У.ХҮРЭЛСҮХ: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ БҮХ ЯАМ, ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ДЭМЖИЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар тогтоолын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран ажиллаж “Мон-30” загварын хоёр автобусны угсралтыг Монгол инженер, мэргэжилтнүүд хийжээ. Монголчуудын үйлдвэрлэсэн цахилгаанаар ажилладаг автобуснуудыг хүлээн авах арга хэмжээнд Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн төлөөлөл “Монгол машин байгууламж” ХХК-ийн хамт олон оролцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгальд хор хөнөөлгүй, иргэд үйлчлүүлэхэд тав тухтай автобусыг хямд өртгөөр эх орондоо үйлдвэрлэсэн анхдагч инженер, техникийн мэргэжилтнүүдэд баяр хүргэсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол инженер, мэргэжилтнүүд анх удаа автобус угсарч үйлдвэрлэсэнд баярлаж байна. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобуснуудыг үйлдвэрлэх ажлын эхлэл тавигдлаа гэж ойлгож байгаа. Энэ ажлыг бүх яам, төрийн албан хаагчид, Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагынхан дэмжих ёстой. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын инженерүүдээс дутахааргүйгээр автобус үйлдвэрлэж чаддаг гэдгийг Монгол хүн харууллаа. Эх орондоо үйлдвэрлэсэн автобусаар зорчих нь иргэдэд хүртэл таатай сэтгэгдэл төрнө. Гадаадаас ийм автобусыг 400 мянган ам.доллараар худалдаж авна. Монголдоо 195 мянган ам.доллараар угсарлаа. Төрд төлөх гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж байна. Үүний хооронд асар их ялгаа байна. Эх оронч сэтгэл гэж энийг хэлнэ. Эх орондоо хайртай монгол хүн бүр үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Бүх яам, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллахыг уриалж бас үүрэг болгож байна” гэсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Монгол инженерүүдийн бүтээсэн "Мон-30" цахилгаан үүсгүүртэй автобус 2-3 цагийн хугацаанд цэнэглэж 180-200 км зам туулах хүчин чадалтай ажээ.
2019 ОНЫГ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОХ САНАЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахилгаанаар ажилладаг автобуснуудыг үйлдвэрлэсэн мэргэжилтнүүд, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийн санал, хүсэлтийг богино хугацаанд боловч сонссон юм. Тэрбээр, төр, үйлдвэрлэгч, иргэд хамтарч ажиллаж байж амжилтад хүрнэ гэдгийг онцолсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Засгийн газраас 2019 оныг Үндэсний үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдээ дэмжих, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах жилээр зарлаач” гэсэн санал хэлснийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ гэж амласан. Мөн дэлхийн зах зээл дээр өссөн нефтийн үнэ, ханшийн өсөлт Монголд нөлөөлж байгаа. Цаашид ийм үнийн савлагаанд өртөхгүйн тулд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Дөрвөн жилийн хугацаанд энэ ажлыг хийхээр Засгийн газар шахуу ажиллаж байна. Дорноговийн Алтанширээ суманд эхэлсэн Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явааг дуулгасан юм. Шатахуунаас эхлээд Монгол Улс хүнсний үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтойг Ерөнхий сайд онцлоод зөвхөн ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээс жилд нэг тэрбум америк долларын орлого, ашиг олох боломжтой гэсэн юм. Энэ бүхний төлөө төр, үйлдвэрлэгч, ард түмэн хамтарч уялдаа холбоотой нэгнийгээ дэмжиж, нягт ажиллах шаардлагатай гэдгийг дахин дахин хэлж байв.
“МОН-30” АВТОБУС НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРДЛЫГ 30-40 ХУВИАР БУУРУУЛНА
“Монгол машин байгууламж” компанийнхан үйлдвэрлэсэн “Мон-30” цахилгаан үүсгүүрээр ажилладаг автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд оруулсан тохиолдолд агаарын бохирдлын хэмжээ буурахаас эхлээд олон эерэг үзүүлэлт гарна гэдгийг үйлдвэрлэгчид танилцууллаа. Дизел түлшээр ажилладаг нэг автобус жилд 46 сая төгрөгийн импортын шатахуун, газ, шатах тослох материал ашиглаж, нэг тонн гаруй хорт бодисыг агаарт ялгаруулдаг байна. Харин Монголд үйлдвэрлэсэн “Мон-30” загварын цахилгаан үүсгүүртэй автобуснууд дотоодын эрчим хүчний салбараас жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, нийтийн тээврийн зардлыг 30-40 хувиар бууруулах судалгаа гаргажээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үндэсний үйлдвэрлэгчдийн “Мон-30” загварын 1000 гаруй автобусаар хийхэд 26 жижиг, дунд үйлдвэр, 2000 гаруй ажлын байр бий болно. Зөвхөн цахилгаан автобус биш цахилгаан үүсгүүртэй такси, ачааны машин, авто машины угсралт, үйлдвэрлэл, хэрэглээг бий болгох ёстой хэмээн үйлдвэрлэгчид үзэж байна.
