Сургуулийн жилийн эхэнд жил бүр зохион байгуулагддаг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт аравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд зохион байгуулагдаж байна.
Цугларалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний жанжин штабын дэслэгч, генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний хуурай замын командлал, Зэвсэгт хүчний Агаарын командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагын захирагч дарга нар оролцлоо.
Цугларалтын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг хүндэт харуул угтан авснаар Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа эхэлж, Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон байлдааны тугийг Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэмд ёслол төгөлдөр гардуулж өгсөн юм.
Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо суулгасан байдаг бөгөөд монгол бичгээр “Монгол Улсын төлөө” гэж бичсэн байдаг. Энэхүү тугийг үе үеийн цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл гэж үздэг.
Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Т.Гансэлэмтэй цөөн хором ярилцлаа.
-Байлдааны тугаа хүлээн авсан нийт бригадын хамт олонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцана уу?
-Зэвсэгт хүчний 345 дугаар Бригадын бие бүрэлдэхүүн сүсэглэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн билэгдэл болсон ангийн Байлдааны тугаа гардан авч байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд нар манай ангийн Байлдааны тугийг гардуулан өгсөн нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд ангийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал тохиолоо.
-Зэвсэгт хүчний 345 дугаар бригадаа танилцуулна уу?
-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны мн/470 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2015 оны мн/23 дугаар тушаалуудыг үндэслэн Зэвсэгт хүчний 345 дугаар бригад нь Монгол Улсын нутаг дэвсгэрт заагдсан бүсэд байлдааны бүрэн бэлэн байдалтайгаар түргэн байрлах, байлдааны болон тусгай үүргүүдийг биелүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зорилготойгоор байгуулагдсан цагаас хойш гурав дахь намартайгаа золгож байна.
Зэвсэгт хүчний 345 дугаар бригад нь байгуулагдсан цагаасаа эхлэн Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуулиар хүлээсэн үүргүүдийг амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний түргэн байрлах хүчний цөм болон хөгжих, Оперативын түвшинд цэргийн ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах чадавхи бүхий цэргийн удирдлагын нэгж болон төлөвшиж, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн нэгжийг олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх, оролцуулах, удирдлагаар хангах удирдлагын байгууллагын чадавхийг бүрдүүлэхийн төлөө бүх талын боломж, бололцоогоо дайчлан ажиллана.
-Эх орноо хамгаалах нэр төртэй, хариуцлагатай үйл хэрэгт тань өндөр амжилт хүсье.
-Манай хамт олон төр, засаг, цэргийн дээд командлалын бодлого шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлэн, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Зэвсэгт хүчний дайчин замнал, нэр төр, алдар гавьяаг ямагт өндөрт өргөж явах болно. Баярлалаа та бүхэнд.
Энхийг дэмжих ажиллагааны мото буудлагын бригад буюу Зэвсэгт хүчний 345 дугаар анги нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2015 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацаанд шилжин байрлаж, тавигдсан байлдааны болон хуулиар хүлээсэн үүргүүдийг гүйцэтгэх, харьяа батальонуудын байлдааны бэлэн байдал, бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны тооцоо, өгөгдөхүүнийг бэлтгэн боловсруулах, удирдах дээд байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг бэлтгэх, явуулах, удирдлагаар хангах, Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах, бригадын зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна.
Ийнхүү Зэвсэгт хүчний 345 дугаар ангид байлдааны туг гардуулсны дараа зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний цугларалтын нээлтийн ажиллагаа болж, үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Уг хуралдаанаар 2018-2019 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн агуулга, цаашдын зорилго зорилтуудыг тодорхойлж, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын захирагч дарга нар сургалтын төлөвлөгөөгөө батлуулсан юм. Цугларалт өнөөдөр /2018.10.04/ үргэлжилж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )