АТГ: Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ГАДААДАД СУРГАЛТАД ЯВЖЭЭ-

ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд нийт 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Эдгээр оюутнуудын сургалтын төлбөрт дөрвөн жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардал гаргажээ.  

Мөн 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын есөн хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,  7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”

гэж заасныг зөрчсөн гэж үзэн, хяналт шалгалт явуулж эхэлжээ.

-АВТО ТЭЭВРИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМЭЭС МЭДЭЭЛЭЛ УСТГАСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУССАН-

АТГ-аас есөн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 29 хэргийг хаах саналтайгаар прокурорт, дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн байна.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтан нар нь эрх мэдлээ хэтрүүлэн өнгөрөгч 2017 оны 7-12 дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн гэх хэргийг шалгаж шүүхэд шилжүүлэх санал хүргүүлсэн байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн дансанд хаалт, хасалт хийгээгүйн улмаас төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т төлөгдөх ёстой 1.6 тэрбум төгрөгийн төлөгдөх ёстой боломжийг алдагдуулж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг мөн шүүхэд шилжүүлэхээр болсон байна.


-"ЖАСТ" Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГИЙГ УДАХГҮЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛНЭ-

Хэвлэлийн хурлын дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 -Өнгөрсөн шөнө “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг саатуулсан. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татаж, саатуулан шалгаж байна. Өнөөдөр прокуророос Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьсан байгаа. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдэгдэнэ.

-Ч.Ганзоригоос гадна түүний туслахыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна?

-Энэ хэрэгт нийт таван хүнийг холбогдуулан шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Н.Мөнхжаргал, Б.Амарбат, А.Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна.

-Хэргийн мөрдөн шалгалтын явц ямар шатанд явж байна вэ? Хэзээ шалгагдаж дуусах вэ?

-Энэ хэргийг удаан хугацаанд шалгаж байгаа  нь үнэн. Шалгалтын явцад гадаадын банкнаас орж ирсэн их хэмжээний мөнгө “Жаст” компани болон түүний хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд ашиглагдсан нь тогтоогдсон. Тийм учраас тус компаниудад шалгалт хийж байна. Энэ компанийн салбарууд монгол орны бүх аймаг, сумдад бий. Тэр салбар бүрт шалгалт явуулж, битүүмжилж, үнэлгээ хийж байна. Одоогоор ихэнхи салбаруудад шалгалт оруулсан байгаа. Тун удахгүй шалгалтын ажиллагаа дуусч хэргийг прокурор руу шилжүүлнэ.

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг ямар шатанд шалгагдаж байна вэ?

-Олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг хэрэг дээр маш олон шинжилгээ хийгдэж байна. Бид нараас шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан шалгаж, танилцах материал их бий.  Шинжилгээний дүгнэлт гарсны дараа уг хэргийг прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр гэм буруутай эсэх тогтоогдоно. Одоогоор шинжээч нарын дүгнэлт гараагүй байна.

-Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг иргэний гомдлын дагуу авлига авсан эсэхийг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг шалгагдаж дууссан уу?

-Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хандсан. Үүнд дээр хэрэг бүртгэлт нээж, шалгах ажиллагааг явуулсан. Дээр дурдагдсан бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор зарим нэг зүйлийг тодруулна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Өнгөрсөн сараас эхлээд цагдаагийн дарга нарыг цагдан хорьж байгаа гэсэн асуудал яригдах боллоо. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийн тухайд цагдаагийн байгууллага ШШҮХ-ийн шинжээч нар худал дүгнэлт санаатай гаргасан гэсэн асуудлаар холбогдон шалгагдаж байсан шинжээч нарыг авлига хээл хахуулийн шинж чанартай асуудал тогтоогдож байгаа тул хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ШШҮХ-ийн зохих шинжээч нарыг авлигын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгаж байгаа.

-60 тэрбумын хэрэг юу болж байгаа вэ?

-Прокуророос хэргийг хаасан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг дагуу дээд шатны прокурор хэргийг сэргээсэн. Ингээд гурван байгууллагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг даалгасан. Хэрэг асуудлыг сэргээх, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь прокурорын эрхийн асуудал. Одоогоор тагнуулын байгууллага дээр голлон төвлөрч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн прокурорын хяналтад шалгагдаад явж байгаа юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.13) 2018 оны 09 сарын 25

атг сайн шалгаж ард түмний эргэлзээ хардлагыг тайлаасай билээ.улс төрд намд очсон улсууд албан тушаал хашиж баяждаг нь тодорхой болхоор одооны залуус толгойдоо боловсорлгүй болж нам дагаж долигнож юу ч хийхээс буцахгүй мөнгөний төлөө нүдээ ухаж өгөх гэж зүтгэдэг болсон харагддаг.үүнийг тас цохих хшч гараасай гэж бодох вм.ингэж ард түмнийхээ хөрөнгөөр хуйвалдаж ард түмнээ дэндүү ядуу байлгадаг улс төрчид удаан жил яьахгүй шүү дэ.ард түмэн ойлгох сэтгэлтэй нүдтэй болхоор хараад яаж шийдьэр гарахыг хүлээдэг болсон бна

0  |  0
Top