Цагдаагийн байгууллагыг үндсэн чиг үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар үйлчлэх, тэдгээрийн бүрэн бүтэн, найдвартай, шуурхай, бэлэн байдлыг ханган ажиллаж байдаг Автобаазын нээлттэй хаалганы өдөрлөг болж өнгөрлөө.
Тус баазын инженер, техникийн ажилтнууд, цагдаа-жолооч, засварчид мэргэжлийн түвшинд ажиллаж, албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэдэг аж.
Цагдаагийн ерөнхий газрын Автобаазад өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа нийт автомашины 37 хувь нь тав хүртэл жил, 45 хувь 6-10 жил, 12 хувь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жилээр “үүрэг гүйцэтгэжээ”. Техник үйлчилгээ засварын хэлтэс нь өнгөрсөн гурван жилд давхардсан тоогоор 8.157 автомашины засвар үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хийж, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар хангах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хангалттай төвшинд хийж гүйцэтгэдэг. Гэвч цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж буй эргүүлийн автомашинуудыг парк шинэчлэлд оруулах шаардлага үүсээд байгаа юм.
Энэ тухай ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны улсын төсөвт тусгахаар цагдаагийн байгууллагын эргүүл, хамгаалалтын чиглэлээр ажиллах автомашины парк шинэчлэл хийлгэх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд буй” гэдгээ нээлттэй өдөрлөгийн үеэр хэлж байлаа.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )