Манай сайтын Хууль эрхзүйн мэдээллийн албанаас хар тамхи мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх зорилгоор цуврал мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа билээ.
Хар тамхи хэрэглэгчдийн дунд явуулсан олон улсын тандалт судалгаагаар нэг хэрэглэгчийн ард тус бүр дөрвөн хэрэглэгч байдаг гэх тоо баримт байдаг. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хар тамхитай тэмцэх алба 2010 онд Монгол Улсыг хар тамхи, мансууруулагч бодис тээвэрлэгч орон гэж үзэж байсан бол дөрвөн жилийн дараа хэрэглэгч орон гэж үзэх болсон. Ингэхдээ химийн аргаар гаргаж авсан сэргээшийн төрлийн синтетик бодисын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгааг мөн тодотгосон байдаг.
Өнөөдрийн байдлаар манай улсад арваад нэр төрлийн хар тамхи, мансууруулах төрлийн бодис бүртгэлтэй байдаг. Эдгээрээс мөс гэх нэршилтэй бодис нь донтуулах чанараараа хамгийн өндөрт тооцогдох бөгөөд нэг удаагийн хэрэглээгээр ч амь насаа алдаж болдог байна. Түүнчлэн хар тамхины хараат болсон хүмүүст урт наслах боломж байдаггүй ба эцсийн дүндээ амь насаа алдаж дуусдаг гэдгийг албаныхан мэдээлж байна.
Хар тамхинаас үүдэж амиа алдсан гэх нэгэн хэргийн тухай энд дурьдвал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах бодис хэрэглэсэн этгээд өндрөөс унаж, амь насаа алдсан хэрэг гарч байв. Хэргийг тодруулбал, 21 настай А гэгч тус дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна талбайгаас өндрөөс унаж нас барсан байдалтай олдсон байдаг.
Хэргийн газарт ойр байсан гэрчүүдийн ярьснаар, талийгаач тус байрны долоон давхарт оршин суудаг бөгөөд гэрийнхээ цонхоор унаж, газар дээрээ нас баржээ. Талийгаач нь өмнө нь хар тамхи, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд байсан ажээ.
Ийнхүү хар тамхи хэрэглэсэн үедээ өөрийн болон бусдын амь насыг хохироох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсноос гадна хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүд замын хөдөлгөөнд оролцож осол гаргах болсон тухай мэдээлэл байна.
Замын цагдаагийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, сэжиг бүхий автомашинуудыг зогсооход жолоо барьж буй этгээд нь илт мансуурсан байдалтай харагдах боловч согтолтын зэрэг тогтоох төхөөрөмжинд эрүүл гэж гарч ирдэг тухай бидэнд мэдээлсэн юм. Хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэсэн үед тухайн хүний сэтгэлзүйн байдал хэвийн бус байх хэдий ч архи согтууруулах ундаа шиг тухайн хүнийг хэрэглэсэн гэдгийг шууд мэдэх, тогтоох боломжгүй байдаг байна.
Иймээс цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үеэр гарцаагүй баригдсан сэжигтэн этгээдүүдээс биологийн сорьц аван хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоодог байсан юм.
Харин сүүлийн үед цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэх ажилд шинэ төрлийн тоног төхөөрөмж ашиглаж эхэлсэн байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан болон зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
Эхний ээлжинд Цагдаагийн ерөнхий газрын Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн “Target ID”, “Sabre 5000” тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа бол Замын цагдаагийн албаны алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны шүлсний тестийг ашиглаж байгаа юм. Тестийн тусламжтайгаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шүлсээр газар дээр нь илрүүлж эхэлжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )