Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу аравдугаар сарын 12-ны /2018.10.12/ өдөр “Гоёо” компанийн ээрэх үйлдвэр буюу ээрмэлийн цехэд барилгын ажил гүйцэтгэж байсан хүмүүс хордож, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл эдгээр иргэд ямар шалтгааны улмаас хордож эмнэлэгт хүргэгдэв, нэг иргэний нас барсан шалтгаан юу байв, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан уу.. гэх асуудлыг тодруулахаар эргэн сурвалжиллаа.
Хэрэг гарсан өдрийн орой тус компанийн ээрмэлийн цехэд нийт 17 хүн ажлын байран дээр байжээ. Тэдний гурав нь туслан гүйцэтгэгч "Мөнх харш" компанийн ажилчид байсан ба тэд цехийн машин суурилуулахаар шал өрөмдөж байжээ. Энэ үед хоёр иргэний биеийн байдал муудаж, яаралтай түргэн тусламж дуудсан боловч нэг иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй түргэний машинд амьсгал хураасан. Хамт явсан нөгөө ажилтан хүнд байдалтай хордлогын төвд хүргэгдсэн байдаг. Түүнчлэн өөр өрөөнд байсан 14 ажилтны заримд нь хордлогын шинж илэрсэн тул эмчийн үзлэгт хамруулсан байна.
Дээрх хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Холбогдох байгууллагууд нас барсан иргэний цогцост задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааны урьдчилсан дүгнэлтийг гаргажээ. Түүгээр талийгаач нь агаарын солилцоогүй орчинд байхдаа химийн бодисонд хордож, нас барсан гэх дүгнэлт гараад байгаа тухай эх сурвалж мэдээлэв.
УРЬДЧИЛСАН ОНОШ: БЕНЗИН АГААРТ ИСЭЛДСЭНИЙ УЛМААС ХОРДСОН
Ажилчид чухам ямар бодисонд хордсон, юу нөлөөлсөн талаарх мэдээллийг тодруулахаар Хордлогын үндэсний төвийн их эмч Д.Нарангэрэлтэй уулзлаа.
-“Гоёо” компанийн үйлдвэрийн байранд угаартсан иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эхний хоёр хүн маш гүн хордлоготой байсан. Харамсалтай нь, нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй түргэний машинд нас барсан. Нөгөө хүний биеийн байдал эмнэлэгт ирэхдээ маш байсан. Хэрэг гарсны маргааш /2018.10.13/ үйлдвэрийн байранд буюу гүн хордсон хүмүүсийн ажил явуулж байснаас өөр өрөөнд ажиллаж байсан 14 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Тэдний хоёроос нь хордлогын шинж тэмдэг илэрсэн тул хордлогын төвд тусгаарлан эмчилсэн. Ингээд нийтдээ дөрвөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хөнгөн зэрэгтэй хоёр өвчтөн даваа гаригт /2018.10.15/ эмнэлгээс гарсан. Одоо хоёр иргэнийг үргэлжлүүлэн эмчилж байна. Эдгээр иргэдийн амин үзүүлэлтүүд дээшилсэн. Хордлогын нөхцөл амь насанд аюулгүй болсон.
-Чухам юунаас болж хордсон тухай шинжилгээний хариу гарсан уу?
-Урьдчилсан байдлаар бензиний хордлого гэсэн онош тавин, эмчилгээ хийж байгаа. Тухайн үед шал өрөмдөж байсан жижиг машин нь бензинээр ажилладаг байсан юм билээ. Хэдийгээр маш бага хэмжээний бензин хэрэглэдэг боловч агаарт исэлдсэний улмаас эрүүл мэндэд нөлөөлөх нөхцөл үүссэн байх магадлалтай. Өвчтөнүүдэд илэрч байгаа клиник шинж тэмдгээс үзэхэд маш богино хугацаанд хордлогод орсон байсан. Өвчтөнүүдийн нарийн шинжилгээний дүн гарахад шалтгаан нөхцөл нь тодорхой болно.
