29-р тусгай сургуулийн орчмыг камержуулна гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Тусгай сургалттай 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах аян эхлүүлж байгаа талаар албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд 29-р сургуулийн Захирал Б.Баярсайхан, Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Батболд, Зам тээврийн яамны хэлтсийн дарга Н.Гантулга, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин М.Түвшинхүү  нар оролцсон юм.

Мэдээллийн эхэнд 29-р сургуулийн захирал Б.Баярсайхан “Сургуулийн ойр орчимд гэрэлтүүлэг, камержүүлэлт байхгүй учир сургуулийн захиргаанаас Зам Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн яамтай  хамтарч  29-р сургуулийн гадна талбайг тохижуулах аян эхлүүллээ. Харааны бэрхшээлтэй  хүүхэд, багш ажилчид, эцэг эхчүүд зорчиход хүндрэл бэрхшээлтэй байдаг  учраас ойр орчмын орон сайн баримжааг бий болгох, зай талбайг гаргаж өгөх ажил хийхээр төлөвлөж байгаа байгаа” гэлээ.

УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү “Та бүхэн бидний энэхүү аяныг дэмжихийг хүсвэл фэйсбүүкийн “Дөрвөн бэрх-хөгжил” хуудсанд нэгдээрэй. Зам тээврийн хөгжлийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг орчмын зам талбайг засаж тохижуулахаас гадна. Хүүхдүүдийг хичээлийн бус цагаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх анги танхимыг тохижуулж өгнө. Мөн гэмт халдлагаас урьдчилан сэргийлж гэрэлтүүлэг, камер суурилуулна. Өчигдөр ажлын хэсгийн хүмүүс газар дээр очиж танилцан цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Энэхүү аяныг дэмжсэн сайн санаат хүмүүс эхнээсээ бидэнд хандив өгч эхэлсэн. Миний бие энэхүү аяны дуу хоолой болж ажиллаж байгаагийн хувьд тус сургуулийн хүүхдүүдтэй уулзаж, долоо хоног ажилсан. Хоёр цэцэрлэг, хоёр сургуулиар орсон. Хүүхдүүд юу ярьж байна вэ гэвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна гэсэн. Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ажил надтай насан туршид минь хамт явна. Манай аянд эхнээсээ “Лут-Гүн” интернейшнэл туслахаа мэдэгдлээ. Түүнчлэн Зам тээврийн яамнаас тус сургуулийг тохижуулахад хэчнээн төгрөг шаардлагатайг тооцоог гаргасан. Мөн энэхүү сайн үйлсийн аяны хүрээнд хүүхдүүдэд зориулсан сан байгуулж, цаашид өргөжүүлнэ” гэв.

Мөн өнгөрсөн 2017 онд зам тээврийн осолд 1018 хүүхэд өртсөнөөс 59 нь ам насаа алдсан байна. Улмаар сүүлийн 3 жилд 400 гаруй хүүхэд гудамж, зам талбайд болон сургуулийн ойр орчимд зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан гэх харамсалтай тоон мэдээлийг албаны хүмүүс нь өгсөн юм.

Тиймээс энэхүү тусгай сургалттай 29-р сургуулийн ойр орчмыг тохижуулах, тус сургуулийн сурагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах ажилд төр болон хувий хэвшлийн байгуулага хамтран ажиллахыг уриаллаа. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top