Анх иргэний мэдээллийн дагуу "Ханару март"-ыг шалгаж эхэлжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, “Голомт” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Ханару март” сүлжээ дэлгүүрт муудсан, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг БНСУ-аас оруулж ирэн, худалдаалж байсныг шалгажээ. Тус газраас өмнө нь төлөвлөгөөт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй гэнэ. Храин 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр тус дэлгүүртэй холбоотой мэдээллийг иргэд ирүүлжээ. Төлөвлөгөөт шалгалт хийхдээ танай байгууллагыг шалгана гэдгийг урьдчилж мэдэгдэх хуультай гэнэ. Тиймээс тус байгууллагыг шалгахад ямар нэгэн зөрчил илрэх магадлал буурах талтай. Мэргэжлийн хяналтын байцаагчдыг очиход “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагынхан мөн тус дэлгүүр дээр ирсэн байжээ. Энэ талаар өнөөдөр /2018.10.17/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийж, зөрчлийн талаар танилцууллаа.
БНСУ-аас дөрвөн удаа бүтээгдэхүүн оруулж иржээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус дэлгүүрт худалдаалж байсан 40 нэр төрлийн 11 сая 642 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн байна. Тус дэлгүүр 2018 онд дөрвөн удаа БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирснийг мөн тогтоосон байна. Тодруулбал,
2018 оны нэгдүгээр сарын 12-нд 24 нэр төрлийн 20.3 тонн
2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд 27 нэр төрлийн 19.9 тонн
2018 оны зургадугаар сарын 18-нд 31 нэр төрлийн 21.3 тонн
2018 оны есдүгээр сарын 7-нд 24 нэр төрлийн 19.7 тонн хүнсний бүтээгдэхүүн оруулсан нь гаалийн байгууллагад бүртгэгджээ.
Ингэхээр 106 төрлийн 81.2 тонн хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хилээр нэвтрүүлсэн байна. Харин муудсан, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хаагуур, хэрхэн оруулсныг тогтоолгохоор холбогдох албаныхан цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. Хил, гаалийн байгууллагаар оруулсан бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэлгүй бүтээгдэхүүн нилээд байгааг Мэргэжлийн хяналтынхан онцолсон.
“Ханару март”-ын агуулахыг битүүмжилжээ
Тус дэлгүүрийн агуулах нийслэлийн Баянгол дүүрэгт байрладаг аж. Шалгалт явуулахад агуулах нь стандартын шаардлага хангаагүй нөхцөлтэй байжээ. Хулгана, мэрэгчийн бааснаас эхлээд орчны бохирдолтой нөхцөлд хугацаа нь дуусч, муудсан хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан учраас агуулахыг битүүмжилсэн байна.
“Ханару март” сүлжээ дэлгүүр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс 14 байгууллагад түгээлт хийсэн гэж мэдэгдээд байгаа.
Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ханару март” сүлжээ дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдаж авсан бол мэргэжлийн байгууллагад хандах, мэдээлэл өгөхийг иргэд, байгууллагуудаас хүслээ.
Цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллагад хуулиар зөрчилтэй байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох эрх байдаг тул одоогоор тус дэлгүүрийн үйл ажиллагааг явуулахыг зогсоогоод байгаа ажээ.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 0 )