД: БАГА НАСНЫ ХҮҮХДЭДЭЭ ФЭЙСБҮҮК НЭЭЖ ӨГӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

Харилцаа холбооны зохицуулах хорооны интернетэд суурилсан үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Батболд “Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхэлж буй компаниуд хуулийн дагуу +18 шүүлтүүр тавих хариуцлага хүлээдэг.  Тиймээс эцэг эхчүүд хэрвээ хүсэх юм бол интернэт үйлчилгээ авч байгаа байгууллагатайгаа холбогдоод ийм төрлийн үйлчилгээг үнэгүй авах боломжтой.

Мөн эцэг эхчүүдийг 13 нас хүрээгүй хүүхдэдээ фэйсбүүк хаяг бүү нээж өгөөч гэж хэлмээр байна.  Фэйсбүүк компани өөрөө 13 наснаас дээш  иргэнд ашиглах зөвшөөрөл олгодог журамтай. Гэтэл Дэлхийн банк болон БСШУСЯ-наас хийсэн судалгаагаар 7-16 настай хүүхдүүдийн 94 хувь нь фэйсбүүк хаягтай гэж тодорхойлсон. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ насыг нь худлаа оруулж хаяг нээж өгдөг нь их буруу” гэлээ.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(112.72.11.101) 2018 оны 09 сарын 20

Xuuxduuddee face bitgii neej uguuch dee

0  |  0
T(112.72.11.101) 2018 оны 09 сарын 20

Xuuxduuddee face bitgii neej uguuch dee

0  |  0
T(112.72.11.101) 2018 оны 09 сарын 20

Xuuxduuddee face bitgii neej uguuch dee

0  |  0
Top