-Хордлогын үндэсний төвд химийн бодисонд хордсон өвчтөнүүд хэр их ирдэг вэ. Иймэрхүү адил тохиолдол олон гардаг уу?
-Он гарснаас хойш химийн бодисонд хордсон шалтгаанаар есөн хүн манай эмнэлэгт ирсэн. Энэ есөн тохиолдлын гурав нь химийн бодисыг архи согтууруулах ундаа гэж андуурч уусны улмаас хордсон байдаг. Харин угаарийн хийн хордлогын тухайд энэ онд 16 тохиолдол бүртгэгдсэн. Ихэнхи тохиолдолд ахуйн нөхцөлд буюу автомашинаа халааж байгаад угаартсан тохиолдлууд байдаг.
"ГОЁО" КОМПАНИ: ГҮЙЦЭТГЭГЧ ТАЛААС ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ ЁСТОЙ
Хэдийгээр хордсон иргэдийн амь нас аюулгүй болсон гэх боловч нэг хүний алтан амь эрсдэж, дөрвөн хүн хордсон гэх энэ хэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны шаардлагатай салшгүй холбоотой юм. Тиймээс хэрэг гарсан "Гоёо" компанийн ээрмэлийн цехийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах хүсэлтийг “Гоёо” компанийн холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн боловч хэргийн газрыг цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн байгаа тул нэвтрүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.
Харин тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн хэрхэн ханган ажиллаж байсан тухай тодруулахад “Нас барсан иргэн манай байгууллагын ажилтан биш, туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байсан. Бид гэрээ байгуулан ажиллаж байсан тул тухайн ажил гүйцэтгэж байгаа компанийн ажилчид өөрсдөө багаж, тоног төхөөрөмжөө бэлтгэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлөө хангах ёстой байдаг. Шаардлагатай тохиолдолд биднээс хэрэгтэй зарим зүйлсийг шаардах эрхтэй. Тухайн өдөр ажил гүйцэтгэж байгаа ажилчид биднээс тусгаарлах хана хийж өгөхийг хүссэний дагуу бусад ажилчдаас ханаар тусгаарлаж өгсөн. Эндсэн хүний тухайд "Гоёо" үйлдвэрийн байранд байхдаа нас бараагүй. Ажлаа хийж дуусгаад гарч явсных нь дараа ийм харамсалтай зүйл болсон. Манай үйлдвэрийн ажилчдын дунд хордсон хүн байхгүй” гэх мэдээллийг өгсөн юм.
Гэхдээ “Гоёо” компанийн ажлын байр, орчин нөхцлийн талаар тус компанид ажилладаг, нэрээ нууцалсан эх сурвалжийн ярьснаар бол компанийн ажилчид 24/48 цагийн ээлжээр ажилладаг. Ээрмэлийн цехэд гэхэд нэг ээлжиндээ 20-40 хүн зэрэг ажилладаг байна. Ажлын орчин нөхцлийн хувьд цэвэр тохилог хэдий ч агааржуулалт муутай гэнэ. Ажлын байрны орчинд ойролцоогоор 20-30 хэмийн халуун байдаг гэдгийг ажилчид хэлж байв. Түүнчлэн ажлын байранд агааржуулагч байршуулсан байдаг ч тогтмол ажиллуулдаггүй гэдэг мэдээллийг бидэнд өгсөн юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар Хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Гэвч дээрх хууль бодит байдал дээр бүрэн хэрэгждэггүйг удаа дараа гарч буй энэ мэт үйлдвэрлэлийн ослуудаас харж болохоор байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com
Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com
tavanbogdiin avgai nohor 2ch zerleg capitalimsiin uyeiin capitalist mayagiin hms dee, ajilchiddaa anhaaral tavih heregtei
Манай байгууллагын ажилтан биш гээд л арьсаа хамгаалах юм. Биш болохоор л үхсэн ч хамаагүй юм гэнэ.
Гоёо компанийн барилгын агааржуулалт муу байсан байна