М.ГЭРЭЛЧУЛУУН: БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААРАА АЖИЛЛАВАЛ 400 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО
(“Монгол машин байгууламж” ХХК-ийн Үйлдвэрийн дарга)
-Манай компани 200 гаруй автобус үйлдвэрлэж, угсарсан туршлагатай. Дотооддоо үйлчилгээнд явж байгаа. Хамгийн хямд үнээр үйлдвэрлэж байна. Гадаадаас хэрэглээнээс гараад 5-6 жил болсон том оврын автобуснуудыг оруулж ирээд Монголд 5-6 жил ашиглаад зогсоодог. Тиймээс үндэсний үйлдвэрийн автобуснуудаа ашиглах хэрэгтэй.
-Танай компанид хэдэн хүн ажилладаг вэ?
-“Монгол машин байгууламж” компани 40 инженер, техникийн ажилтан, мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулдаг. Бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. 100 хувь хүчин чадлаа ашигласан тохиолдолд 400 ажлын байр бий болох боломжтой. Жилд 150-300 автобус угсарч, үйлдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлдэг болно. Бидний үйлдвэрлэсэн автобуснууд дэлхий зах зээл дээрх автобусны үнэ ханшаас 20-30 хувиар хямд өртгөөр гарч байна.
-Нийтийн тээврийг цахилгаан үүсгүүртэй автобусаар хангахад хэр хугацаа шаардагдах вэ?
-Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1000 гаруй автобусыг шинэчлэх шаардлага бий. Энэ ажлыг 3-5 жилийн хугацаанд хийх боломжтой.
-Та бүхэнд төрийн зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байгаа вэ?
-Гадаадаас хуучин автобус оруулж ирэхэд татваргүй хирнээ автобусны сэлбэг, хэрэгсэл оруулахад өндөр татвар авдаг. Энэ нь үйлдвэрлэсэн автобусны үнэд нөлөөлж байна. Тиймээс төрөөс үндэсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих шаардлага бий.
Г.БАТБАЯР: ӨМНӨД СОЛОНГОСООС 200 АВТОБУС ОРУУЛЖ ИРЭХ ТУХАЙ ЯРИГДААГҮЙ
(Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга)
-Шинэ автобуснуудыг туршилтаар ямар хугацаанд явуулах вэ?
-Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээний 1200 автобус байгаагаас 900 гаруй нь үйлчилгээнд явж байна. Том оврын автобусыг 10-12 жилийн хугацаанд үйлчилгээнд явуулдаг. Монгол инженер, мэргэжилтнүүдийн угсарсан хоёр автобусыг жилийн хугацаанд туршилтаар явуулах байх. Боломжтой байвал дотооддоо цахилгаанаар явдаг автобуснуудыг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллана.
-БНСУ-аас том оврын 200 автобус оруулж ирэх тухай яригдаж байна?
-Өмнөд Солонгосоос 200 байтугай хоёр автобус ч авах тухай яригдаагүй. Өмнө нь том оврын автобуснууд авах талаар яриа, хэлцэл болж байсан юм билээ. Түүнээс үүдэлтэй яриа байх.
-Парк шинэчлэлт хэрхэн хийгдэх вэ?
-Парк шинэчлэлийг цахилгаанаар явдаг, хорт утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслээр хийнэ. Нийслэлийн өмчит гурван байгууллагын 340-өөд том оврын автобусыг шинэчлэх тухай яригдана. Улсын төсөвт мөнгө тусгагдаагүй. Улаанбаатар хотын удирдлага шийдвэрлэх ёстой. Бусад автобус нь хувийн хэвшлийнх учраас өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийх ёстой.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 1 )
UGSRAA AVTOBUSIIG HIIH BOLOMJ BAISAN TUHAIN UEIIN ZASAG DEMJEEGUI ENGIIN IRGEN ULS TORCHOOS ILUU UHAANTAI BAIDAG N FIZIKIIN HUUL